Элизабета шар сэтгүүлийн эсрэг гомдол гаргав

2016 оны 3 сарын 11

Букингемийн ордны төлөөлөгч Их Британийн шар хэвлэлийн Ёс зүйн хороонд гомдол гаргажээ. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан Элизабета II-г шар хэвлэл “Их Британи Европын холбооноос гарах хүсэлтэй” гэж цуурсан хэмээн гомдол гаргасан байна.

“Sun” сэтгүүл хэдхэн хоногийн өмнө "Хатан хаан “Brexit"-ийг дэмжив” гарчигтай нийтлэлдээ нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжийн баталснаар хатан хаан 2011 онд Шадар сайд байсан Ник Клеггт “Европын холбоо буруу яваад байна” гэж ярьж байсан тухай бичсэн юм. Нийтлэлд хатан хаан Элизабета II “Европын холбооноос гарахад эргэлзэх зүйлгүй болсон” гэж хэлжээ. 

Их Британийн хатан хаан Чөлөөт хэвлэлийн стандартын газрын ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо “Уг нийтлэл нь буруу ташаа мэдээлэл, зураг агуулсан, уншигчийг төөрөгдүүлсэн, гарчиг нь нийтлэлийн агуулгатай зөрчилдсөн зэрэг нь зохиогчийн ёс зүйн кодыг зөрчиж байна” гэжээ.

Их Британи, Умард Ирландын хатан хаан улс төрийн маргаантай асуудлаар аль нэг талыг барьсан байр суурь илэрхийлэх хориотой байдаг бөгөөд хувийн үзэл бодлоо олон нийтэд илэрхийлэх нь маш ховор юм.

2014 онд Шотландын тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулгын өмнө хатан хаан Элизабета олон нийтэд хандан ирээдүйнхээ төлөө сайтар тунгаан бодохыг зөвлөхөд нь хэл ам дэгдсэн билээ. Зарим иргэд үүнийг Шотландчуудыг Их Британид үлдэхийг ятгасан үг гэж ойлгосон юм.

Их Британи Европын холбоонд үлдэх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга ирэх зургадугаар сарын 23-нд болох бөгөөд Их Британийн улс төрчид энэ асуудлаар халуун маргаан өрнүүлж байгаа юм. Харин хатан хаан нэрээ нууцалсан худлаа үнэн мэдээллийн талаар мэдэгдэл хийхээс татгалзсан байна. Ордны төлөөлөгч нь мэдэгдэлдээ “Хатан хаан улс төрийн асуудлаар төвийг сахигч хүн. Өнгөрсөн 63 жилийн турш төвийг сахисаар ирсэн” гэжээ. Харин “Sun” сэтгүүл дээрх мэдээллийг найдвартай эх сурвалжаас авсан гэж мэдэгдсэн байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна