"Хан ресурс"-ын болзол буюу өдрийн нэг сая доллар

2016 оны 3 сарын 10

Шинэ он гарсаар Монгол Улс хоёр ч томоохон өрийн асуудлаа шийдэж чадлаа. Эхнийх нь ОХУ-д төлөх “Их өр”-ийн үлдэгдлийн 97.5 хувийг нь тэглэж, 3.8 сая ам.доллар төлсөн бол энэ удаад Канадын “Хан ресурс”-тай хийж байсан маргаандаа цэг хатгалаа. Юу гэвэл, АНУ болон Канад улсад ажлын айлчлал хийж буй Сангийн сайд Б.Болороор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг “Хан ресурс” компанитай хэлэлцээний ширээний ард суужээ. Гуравдугаар сарын 6-нд болсон энэхүү уулзалтаар тохирсон асуудал нь арбитрын шийдвэрийн дагуу “Хан ресурс” компанид төлөхөөр болоод байсан өрийг барагдуулах тухай байсан аж. 

Дорнодын ураны ордыг эзэмшиж байсан “Хан ресурс” компанийн лицензийг цуцалснаас үүдэлтэй маргаан 2009 оноос хойш явсаар Монгол Улс 106 сая ам.долларын нөхөн төлбөрт унаад байсан юм. Нэгэнт олон улсын арбитрын шүүх шийдвэрлэчихсэн, Монголын тал ялагдчихсан учраас энэ мөнгийг төлөх нь тодорхой байсан гэж “Хан ресурс”-ынхан үздэг, бүр Канадын Засгийн газарт хандаж “Монгол Улс өрөө төлөхгүй байгаа учраас тэдэнд үзүүлдэг тусламжаа зогсоо” гэж уриалж байсан юм. 

Харин хоёр талын хэлэлцээний үр дүнд 106 сая ам.доллараас 46 саяыг нь хүчингүй болгож, үлдсэн 70 саяыг нь манай тал төлөхөөр болсон байна. Энэ тухай Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцуулахдаа “Монгол Улсын Засгийн газар болон “Хан ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэлээ. 2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин таван удаагийн хэлэлцээ хийж байсан тус маргааны улмаас өдөрт 7000 ам долларын хүү төлж, жилийн хугацаанд 106 сая ам.доллар болоод байсан төлбөрийг Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээний үр дүнд  70 сая болгон бууруулж чадлаа. Энэ мөнгө төлөгдөж дууссанаар хоёр талын маргаан эцэслэн шийдвэрлэгдэнэ” гэсэн байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд төлбөрийн асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, хоёр тал маргаанаа татан аваад төлбөрийн эцсийн дүн дээрээ тохирч чадсанд ажлын хэсэгт орж ажилласан Төрийн нарийн бичгийн дарга нарт талархал илэрхийлжээ. Мөн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байсан Монгол Улсын төлөх ёстой 106 сая ам.долларыг хоёр талын хэлэлцээрээр 70 сая болгон бууруулсан Засгийн газрын ажлын хэсгийг Ерөнхий сайдын баталсан удирдамжийг хангалттай биелүүлсэн гэж дүгнэсэн байна. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө сөргөөр харуулж ирсэн энэ асуудал эерэгээр шийдэгдэж  байгаа нь ойрын үед олон улсын санхүүгийн зах зээл дээр хийх идэвхтэй үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөх ач холбогдолтой гэж Ерөнхий сайд үзсэн тухай хэвлэлийн алба нь мэдээллээ.

Гэхдээ энэ бол Монгол Улсын Засгийн газар, Канадын “Хан ресурс” компанийн хороондох маргаан бүрмөсөн дууссан гэсэн үг биш юм. Эх сурвалжийн хэлснээр манай тал “Хан ресурс”-тай тохирсон нөхөн төлбөр болох 70 сая ам.долларыг ирэх тавдугаар сарын 15-наас өмнө төлж барагдуулах үүрэг хүлээсэн аж. Нэг ёсондоо гуравдугаар сарын 6-ний хэлэлцээрээс хойш яг 70 хоногийн дотор 70 сая ам.долларыг төлж барагдуулахаар талууд тохирчээ. 

Эдийн засаг хүндэрчихсэн, төсвийн орлого тасарч байгаа энэ үед 70 хоногт 70 сая ам.доллар гэдэг бол Засгийн газрын хувьд хүндхэн даваа болох нь тодорхой. Өдрийн нэг сая ам.долларыг 70 хоногт төлөх болзол тулгасан “Хан ресурс”-ын шаардлагыг биелүүлэхгүй бол маргаан дахиад л эхэлнэ. Тиймээс энэ талаар Сангийн яамны эх сурвалжаас “Төсөвт энэ мөнгийг төлөх хөрөнгө суусан уу. 

Тодотголоор шийдэх үү, эсвэл Засгийн газрын нөөц хөрөнгөөс төлбөрийг барагдуулах уу” хэмээн тодруулахад “Улсын төсөвт “Хан ресурс”-т нөхөн төлбөр олгоход зориулж суулгасан мөнгө бол байхгүй. Гэхдээ Сангийн яам төсвөөс дайчлахаар судалгаанууд хийж байна” гэж хариулсан юм. Түүнчлэн улсын төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх арга замыг олно гэдгийг ч албаны эх сурвалж хэллээ.
Энэ тохиолдолд улсын төсвийн “хаа нэгтэйгээс” 70 сая ам.доллар буюу 142,800,000,000 төгрөг дайчлах болж таарлаа. 

Г.АНАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна