Тариаланчид талбайгаа даатгуулдаг болно

2016 оны 3 сарын 10

Тариаланчдын хувьд ургацаа үер бороо, ган гачигт алдах нь элбэг. Өнгөрсөн зун гэхэд Монгол Улс нийт ургацынхаа 60 хувийг ган, гачигт алдсан. Тиймээс улаан буудай тариалдаг иргэн, аж ахуй нэгж энэ хавраас тариалангийн талбайгаа даатгуулдаг болж байна. Ингэснээр тариаланчид хохирлоо даатгалынхнаас гаргуулах боломж бүрдэж байга аюм. Газар тариалан бол эрсдэлтэй бизнес. Энэ утгаараа бизнесээ эрсдлээс хамгаалахын тулд талбайгаа даатгуулах нь хамгийн зөв шийдэл. Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компани тариалан эрхлэгчдийг байгаль, цаг уурын болон бусад урьдчилан сэргийлэх боломжгүй нэр бүхий эрсдэлээс шалтгаалан ургац алдах, түүнээс үүсэх эдийн засгийн хохирлоос хамгаалахаар ийнхүү газар тариалангийн даатгалыг хэрэгжүүлэхээр тооцжээ. Тухайн компанийн тооцооллоор даатгуулагч, даатгагч харилцан тохиролцож үнээ гаргах бөгөөд ойролцоогоор нэг тонн улаан буудайг 550 мянган төгрөгөөр даатгана гэж үзсэн байна. Даатгалын хураамж нь тухайн аймаг, сумдын эрсдэлийн түвшнээс шалтгаалан 4-12 хувийн хооронд байх гэнэ. Мөн тухайн даатгуулагчийн сүүлийн таван жилийн дундаж ургацын хэмжээг тооцоолон даатгах аж. Даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагч тариаланчийн дундаж ургац алдалтыг харгалзан бодож нөхөн олгох юм байна.

Тариалангийн талбай гэнэтийн ган, мөндөр, цочир хүйтрэлт, гал, хүчтэй салхи, шороон шуурга, үргэлжилсэн бороо болог үерт автсан, мөн  мал идэх, талхлах, хорхой шавжид идэгдсэн тохиолдол бүрт даатгалын компани нөхөн төлбөр олгоно гэж төслийнхөн багийнхан тооцжээ. Харин Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл дээрх эрсдэлийг бүгдийг нь нарийвчлан тусгаж, даатгагч, даатгуулагч хоёр харилцан хүлээх үүргээ маш сайн тохиролцох хэрэгтэйг зөвлөв.  Мөн даатгалын үнэлгээ нутаг дэвсгэрээс нь хамаараад харилцан адилгүй байна. Иймээс үнэлгээг тогтоохдоо зах зээлийн бодит статистик тоо, баримтыг харгалзан үзэх шаардлагатайг анхаарууллаа. Газар тариаланг даатгалтай болгоё гэж талууд өмнө нь ярихдаа даатгалыг төр хариуцна гэж тооцсон бол эдийн засаг уналттай энэ үед төр даатгалд оролцох нь зохимжгүй, боломжгүй гэж салбар яам нь мэдээлж байна.

Тариалангийн талбайн даатгалыг эхний ээлжид газар тариалангийн нийт бүтээгдэхүүний 80 хувийг дангаар эзэлдэг улаан буудайг туршиж хийх юм байна. Ингэхдээ тариалангийн төв хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Хүдэр зэрэг сумдад байрлах улаан буудайн талбайд туршилтын даатгалыг ирэх тавдугаар сараас эхлэн хийхээр болжээ. Эргээд тариаланчид эрсдэлд унавал даатгалаасаа нөхөн төлбөр авч хохирохгүй гэж хөдөө аж ахуйн даатгалыг санаачлагчид үзсэн байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна