Сахлаа хусуулахыг эсэргүүцэж шүүхэд очив

2016 оны 3 сарын 10

Японы Осако хотын метроны хоёр жолооч сахлаа хусахаас татгалзсаны төлөө бонусыг нь хассан гэж удирдлагаа шүүхэд өгчээ.

“Сахал ургуулах бол хувцас өмсөж, үсээ засуулахтай адил хүний эрхийн асуудал. Хотын соёлын стандарт гэдэг зүйл хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна” гэж тэд шүүхэд өгсөн гомдолдоо бичжээ.

Осако хотын Нийтийн тээврийн товчооны хоёр ажилтан бонусыг нь хасч, сэтгэл санааны хохирол учруулсны нөхөн төлбөрт 2.2 сая иен нэхэмжилсэн байна.

Осако хотын метроны хоёр ажилтан арав гаруй жил сахлаа ургуулж байгаа ажээ. Харин тус хотын Нийтийн тээврийн товчоо эрэгтэй ажилтнуудыг сахал ургуулахыг хориглосон соёлын стандарт гэгч журмыг 2012 онд нэвтрүүлсэн байна. Журмыг тухайн үед Осако хотын дарга байсан Тору Хашимото гэгч гаргасан байжээ.

Хоёр ажилтны нэг нь “Зорчигчид миний сахалтай холбоотой нэг ч гомдол гаргаж байгаагүй” гэсэн бол нөгөө нь “Намайг сахалтай болохоор соёлгүй гэж хэлж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Осако хотын одоогийн дарга соёлын стандарт гэгч журмын талаар “Энэ журам бол зорчигчдын ая тухтай байдлыг хангах зорилготой. Өөр зүйлгүй” гэсэн байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна