Хөгжлийн талаар эдийн засагчид, улстөрчид чуулав

2016 оны 3 сарын 10

“Монголын эдийн засаг, ололт, сорилт, боломж” сэдэвт хөгжлийн чуулган өнөөдөр Блю скай зочид буудлын Даймонд хурлын танхимд болж байна. Уг чуулганаар эдийн засгийн чухал сэдвүүдийг хөндөн ярилцаж байгаа юм. Чуулганыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нээж “Эдийн засаг гэхээр үндсэндээ инфляц, дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт хэдэн зүйлийн араас хөөцөлдөөд яваад байдаг. Гэтэл эдийн засгаа хөгжүүлэхийн тулд түүний суурь гурван хэсгийн нэг болох эдийн засгийн дэд бүтцийн асуудал манайд дээд зэргээр орхигдсон байна. Даатгалын салбар, хөрөнгийн биржийн асуудал, санхүүгийн тогтолцоо бол үндсэндээ орхигдож хаягджээ. Эдийн засгийн хувьд зөвхөн банк шүтсэн тогтолцоотой явсаар ирсэн. Тэгэхээр одоо үүнийг өөрчилж, эдийн засагтаа хувьсгал хийх цаг болсон” гэдгийг сануулсан юм. Тэрбээр Шинэчлэлийн засгийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа импортыг орлох экспортыг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгаа сонгоруулах асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж, төсөл хөтөлбөр ч боловсруулж байсан билээ.

Чуулганыг “Хөгжил ардчилал” ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Үндэсний аж үйлдвэрийн сэргэлт”, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган “Уул уурхайн салбар дахь сорилт, боломж”,  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Дундаж давхарга ба эдийн засгийн тогтвортой өсөлт”, Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Эдийн засгийн реформ”  зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна