“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 25 жилийн ойд

2016 оны 3 сарын 10

“Төрийн мэдээлэл” сэтгүүл гаргах тухай БНМАУ-ын Бага Хурлын даргын захирамж гарч улмаар сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдсэнээс хойш эдүгээ 25 жил болж байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, Ардын багш Бяраагийн Чимид гуай агсаны “Хууль тогтоомжийг системчлэхэд Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэлийн онол, практикийн ач холбогдол” сэдвээр тавьсан илтгэлийг товчлон толилуулж байна. Ийнхүү илтгэлээ тэрээр 2010 онд олны хүртээл болгож байжээ.

Нэг. Хууль тогтоомжийн системчлэлийн агуулга

1.1. Хууль тогтоомжийг “тогтолцоожуулах” /”системчлэх”/ гэдэг онц сонирхолтой сэдэв. Практикийн хувьд тасалдашгүй, дуусашгүй үргэлжлэх, төр улсын чухал мэргэшлийн ажил, угтаа бол зарим талаараа хууль тогтоох үйл ажиллагааны үргэлжлэл мөн. Тухайлбал, хууль тогтоомжийг эрэмбэлж цэгцлэх, нийтлэх ажлын нэгэн хэлбэр болох алив нэгэн албан ёсны эмхтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг* юм. Тэр нь системчлэх, эмхтгэлтэй бас холбоотой. 

1.2. Системчлэх нь онол арга зүйн хувьд бэлэн зэлэн хэлчихээр жор байхгүй. Эрх зүйн шинжлэх ухааны ойлголт, практикийн болон эрдэм шинжилгээний ихээхэн хүч сорьсон нарийн түвэгтэй ажил. Бид яам, тамгын газарт “кодификатор” гэх хууль, зарлиг гэхчилэнг зохих ангиллын дагуу шошголож /“карталж”/, “шивж” лавлагаа өгдөг орон тоо ч байдгийг мэднэ. Түүний эрхэлдэг ажил нь системчлэлийн анхан шатны гэж болох наад захын эгэл бөгөөд чухал ажил юм. Харин энэ ажлыг манайхан “системчлэл” гэж ойлгоод байдаг. Зарим нэг шинж байвч хараахан тийм биш л дээ!

*Тэгвэл хууль тогтоомжийн системчлэл гэдэг эрх зүйн тогтолцооны онол номд суурилсан, эрх зүйн мэдээлэл цуглуулах, задлан шинжлэх, ангилан судлах, тодорхой шалгуураар бүлэглэх, нэгтгэх, харьцуулан үзэж нэгдэл, зөрчилдөөн, хийдэл, давхадлыг тодорхойлох, зөрчлийг арилгах буюу түүнд шууд чиглэсэн судалгаа-боловсруулалт-шийдвэр гаргах ажил гэж болно. 

Үүнээс арай хялбарчилсан тодорхойлолт ч байдаг. Оросын эрдэмтэн Т.В.Кашанина “Эрх зүйн актуудын системчлэл гэдэг бол үйлчилж буй хууль зүйн баримт бичгүүдийг эмхлэн цэгцэлж, уялдан зохицолдсон нэгдмэл тогтолцоо болгох үйл ажиллагаа мөн” гэсэн байна. Энэ нь зөвхөн хүчин төгөлдөр актын эмхтгэлийн  явцуу /техникийн/ талаас нь харснаар учир дутагдалтай байна.

Тэгвэл системчлэлийг дээр дурдсан өргөн утгаар ойлгоод түүхэн эмхтгэлийн ач холбогдлыг зөв холбон үзэх нь чухал болно.

Хууль тогтоомжийн системчлэл нь эрх зүйн тогтолцоонд үндэслэнэ. Өргөн утгаараа хууль, эрх зүйн хэм хэмжээ, түүнийг ойлгож буй нийгмийн эрх зүйн ухамсар, хэрэглэж буй практикийг бүхэлд нь эрх зүйн тогтолцоо гэж үздэг. Иймд үе үеийн хууль хэрэглэж, ойлгож ирсэн байдал ч түүхэн эмхтгэлийн танин мэдэхүйн суурь болно.

1.3. Системчлэлийн төрөл, хэлбэр олон янз билээ. Тэр нь иж бүрэн /институтчилсэн, сэдэвчилсэн/, дагнасан, холимог; албан ёсны ба албан бус; мэргэжил-техникийн, шинжлэн боловсруулалтын, түүхчилсэн, хэсэгчилсэн, хэрэглээний, судалгааны гэхчилэн хамрах хүрээ, сэдэв, зорилго, зориулалт, хүчин чадал, ач холбогдлын хувьд олон хэлбэр дүрстэй.

Хоёр. Системчилсэн эмхтгэлийн тухайд

2.1. Хэрэглээний болон судалгааны, түүнчилэн техникийн болон боловсруулалтын зориулалттай системчлэлийн наад захын нийтлэг үр дүн нь хууль тогтоомжийн, эсхүл хууль тогтоомж, эрх зүйн бусад актын эмхтгэл мөн.

2.2. Хууль тогтоомжийн эмхтгэлийг бэлтгэх зорилго, үндсэн аргаар нь: 

Нэгдүгээрт, системчилсэн буюу тогтолцоожуулсан эмхтгэл, хоёрдугаарт, түүхэн эмхтгэл гэж хоёр их хэсэгт хувааж болно. 

2.3. Системчилсэн эмхтгэлийг бэлтгэхэд а/ төрөлжүүлэн нэгтгэх /инкорпораци/, б/ төрөлжүүлэн хуульчлах /кодификаци/ хоёр үндсэн аргыг хэрэглэнэ. Энэ бүхэн эртний Ромын эрх зүйгээс уламжлалтай гэдэг.

*Үйлчилж байгаа хууль, хэм хэмжээний актыг тодорхой дэс дараалалд оруулж, эрэмблэн эмхтгэж нийтлүүлэхийг төрөлжүүлэн нэгтгэх /инкорпорация/ гэнэ. Төрөлжүүлж нэгтгэх нь эрх зүйн хэм хэмжээг системчлэх энгийн арга мөн. Тэр нь дотроо бүхэлд нь нэгтгэж, сэдэвчлэн нэгтгэх зэрэг олон хэлбэртэй. 

Өмнөх тогтолцооны үед “БНМАУ-ын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн системчилсэн бүрэн эмхтгэл”-ийн 7 ботиос /4 нь нийтлэгдсэн/ гадна Үндсэн хууль, засаг захиргаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, их барилга, тээвэр, холбоо, шинжлэх ухаан, ардын боловсрол, соёл гэгээрэл, эрүүлийг хамгаалах, батлан хамгаалах, хэв журмын, биеийн тамир спортын зэрэг нийгмийн харилцааны болон эрх зүйн зохих салбар, дэд салбараар ангилж эрэмблэсэн олон зүйл эмхтгэл гарган хэрэглэж ирсэн түүхтэй. Хууль зүйн үндэсний төв 2008 онд хүчин төгөлдөр хууль тогтоомжийн сугалбар хуудастай 4 боть эмхтгэлийг “Монгол Улсын хууль” нэрээр хэвлэн гаргасан нь хэрэглээний талаасаа ихээхэн чухал дорвитой бүтээл болсон. Ийм ажил цаашид үргэлжлэх л болно.

Гэхдээ тэр бүхэн түүхэн бус хэрэглээний болон судалгааны зориулалтаар гаргасан гол төлөв хүчин төгөлдөр актын нэгтгэл байв.

2.4. Төрөлжүүлэн хуульчлах /кодификаци/ явдал хууль тогтоомжийг системчилэх өндөр төвшинд хүрсэн үндсэн арга мөн.

*Эрх зүйн тодорхой салбарт хамаарагдах хэм хэмжээнүүдийг зохих төрөл, хэсгээр ангилан боловсруулж, нэгдмэл нэг акт болгон баталж гаргахыг аргын хувьд хуульчлах /кодификация/ гэдэг.

2.5. Төрөлжүүлэн нэгтгэх, хуульчлах хоёр зарчмын ялгаатай: 

Ажил хэргийн хувьд төрөлжүүлэн нэгтгэхэд урьд батлагдсан хэм хэмжээнүүдийг эмхлэн цэгцлэхийг гол болгодог. Тэгвэл хуульчлахад хоцорсон хэм хэмжээг хүчингүй болгож, хуучирсаныг засаж сайжруулах, хоорондоо зөрчилдсөнийг болон хийдлийг арилгах, нийгмийн шинэ харилцааг зохицуулах шинэ хэм хэмжээг боловсруулах ажил хийнэ. Эцэст нь хууль тогтоох журмаар баталж гаргадаг. Нэгэн зүйл “шинэ бүтээгдэхүүн” гаргах гэсэн үг.

Төрөлжүүлэн нэгтгэх, хуульчлах хоёр нь зорилгоороо ялгаатайНэгтгэхдээ тухайн үед байгаа хууль тогтоомжийг судалж, хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэх буюу “гарын авлага” болгох зорилт тавьдаг. Харин төрөлжүүлэн хуульчлахдаа шинэтгэх /шинээр боловсруулан улмаар шинжлэх ухааны үндэслэл тогтолцоонд оруулан батлах/-ийг гол зорилт болгодог. Үүгээрээ хуульчлах нь нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зорилтыг хангах давуу ач холбогдолтой байдаг гэх зэргийг лавшруулан өгүүлж болно. Энэ бүхэнд түүхэн эмхтгэл гол суурь, “үндсэн түүхий эд” нь болж өгдөг.

Гурав. Түүхэн эмхтгэлийн тухайд

3.1. Эрх зүйн хэм хэмжээг ийнхүү системчлэхээс гадна үндэсний эрх зүйн өв санг бэхжүүлж улс орныг хуулиар жолоодох уламжлал, шинэтгэлийг зөв зохистой хослуулах зорилгоор он дараалсан буюу түүхэн эмхтгэл хэвлэн гаргадаг.

*Хууль, зарлиг болон эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад актыг тэдгээрийн батлагдсан он, сар, өдөр, дэс дугаарыг баримтлан эмхтгэн нийтлүүлснийг он дараалсан /түүхэн/  эмхтгэл гэдэг.

Энэ бол эрх зүйн хэм хэмжээг эмхэтгэн цэгцлэх ажлын энгийн хэлбэр мэт боловч нарийн түвэгтэй бөгөөд цаашид нарийвчлан системчлэх урьдач нөхцөл болдог.

3.2. Хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл албан ёсны ба албан ёсны бус хоёр янз байдаг. Хууль тогтоох болон түүнээс эрх олгогдсон байгууллага /УИХТГ, ХЗДХЯ, ХЗҮХ/ албан ёсоор эрхлэн хууль нийтлэх арга журмаар уул актын батлагдсан он, сар, өдөр дараалан албан тогтмол сэтгүүлд нийтэлж буйг албаны ёсны гэнэ. Олон актыг он, сар, дараалсныг түүхэн гэх талтай юм. Үүгээрээ алив нэгэн хуулийн албан ёсны эхийг тусгайлан хэвлэж гаргахаас ялгаатай.

3.3.Албан сэтгүүлийн нийтлэл нь зориулалтаараа түүхэн эмхтгэлийн сонгодог хэлбэр бус. Хууль нийтлэх урсгал ажлын үр дүн бөгөөд он, сар, дэс дугаар, дараалан нийтлэгдсэнээрээ хэдэн арван жилийн дараа он дараалсан эмхтгэлийн байдалд үнэлэгдэх нь бий. Гэвч албан сэтгүүл буюу өнөөгийн нэрээр “Төрийн мэдээлэлд”:

- Хууль, УИХ-ын бусад шийдвэр

- Ерөнхийлөгчийн зарлиг

- Засгийн газрын тогтоол

- УДШ-ийн тайлбар, тогтоол

- Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт тэргүүтэн зэрэг хэм хэмжээний* актуудаас гадна шагналын, томилолтын гэх зэрэг  захирамжилсан нэг удаагийн /хэм хэмжээний бус/ актууд нийтлэгддэг. Энэ утгаар “сонгодог”, түүхэн эмхтгэл гэх хараахан боломжгүй.

3.4. Хууль тогтоох, гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрээр буюу сонирхон судлаачид /эрдэмтэд/-ын санаачилгаар түүхийн бүхэл бүтэн үе, түүхэн тодорхой үе шатны хууль тогтоомжийг нийтэд нь цуглуулж, судалж эмхлэн он, сар, дугаар дараалан цэгцэлж хэвлэн гаргасныг он дараалсан буюу түүхэн эмхтгэл гэж нэрлэвэл бүрэн утгад нь тохирно. Ерөнхийдөө манай улсын түүхийн зохих үе шатуудад судлаачид ба сонирхогч байгууллагуудаас эрх зүй, хууль тогтоомжийн зарим салбар чиглэлээр сэдэвчилсэн түүхэн шинжтэй эмхтгэлүүд гаргасан нь цөөнгүй. Түүхч Д.Насанбалжир агсны “Ардын засгаас 1921-1924 онд авсан хувьсгалт арга хэмжээ” /Уб.,1954/; “БНМАУ-ын Их, Бага Хурлын тогтоол. Үндсэн хууль, тунхагууд” /Уб., 1956/ он, Э.Авирмэд. “БНМАУ-ын Үндсэн хууль түүнд холбогдох эрхийн актын эмхтгэл” /2 боть 1970, 1974/ гэх мэт түүхэн шинжтэй эмхтгэл гаргасан. Тэр бүхэн “түүхэн” боловч “бүрэн” эмхтгэл хараахан биш байв. 

Бичмэл хуулийн баялаг уламжлалтай орнуудад үе үе зориуд их хүч цаг, эрдэм ухаан гаргаж бэлтгэн хэвлүүлсэн түүхэн эмхтгэлийн цувралууд хадгалагдаж, баяжиж байдаг. Манай хойд хөршид Сепранскийн 1910-аад онд эрхлэн гаргасан “Сводъ законов Российской Империи” гэсэн цуврал байдгийг бид мэднэ.

Ийм маягийн эмхтгэл Монголд өдгөө анх удаа гарлаа. Энэ бол Монгол төр ёсны оршин хөгжсөн түүхийн 804 жилийг хамарснаараа хосгүй гэж хэлбэл даруу биш болохгүй буй заа. Харин энэ нь мэдээж анхны оролдлого тул авахын зэрэгцээ “гээх” юм ч бий байх. Гэлээ ч түүний түүхэн хийгээд шинжлэх ухаан, соёл-танин мэдэхүйн, түүнчилэн хууль тогтоох, хэрэглэх ажил хэргийн аль алинд чухал үр нөлөөтэй гэж ойлгож байна. Энэхүү 16 ботид үе үеийн хууль тогтоомжоос гадна “хуулийг орлуулан гаргасан” хэдэн янз акт түүхэн дарааллаар нэгтгэгдэн орсон болно. Нийтэд нь нэрлэн үзвэл тэдгээрт:

1. Хууль;

2. Цааз;

3. Хааны зарлиг;

4. Олон улсын гэрээ ;

5. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн Зарлиг /1924-1951 он хүртэл байсан/;

6. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Зарлиг /1992 он хүртэл ажилласан/;

7. Ардын Их Хурлын Тогтоол /1992 оны 7 дугаар сар хүртэл байсан/;

8. Улсын Их Хурлын тогтоол;

9. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол /1924-1951 он хүртэл байсан/;

10. Засгийн газрын эрхлэх товчооны тогтоол /1924-1932 он хүртэл ажилласан/;

11. МАХН-ын Төв хороо, Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлын тогтоол;

12. МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид /УТТ/-ийн тогтоол;

13. Сайд нарын Зөвлөлийн тогтоол;

14. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн хавсарсан тогтоол;

15. Цахилгаан мэдээ;

16. Заавар;

17. Дүрэм;

18. Бичиг, бичээс гэсэн нэр бүхий 5930 баримт бичиг хэвлэгджээ.

Яагаад ийм олон янз нэр, зэрэг бүхий баримт орсныг тус бүрт нь жич тайлбарлавал ойлгомжтой болно. Харин энд цухас тодруулахад “цааз” гэх акт нь хаант засгийн үеийн хуулийн нэршил байсан аж. Харин МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн болон мөн Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн хавсарсан түүнчилэн Улсын Бага хурлын Тэргүүлэгчид хийгээд Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлын тогтоол зэрэг нь тухайн үеийн хууль тогтоох эрх мэдэл угтаа дангаар эрх баригч нам хийгээд гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын бүрэн эрхэд байснаас үүдэлтэй учир “орхилгүй сонгож” оруулсан байна. Хаант засгийн үед дагнасан хууль цөөн, төрөлжсөн хууль бүр ч байгаагүй аж. Иймд хаад ноёдын зарлиг, тушаал болон тухайн нутаг оронд зарлиг, тушаалын адил хүчинтэй дагаж мөрдөж байсан чухал бичиг баримтыг оруулсан нь эрх зүйн түүхэн эх сурвалжийн хувьд зохих үнэ цэнэтэй гэж үнэлсэнд оршино. Өөрөөр хэлбэл хууль тогтоох эрх мэдлийг дагнаж эрхэлсэн институци ялгаран гараагүй холимогдуу байсны үр дагавар гэж болно. Харин  хууль тогтоомж гэдгийг жинхэнэ утгаар нь буюу “хууль тогтоох байгууллага”-аас батлан гаргасан хуулийн дээд хүчин чадалтай эрх зүйн акт /УИХ-ын хууль, тогтоол/ гэсэн утгаар ойлгож хэрэглэх болсон 1990 оноос хойшхи үед хамаарах эмхтгэлүүдэд зөвхөн хууль, Бага, Их Хурлын тогтоол, хуулийн адил хүчинтэй Олон улсын гэрээг оруулсныг онцлон хэлүүштэй.

Дөрөв. Түүхэн эмхтгэлийн ач холбогдлын тухайд

Олноо толилуулж буй түүхэн эмхтгэлийг бэлтгэн гаргах нь олон талын ач холбогдолтой гэж тооцсон юм. Ерөнхийд нь үзвэл:

4.1. Монголын эрх зүйн соёлын олон зууны өвийг олдохын хэрээр орчин үеийн түвшинд сэргээн бататгав. Эдүгээг хүртэл Монголын төр улсын түүхийн бүх үеийг хамарсан Хууль зүйлийн бичиг хараахан нэгэн их судар болон орчин цагийн монгол хэлнээ нийтлэгдэж байсангүй.

4.2. Түүх, улс төр, соёл иргэншлийн судалгааны юугаар сольшгүй албан ёсны эх сурвалж болно. Цаг цагийн хууль нь тухайн улс орны амьдралын олон сүлжээн дунд хамгийн чухлаар дэвшигдэн гарсан зарчмын асуудлын эцсийн шийдлийг тусгаж байдаг билээ. Тэнд Чингисийн ”Их засгийн хуулиас” тулгар төрийнхээ байгууламж, цэрэг захиргааны тогтолцоо, иргэний ёс журмыг тодорхой олж хардаг бол Богд хаант төрийн “Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичиг”-ээс Улсын засаг захиргааны зохион байгуулалт, түшмэдийн ёс, сүм хийд, өртөө улаа, газар, байгаль, ан ав, эрдэс баялгийн ашиглалт, хамгаалалт зэргийн тогтоц, ёс журмыг судлан мэдэрдэг билээ.

Үүн лугаа адил зуун зууны хаант засаг, хамжлагат ёс, хараат байдал, байлдан ололт, үндэсний тусгаар тогтнол, нийгэм журмын ёсыг туршин амьдарсан олон зууны түүх сэлт нь эл 16 ботид хууль тогтоомж , гэрээ бичгийн хэлбэрээр тусгалаа олж, баримтжсан буй.

Энэ бүхнээрээ Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл /16 боть/ нь Монголын түүх, нийгмийн судлалд шинэ хуудсыг нээнэ гэж үзэхэд хэтрүүлэг болохгүй бизээ. Өөрийн эх оронд үзэгдээгүй мэтээр тааварлаж өрнө, дорнын хөгжилтэй гэх орны жишээг өнгийн харсан төдийдээ баясан магтаж бурханчилж суулгүй улс орны амьдралын олон асуудлыг засаг төр хэрхэн шийдвэрлэж тэр нь яаж хувьсан өөрчлөгдөж ирснийг түүхэн эмхтгэлээс харж болно. Жишээ нь: Эрдэс баялаг, газар шороогоо зах зээлийн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагчдад тавин олгож ашиглуулахдаа хэрхэн эзний ёсоор эрхэмсэг хандаж, яаж хэмжээлэн хязгаарлаж, цагдан хянаж хамгаалж аргилж байсныг эсхүл тийм хичээл зүтгэл гаргаж агсныг чухамхүү 20 дугаар зууны эхэн үеийн дүрэм журам харуулдаг билээ. Үүнээс улбаалан 1921 оны Үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараахь нийгэм журамт өөрчлөлт, улмаар түүний үндсийг байгуулах үйл явцыг хэрхэн журамлан зохицуулж ирснийг 1921-1990 оны үеийн хууль тогтоомжоос сар, жилээр улируулан  харж, цэгнэн дүгнэж нотлон өгүүлж болно.

4.3. Улсын иргэний түүх судлалд энэ эмхтгэлийн хэрэглэгдэхүүн онцлог ач холбогдолтой гэсэн нэгэн чухал санааг хэлэхийг хүснэ. Үүний тул ботиудын хамарсан он цагийг авч үзүүлье гэж бодно:

Ботийн дугаар

Хамаарах огноо

Хуудасны тоо /нүүрээр/

Орсон

эрх зүйн акт

I

1206-1910

623

157

II

1911-1926 V сар

620

438

III

1926.VI сар-1936

692

337

IV

1937-1958.X сар

592

485

V

1958 XI сар-1970

612

412

VI

1971-1985.IV

600

364

VII

1985 V сар-1992

625

411

VIII

1993-1994

632

310

IX

1995-1997 III сар

619

406

X

1997.IV сар-1999 IV сар

629

379

XI

1999 V сар-2000

692

316

XII

2001

592

235

XIII

2002

736

323

XIV

2003-2005.X сар

689

527

XV

2005.XI-2007

681

426

XVI

2008-2009

701

404

Нийт

10335

5930

 

Бидний ажиглаж ирснээр Монгол Улсын нийгэм журамт хөгжлийн 60-70 жилийн түүхийг энэ үеийн онол-үзэл суртал, улс төрийн тогтолцооноос хамааруулан намын баримт бичиг, уриа лоозон “социалист байгууллын үр дүн”-г баримжаалан бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл төр, иргэний түүхийг хууль зүйн эх сурвалжаас нь улируулан судалж эш баримт болгон боловсруулаагүй байдал илт ажиглагддаг. Үүнээс үүдэн улсын түүх нь намын түүх мэт “харагдах” ойлгогдох янзтай. “Засаг төрийг хуулиас нь олж харж болно” гэсэн үзэл онолыг баримтлан, тухай тухайн үеийн улсын түүхийг авч үзэхэд түүхэн эмхтгэлийн нэгэн гол ач холбогдол оршино.

Цувралын бараг 2/3-ыг нэн шинэхэн /ардчилсан хувьсгалын дараахь/ үеийн хууль тогтоомж эзэлж байна. Энэ нь төрийн мөн чанар өөрчлөгдөж олон намын оролцоот парламентат ёс тогтож, нийгмийг нэг нам манлайлан захирах бус хуулиар жолоодохыг зорьж буйн шууд тусгал гэж болно. Энэ бол хэдийгээр өнөө үед хууль тогтоох ажлын үр нөлөө тааруухан байна уу даа гэсэн нийгмийн сэтгэл зүйн уур амьсгал хүчтэй байгаа ч гэсэн эрх зүйт төрд шилжиж хууль дээдлэх ёсыг нийтээр баримтлахын төлөө тэмцлийн яахын аргагүй үр дүн мөн. Ийм цаг үе дор энд дэлгэн үзүүлж буй түүхэн эмхтгэлийн дээр дурдсан ерөнхий хоёр зүйл ач холбогдлоос гадна хууль тогтоомжийг системчлэх, боловсронгуй болгоход нөлөөлөх шууд ач холбогдол нь үлэмжхэн гэдгийг онцолмоор байна.

Дээрх тоо баримтаас харахад Түүхэн эмхтгэлийн их барагийг Монголын шинэ түүхийн үеийн хууль тогтоомж эзэлж байгаа юм.

Монголын эзэнт гүрэн, их бага хаадын болон манжийн эзэгнэлийн үеийн гэх 704 жилийн хууль тогтоомж, феодалын эрх зүйн эх сурвалжийн онцлог, түүний олдоцоос хамааран 623 хуудас бүхий нэгэн ботид эмхтгэгдсэн юм.

- Чингис хааны зарлигаар тогтоосон  “Их засаг”-ийн хууль

- Өгөдэй, Хувилай хааны цөөн тооны зарлиг, Арван буянт номын цагаан түүх

- Мөн Монголын архелогичдын олж илрүүлсэн бөгөөд XIV-XV зууных бололтой “Үйсэн дээрх бичиг” хэмээх хаад засаг ноёдын 20 гаруй зарлиг

- Халх ойродын 1640 оны их цааз,

- 1709 оны гурван хошууны их цааз /Халх журам/, түүний хувилбарууд

- Манжийн хаадаас Монголд дагаж шийтгүүлсэн “Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-ийн зарим хувилбараас бусад эх сурвалж улирах урт цагийн эрхээр бүдгэрсний учир хомсхон болов. Ялангуяа 16-17 дугаар зууны хууль тогтоомжийн гэх дорвитой эх сурвалж хараахан олдоогүй байна.

Иймд Монгол Улс Манж Чин Улсын ноёрхлоос тусгаар тогтнолоо байлдан авснаас хойш Ардчилсан хувьсгал хийсэн 1990-ээд он хүртэлх 80-аад жилийн хууль, зарлиг, тогтоол, гэрээ, дүрмүүд эмхтгэн ботилсон цувралын 1/3-ны илүүг эзэлж байгаа юм. Үүнээс Богд хаант төрийн болон үндэсний эрх чөлөөний хувьсгалын үе, түүнээс нааш социалист чиг баримжаагаар  хөгжсөн үеийн төр улсын түүхийн анхдагч эх сурвалж дэлгэрэнгүй тусгагдсан онцлогтой.

Энэ хүрээнд түүхэн эмхтгэлийн ботиуд тус тусын ач холбогдолтойг тэмдэглэхийн хамт хууль зүйн нийтлэг ач холбогдлыг дор дурдая: 

4.4 Хууль зүйн ач холбогдлыг дараахь байдлаар тодорхойлж болно.

- Хууль системчлэх түүний дотор тодорхой салбар институтаар бүлэглэж хуульчлахад гарын доорхи норматив бааз нь болж өгнө. Гадна дотноос эрж сурах, тааварлах, гадаад оронд байхаас “Монголд үгүй” гэдэг молиго өмхүүлэхээс мултрах үндэс болно.

- Төр ёс, эрх зүйн түүхэн уламжлал ялангуяа заншил болтол хадгалагдаж ирсэн хэм хэмжээг эш баримтаар нь олж харах боломж олгоно. Энд харамсмаар хандлага бишгүй ажиглагддаг билээ.

- Эрх зүйн тухайн салбарын хууль тогтоомжийг эхнээс нь эцэс хүртэл улируулан судалж авах гээхийн арга ухааныг олоход бэлэн хэрэглэгдэхүүн болно. Хийдлээс аврах арга зам ч болно.

- Хууль тогтоомж системчлэх дээд хэлбэр болсон кодификац хийж, төрөлжсөн хууль боловсруулах, ялангуяа яам, агентлагууд салбар, дэд салбарын хууль тогтоомжийг төрөлжүүлэн хуульчлахуйц төсөл боловсруулахад үндэсний эрх зүйн гол уг сурвалж нь энэхүү түүхэн эмхтгэл болно гэдгийг онцлон хэлмээр хэлье.

- Тухайн асуудлыг хуульчлан шийдвэрлэхэд хууль тогтоомжийн бүхэл тогтолцоо, нийт хүрээнд иж бүрнээр харж хандах, үүгээрээ тогтолцооны нэгдмэл байдлыг хадгалахад тусална.

- Хуулийг ухаарах, хүндэтгэн дээдлэх ёсны уламжлалыг олж харж эрх зүйн ухамсрыг тэлж эх оронч үзэл баримтлалыг лавшруулахад их тустай гэж бодно.

- Хууль тогтоомжийн техникийн хөгжилд буюу хэл найруулга, зохиомж, бичлэгийн түвшнийг тал бүр тийш тэлж баяжуулахад дөхөм үзүүлнэ. 

- Гадаадын эрх зүйн хэл соёлд дэндүү автсан хүмүүст “тэнгэрээс бууж тэмээн дээр суух”, “тэмээнээс бууж газар дээр гишгэн” хэл нэвтрэлцэхэд их тустай нэг ёсны Монгол хэлний үгийн сангийн их баялаг 16 ботид цугларан чуулсан гэж болно.

Тав. Түүхэн эмхтгэлийг үргэлжлүүлэх нь

5.1. Хэвлэн нийтлэх эрх чөлөө цагдан хяналтаас ангижирч, дэлгэрэн бараг  хүн бүхэн ном товхимолыг талх тариа мэт тарьж “үйлдвэрлэх” болсон өнөө үед юу хийж байгаагаа, тэр нь ямар үр дагавартайг сайтар урьдчилан төсөөлөх шаардлагатай. Намайг номын мухлагт сууж байтал нэгэн бүсгүй хэдэн ном тэвэрч орж ирээд худалдагчид “борлуулаад өгөөч” гэснийг сонирхвол “Төрийн албаны холбогдолтой хууль тогтоомжийн эмхтгэл” гэж байна. Хаанаас, хэн, ямар зорилго, аргачлаар хийж хэвлүүлэх болсныг лавлавал төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтад зориулан хувиараа бэлтгэн хэвлүүлсэн гэнэ. Хууль, эрх зүйн акт нийлэх, ёс журам, дурдсан шалгаруулалтын зорилт шаардлага энэ тэрийг эрхлэн мэдэж баримталсан юм огт алга. Зүгээр л ном борлуулах овсгоо гаргасан бололтой байв. Элдэв хууль журам оруулсны дотор Үндсэн хуулийг тэргүүнд нь бус олон актын дотроос эрж олохоор дунд нь хавчуулан хэвлэсэн зэргээр олон янз актын зориулалт, хүчин чадал, ач холбогдлыг үл харгалзан байрлуулж будлиулсан харагдана.

УИХ-ын Тамгын газар, ХЗДХЯ, ХЗҮХ зэргийн эрхлэн хариуцдаг газруудаар үзүүлж, хянуулж, хүчинтэй эсэхийг нягтлуулсан ч юм алга, ийм маягаар “хуулийн эмхтгэл” бэлтгэн борлуулах болсон нь хууль тогтоомжийн хямралд хүргэх аюултай билээ. 

Уг нь хууль тогтоомжийг эрэмблэн эмхтгэх, албан ёсоор нийтлэх, эрдэм шинжилгээний зохих шалгуураар ангилж, эмхтгэх зэрэг нь хуулиар тогтоосон ёс журамтай, шинжлэх ухааны арга хэлбэр, зорилго, зориулалтын зохих ялгаа бүхий нарийн дэг жаягтай ажил билээ.

Хууль нийтлэх журмын тухайд гэвэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд: Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ. Юутай ч гэсэн Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг УИХ зөвшөөрсний дараа түүнд УИХ-ын дарга ажлын 3 өдрийн дотор гарын үсэг зурж ёсчилно гэж зохих хуульд /53.4/ заасанчлан хууль нийтлэх хугацааг чанд баримтлах ёстой билээ.

Хууль батлах нь хууль гаргах ажиллагааны 3 дахь үе шат бөгөөд нэгэнт баталсан бол түүнд нэмэлт засвар хэн ч хийх эрхгүй, харин нэн даруй бүрэн эхээр нь хянан албан ёсоор нийтлэх ёс журамтай. Ийнхүү нийтлэх нь мөнхүү хууль гаргах ажиллагааны эцсийн 4 үе шат гэж онол, арга зүйн хувьд үздэг. Үүнээс гажвал хуульд “хулгай” орох нь бий. Хуулийн он дараалсан эмхтгэл гаргахын хамгийн анхны язгуур зарчим бол батлагдсан эхээр нь алдаа мадаггүй, хууль зүйн техникийн шаардлага бүрэн хангасан байх явдал мөн. Гэтэл хууль баталчихаад мэргэжилтнээс УИХ-ын дарга хүртэл хавтаслан авч уншин засаж явдаг болсон нь угтаа бол “аймаар” осолтой завхарал мөн. Энд олон түмний /хөндлөнгийн/ хатуу хяналт хэрэгтэй байна. Хуулийг нийтлэх явцад мэдээлэл сэтгүүлийнхэн зарим нэг “найруулгын засвар” хийхээс аргагүйд хүрдэг гэсэн дэл сул яриа ч чих дэлсэх болсныг хэлэхээс халшрах хэрэггүй дээ. Төр нь хуульд ингэж хандвал түүх будилж, түмэн олон л хохирно.

ххх

Хууль тогтоомжийг системчлэх, нийтлэх ажил нэг түвшинд хүрээд гацчихсан царцанги үйл явц биш билээ. Харин онол арга зүй, арга техникийн хийгээд мэдээлэл зүйн тогтолцоо, механизмын хувьд хувьсан хөгжиж байх учиртай. Жишээлэхэд, Сүүлийн үед Европын нийтийн зах зээлийн орнууд, Евро- парламентийн практикт эрх зүйн актуудыг уялдуулан нэгтгэх /консолидацийн/ аргыг системчлэх ажлын шинэхэн арга болгон хэрэглэх болжээ. Судлаачид уг аргыг “төрөлжүүлэн нэгтгэх”-ийн нэг хэлбэр, “бие даасан арга” гэхчилэн маргаж буй хэдий ч ерөнхийдээ нэг төрлийн буюу холимог хэд хэдэн асуудлаархи эрх зүйн олон актыг нэгэн шинэ акт болгон нэгтгэх арга хэмээн хүлээн зөвшөөрөх болжээ. 

Түүхэн эмхтгэл мэтийг цаашид үргэлжлүүлэхдээ ч энэ мэтийг харгалзан үзэх нь чухал юм.

2010-IX-16

 

___ ooOoo ___

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна