Хөрөнгө оруулагчдаа дэмжиж байгаа

2016 оны 3 сарын 10

Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатартай ярилцав.


-Долларын ханш он гарсара зогсолтгүй өсч байна. Үүний нэг шалтгаан нь гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан явдал. Ингэхэд энэ онд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага байна уу. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлчихвэл гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт байна?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ бууралттай хэвээр байна. 2015 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр 200 орчим сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн мэдээг Монгол банк гаргасан. Бидний тооцоогоор гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол руу чиглэсэн урсгал 500 орчим сая ам.доллар байсан. Монголоос гадагш хийсэн эсхүл гарсан хөрөнгө оруулалтын дүнг хасахаар энэ хэмжээнд очиж байгаа. Түүнчлэн, шууд бус, багцын хөрөнгө оруулалтын хэмжээ 300 орчим сая ам.доллар гарсан. Хөрөнгө оруулалтын хэлбэр, төрөл нэмэгдэж байгаа нь сайшаалтай боловч нийт дүнгээрээ эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хэмжээнд хүрч чадсангүй.

Бид нэг салбараас буюу уул уурхайгаас хэт хамааралтай байгаагийн илрэл нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын огцом өсөлт болон бууралт юм. Дээр нь хууль эрх зүйн орчны чадавхийн асуудал байгаа юм. Сайн, муу хууль гэхээсээ илүү тухайн хууль эрх зүйн орчин амьдрал нийцэж байгаа эсэх нь чухал. Саяхан Харвардын их сургууль дээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бодлогын талаар эрдэмтэн, судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Судалгаанаас харахад уул уурхайд түшиглэсэн орнуудын эдийн засгийн нөхцөл, байдал, учирч буй хүндрэл ихээхэн адилхан байдаг нь харагдаж байна. Бусад орнуудын туршлагыг харахад энэ байдлаас гарах цөөхөн гарц байдаг юм билээ.

-Тэгвэл баялаг дагасан хямралаас гарах ямар гарц байна. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бэ?

-Дэлхийн зах зээл дээрх гол гол түүхий эдийн үнэ буурах, улмаар Монгол руу их хэмжээгээр гэнэт чиглэсэн эрдэс баялгийн хөрөнгө оруулалт татрах тухай судалгаа, таамаглал байсан уу гэвэл байсан. Үүнээс сэргийлэхийн тулд хууль эрх зүйн орчноо илүү сайжруулах, хөрөнгийн шинэ өөр эх үүсвэр бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр төр, засгаас арга хэмжээ авч эхэлсэн. Монголын Засгийн газар юу ч хийгээгүй сууж байгаад хямралтай нүүр тулчихсан юм биш л дээ.  Хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон ажил хийгдсэн. Гагцхүү ямар үр дүнтэй хэрэгжиж байгаа, ямар бэрхшээл тулгарч байгааг харин хэлэлцэх ёстой байх.

-Хөрөнгө оруулалтын хуулийг батлаад хоёр жил өнгөрч байна. Гэтэл үр дүн нь эдийн засагт төдийлөн харагдахгүй байна шүү дээ. Хөрөнгө оруулагчид Монголоос улам л дүрвэсээр байгаа?

-Энэ хууль эдийн засгийн агуулга талаасаа хэд хэдэн ач холбогдолтой болсон. Тухайлбал, зах зээлийг илүү нээлттэй байдлаар зохицуулсан. Монголын зах зээлд хөрөнгө оруулагчид нэвтрэхэд саад тотгор бага, шат, дамжлага цөөн, зохицуулалт тодорхой гэсэн үг. Жишээ нь өмнө гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад 2 газраас зөвшөөрөл авч 60 хоног зарцуулдаг байсан бол өнөөдөр дунджаар ажлын 5-10 хоногт компани шинээр байгуулж байна. Дээр нь анх удаа хөрөнгө оруулагчдыг дэмжих механизм зах зээлд нэвтэрсэн явдал юм. Татварын болон татварын бус хэлбэрээр хөрөнгө оруулагчдыг дэмжиж байгаа.  Тухайлбал, татвар тогтворжуулах гэрчилгээг төсөл үнэлдэг мэргэжлийн зөвлөл олгож эхэлсэн. Одоогоор нийт 3 их наяд гаруй төгрөгийн 8 төсөлд олгоод явж байна. Энэ дэмжлэгийн механизм нь цаад утгаараа эдийн засгийн төрөлжилтийг хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой.

-Хууль эрх зүйн тогтвортой бус байдлаас болж хөрөнгө оруулагчид дүрвэх болсон шүү дээ. Хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд юу хэрэгтэй гэж?

-Эрх зүйн шинэтгэлийн ажил байнгын үргэлжлэх ёстой болов уу. Ялангуяа, худалдаа, хөрөнгө оруулалтын шийдвэр, механизм том зорилтынхоо дотор олон уян хатан зохицуулалт, системтэй байх ёстой. Тэгж байж л энэ хүчтэй өрсөлдөөн, зах зээлийн хувьсамтгай нөхцөлд бид оновчтой шийдвэр, зөв цагт нь гаргана. Манай газар Концессын тухай хуулийг хэрэгжүүлж ажилладаг. Өнгөрсөн  онд нийт зургаан орчим их наяд төгрөгийн 15 концессын гэрээг байгуулсан. Ихэнх нь дэд бүтцийн төслүүд байгаа. Эдгээр төсөл нь гол төлөв зам, гүүр, сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж байгаа. Одоогоор 30 гаруй төслийн хэлэлцээг хийх, уралдаант шалгаруулалтыг зарлахаар ажиллаж байна.

Мөн олон улсын практикт нийцсэн, өнөөгийн хуулиар тодорхойгүй зарим харилцааг тодорхой болгосон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулаад дуусссан.

-Хуулийн гол зорилго нь юу юм бэ?

-Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг нь нэг үгээр хэлбэл, эрсдлээ хуваана гэсэн үг. Өнөөгийн байдлаар энэ зарчим алдагдсан байдалтай байгаа учраас хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийх, эсхүл хөрөнгө босгох боломжгүй байна. Яагаад гэвэл төрөөс санал болгож байгаа төслүүд бизнес, эдийн засгийн тооцоо муутай, хөрөнгө оруулагчийн сонирхол татахуйц байж чаддаггүй. Нэгэнт төрөөс тэргүүн ээлжинд явуулья гэж байгаа төслүүд дээрээ баталгаа гаргах асуудлыг шийдвэрлэхгүй бол хөрөнгө татах боломж хомс байгаа. Концесс авах, хөрөнгө оруулах чадвартай аж ахуйн нэгж тийм амар олддог, бэлэн байдаг зүйл биш. Зүгээр сонирхол илэрхийлж байгаа нөхдүүд бол олон л байгаа.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна