Дуурьсахуйн гүн ухаантан

2016 оны 3 сарын 10

Тал нутгийн сэрүүн шөнө тэргэл саран дор хүлэг морин үүрсч, тэмээ буйлж, үхэр шар мөөрөлдөнө. Нүүдэлчдийн цуурын аялгуу гуниг, уйтгар, гансрал, цөхрөл бүхнийг элэг, зүрхнээ юүлэх мэт болох ажгуу. Нанхиад газраас хүннүчүүдэд богтлогдон ирсэн гүнжид цуурын гунигт аялгуу л хань болж, сэтгэлийг нь тайтгаруулна... Манай эриний өмнөх 100-гаад оны үе. Хүчирхэгжин мандсан хүннүчүүд өмнө зүг дайлаар мордон ялалт байгуулаад умардын тал нутаг руугаа эгэв. Ингэхдээ Цай Вэн Жи хэмээх алдартай шүлэгч эмэгтэйг богтлон авчирч зүүн гарын хаандаа гэргий болгон өгчээ. Тэрхүү нанхиад хатан “Цуур хөгжмийг хүннүчүүд орой бүхэн тоглодог. Энэ цуурын эгшгийг л сонсч байсандаа хүннүчүүд дунд 12 жил гунихрал гутралыг даван тууллаа” хэмээн бичиж үлдээжээ. Цай Вэн Жи хатан нанхиад газраа эргэн очоод “Нүүдэлчдийн цуурын 18 аялгуу” хэмээх бүлэг шүлэг тэрлэсэн нь ихэд алдаршчээ. 

Энэ түүхийг яруу тунгалаг хөгжмийн хэлээр өгүүлэх “Гүн гэрийн гүнж” дуурь өнгөрсөн амралтын өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх удаа амиллаа. Энэ бол төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн сүүлчийн бүтээлүүдийн нэг. Сэрүүн тунгалагтаа хөгжмийн зохиолч энэ дууриа бүтнээр нь тайзнаа амьдруулж хараахан амжаагүй билээ. Хоёр мянганы тэртээх нүүдэлчдийн омог бахархал, баяр жаргал, уйтгар гуниг бүхнийг дуурьсахуйн хэлээр төгс хүүрнэсэн энэ бүтээл зүрх, тархинд хоногших далд нэгэн увдистай ажээ.  Тиймээс төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав “Маш сайхан хөгжимтэй дуурь болжээ. Дууриас мэдэрч болох бүхнийг мэдэрч баяслаа. Манай Нацагаа амьд сэрүүндээ магтаал бага сонссон хүн дээ. Өнөөдөр бол түүнийг магтах багадахаар байна” гэж хэлсэн бизээ. Мөн итали маэстро Роберто энэхүү дуурийг Монголын дуурийн театрын тайзнаа байнга тоглогдож байх бүтээл болжээ хэмээн үнэлсэн. 

Дэлхийн аливаа үндэстэн, ястан ямар ч орчуулгагүйгээр ойлголцдог хэл бол хөгжим. Сэтгэл зүрхний энэ гайхамшигт хэлийг төгс эзэмшиж, түүгээр дамжуулан орчлонгийн утга учир, амьдралын жаргал, зовлонг зүрх сэтгэлд хоногштол дуулна гэдэг хосгүй авьяастны шинж. Хүн төрөлхтний зовлонгоор зовж, жаргалаар жаргаж, яруу тунгалаг хөгжмийн хэлээр дэлхийтэй “ярьж”, аялгуун бодлоор хөглөгдөж явсан эрхэм хүмүүн бол Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж билээ. Тиймээс ч тэрээр “Миний хувьд дайн ба энхийн асуудал бол зөвхөн монгол хүний сэтгэлийг зовоосон асуудал биш өнөөгийн бүх хүн төрөлхтөний амин чухал асуудал юм. Тийм болохоор бүх хүнд ойлгомжтой хэлбэрээр, дэлхийн бүх ард түмэнд нийтлэг хэл байдаг бол түүгээр ярих сан гэж боддог. Тийм хэл байдаг бол миний санаа амрахсан. Тэр хэлийг зөвхөн хөгжимд байна гэж би итгэдэг” хэмээн нэгэнтээ өгүүлжээ. 

Дайн ба энх, мөнх ба мөнх бус, жаргал хийгээд зовлон бол хүн төрөлхтөний мөнхийн сэдэв. Мөнхийн сэдвээр даацтай бүтээлүүд туурвиж, дэлхийн хүн болохоо харуулж чадсан энэ эрхэм дуурь, симфони зэрэг барагтай хүн оролдоод байдаггүй том төрөл жанрыг дагнан, энэ чиглэлдээ гүн орж туурвисан нэгэн. Тиймээс төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав “Ц.Нацагдорж бол Монголын хөгжмийн урлаг дахь хүнд төрлийн томоохон бүтээлүүдийг бүгдийг нь бичсэн” хэмээжээ. Үнэхээр Ц.Нацагдорж “Үүлэн заяа”, “Өгөөдэй хаан”, “Гэсэр хаан”, “Гүн гэрийн гүнж” зэрэг дөрвөн дуурь, мөн таван симфони бичсэн юм. “Хөдөөгийн сайхан” симфони чуулбар, дөрөвдүгээр симфони болон “Үүлэн заяа” дууриараа 1993 онд төрийн шагнал хүртсэн билээ.

Тэрээр Монголын хөгжмийн урлагт шинэчлэл хийсэн юм. Энэ тухай нь төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Ц.Нацагдорж биднээс юугаараа ялгагдаж байсан бэ гэвэл хөгжмийн хэлбэрийг төгс рүү дөхүүлсэн. Биднээс түрүүлж түүнд дөхсөн. Түүний хөгжмийн хэлбэр нь үнэхээр хөгжмийн зохиол ийм байдаг юм байна гэдгийг харуулсан. Ц.Нацагдорж үүгээрээ ялгарч, биднийг ухаанаараа, боловсролоороо урагш чирч явсан хөгжмийн зохиолч” хэмээн үнэлсэн байдаг. 

Нэгэн цаг үед мөр зэрэгцэн  туурвиж явсан, өнөөгийн Монголын хөгжмийн ертөнцийн оргил болсон авьяас билигтнүүдийн тодорхойлолт Ц.Нацагдорж гэж ямар хөгжмийн зохиолч вэ гэдгийг хэлээд өгнө. Энд бас нэгэн  уран бүтээлчийн тодорхойлолтыг эш татъя. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх “Ц.Нацагдорж залуу байхын их хэрсүү, сүрхий байргашуу, ухаан суусан тийм хүн. Энэ характер нь түүний уран бүтээлд туссан байдаг. Дээр нь өөрөө маш их юм уншиж боловсорсон хүн. Тиймээс хөгжмийн бүтээлүүд нь гүн ухаан, философи талдаа шүү. Аливаа юмыг их гүн мэдэрдэг” хэмээжээ.  

Дуунаас эхлээд дуурь, симфони, балет гээд өргөн цар хүрээтэй бүтээл туурвиж, туурвил бүрээрээ нээлт, шинэчлэл хийсэн энэ эрхэм уран бүтээлч яах аргагүй дуурьсахуйн гүн ухаантан байжээ. Яагаад гэвэл үзэгчид түүний бүтээлүүдийг зүрх, тархи хоёроороо сонсдог.  

Г.СОНИНБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна