Ажилчин зөгийнүүд хоосон хоцорсоор

2016 оны 3 сарын 11

-Хамтын өмчлөл, хамтын хөрөнгө оруулалт, хамтын даатгал хөгжиж гэмээнэ ажилчин зөгийнүүдийн өмчлөх эрхэд эергээр нөлөөлж, нийгэмд дундаж давхарга нэмэгдэнэ гэж тооцжээ-

Эдийн засагчид өчигдөр /2016.03.10/ Хөгжлийн чуулган хийв. Мэргэжлийн хүмүүсийн хандлага, өнөөгийн эдийн засгийн байдлыг дүгнэх дүгнэлт, ирээдүйн тодорхойлолт ихээхэн өөрчлөгджээ. Тэд нийгмийн баримжаатай эдийн засаг, эдийн засгийн ардчилал, чинээлэг дундаж давхарга гэхчилэн урьд өмнө ул болоогүй сэдвийг хөндөж байна.

МУИС-ийн багш, судлаач Г.Түмэннаст өнөөдөр манай улсад өмчийн туйлшрал газар авч, өмч нэг бол чинээлэг гэр бүлд, эсвэл даргад ногдож байгаагаас ажилчдад, эгэл жирийн иргэдэд өмчлөх эрх хязгаарлагдмал байгааг тодотгосон юм. Ажиллагсдын цалин хөлс ч ялгаагүй эзний мэдэлд байгаа болохоос компани, корпораци томроход ажилчин зөгийнүүд хоосон хоцорсон хэвээр байгааг онцоллоо. Хамтын өмчлөл, хамтын хөрөнгө оруулалт, хамтын даатгал хөгжиж гэмээнэ ажилчин зөгийнүүдийн өмчлөх эрхэд эергээр нөлөөлж, нийгэмд дундаж давхарга нэмэгдэнэ гэж тооцжээ.

Монголбанкнаас гаргасан судалгаагаар өрхийн зарлагын хамгийн өндөр хувийг хүнс, өргөн хэрэглээний бараанд зориулдаг аж. Идэх хоол, өмсөх хувцсандаа нийт орлогынхоо 37 хувийг зарцуулж байгаа бол орлогын 10 хувийг зээл, зээлийн хүүнд, мөн 10 орчим хувийг байрны төлбөрт өгдөг ажээ. Гэхдээ байрны мөнгө болоод зээлд зориулж буй хөрөнгийг мэргэжлийн хүмүүс хуримтлал гэсэн багцад хамааруулж байна. Нэн ялангуяа  орон сууцны зээл бол өр огтоос биш. Тухайн хүний, гэр бүлийн ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт, хуримтлалын сонгодог хэлбэр ажээ. Өдгөө манай улсад нийтдээ 76.6 мянган өрх 3.4 их наяд төгрөгийн ипотекийн зээл аваад байгаа бөгөөд зээлдэгчдийн дийлэнх олонх нь дундаж давхаргынхан гэнэ.

Тэгвэл өнөөдөр манай улсад дундаж давхарга бий юү, хэнийг дундаж давхаргын хүн гэх вэ, хэдий хэрийн орлоготой бол дундаж давхаргад багтах вэ гэхчилэн олон асуултын хариуг Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд өгсөн юм. Дэлхий нийтийн хэмжээнд авч үзвэл чинээлэг дундаж давхаргатай улс орнуудын давалгаа Европоос Ази руу шилжиж байгаа ажээ. Өнөөдөр Хятад, Тайланд зэрэг улсын нийт хүн амын 48-65 хувь, Индонезийн 80 хувь, Энэтхэгийн 51 хувь нь дундаж давхаргад багтдаг. 2009 онд Азийн улс орнуудын хүн амын 28 хувь нь дундаж давхаргынхан байсан бол 2012 онд 35 хувь болжээ. Харин 2030 гэхэд  66 хувь болтлоо огцом өснө гэж судлаачид найдаж байна. Орлого хийгээд зарлагын хэмжээгээрээ алтан дунджийг баримталж буй эдгээр хүмүүс нь тогтвортой хэрэглэгч төдийгүй үйлдвэрлэгч байдгийнхаа хувьд улс оронд хамгаас үнэтэй.  

Харин манай улсын хувьд дундаж давхаргад хэнийг багтаах вэ гэдэг нэгдсэн ойлголт хараахан үгүй. Судалгааны байгууллагуудын дунджид багтаасан орлогын хэмжээ ч харилцан адилгүй. Өрхийн орлогын хэмжээгээр тооцвол 500 мянгаас 1.5 сая төгрөгийн орлоготой бол дундаж давхаргад багтаан ойлгож болох юм гэдгийг эдийн засагчид онцолж байлаа. Өдий хэрийн орлоготой өрх 2009 онд Монголын нийт өрхийн 39 хувьтай тэнцэж байсан бол 2015 оны гуравдугаар улирлын байдлаар 67 хувь болсон гэсэн дүн гарчээ. Сарын орлого нь 2.3 саяас давж байвал чинээлэг өрхөд багтаан ойлгож байгаа ч өнөөг хүртэл дундаж давхаргын талаарх нэгдсэн ойлголт үгүй. Харин сард 500 мянган төгрөгөөс бага орлоготой өрх гэр бол  ядуу гэх тодорхойлолт руу гулсах гэнэ.

Монголбанкнаас гаргасан судалгаагаар өрхийн зарлагын хамгийн өндөр хувийг хүнс, өргөн хэрэглээний бараанд зориулдаг аж. Идэх хоол, өмсөх хувцсандаа нийт орлогынхоо 37 хувийг зарцуулж байгаа бол орлогын 10 хувийг зээл, зээлийн хүүнд, мөн 10 орчим хувийг байрны төлбөрт өгдөг ажээ. Гэхдээ байрны мөнгө болоод зээлд зориулж буй хөрөнгийг мэргэжлийн хүмүүс хуримтлал гэсэн багцад хамааруулж байна. Нэн ялангуяа  орон сууцны зээл бол өр огтоос биш. Тухайн хүний, гэр бүлийн ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт, хуримтлалын сонгодог хэлбэр ажээ. Өдгөө манай улсад нийтдээ 76.6 мянган өрх 3.4 их наяд төгрөгийн ипотекийн зээл аваад байгаа бөгөөд зээлдэгчдийн дийлэнх олонх нь дундаж давхаргынхан гэнэ.

Эдийн засагч  Ө.Ганзориг “Нийгэмд хамгийн их аз жаргалыг авчирдаг шийдвэрийг хамгийн зөв шийдвэр гэнэ” гэж тодорхойлсон юм. Гэхдээ төр баялгийн хуваарилалтыг амжилттай хийсэн тохиолдол нэг ч  үгүй гэдгийг мөн  тодотголоо. 1990 он хүртэл Монголын төр баялгийг хуваарилагч механизм байсан. Гэвч тэгш хуваарилалт хийж чадаагүйн “буянаар” өнөөдөр манай улсын нийт хүн амын таван хувь нь нийт хадгаламжийн 89 хувийг эзэмшдэг байх жишээтэй. Тэгвэл энэ үзүүлэлт Шведэд 18, Америкт 35, Испанид 21, Урагвайд 45 хувьтай гарчээ. Тиймээс ч өнөөдөр манай улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 152-т, хүний хөгжлийн индексээр 104-т, олон улсад өрсөлдөх чадварын индексээр 98-д жагсчээ. 200 гаруйхан улсыг жагсаахад л ийм доогуур үзүүлэлттэй байгаа нь манай улс хамгийн болхи буюу “түүхий эд”-ийн эдийн засгаасаа салаагүйн харгай гэдгийг Ө.Ганзориг онцлон тодотгосон.

Дэлхийн улс орнууд эдийн засгийн тэгш бус байдлыг гэтлэхийн тулд дундаж давхаргыг улам бэхжүүлж, ядахдаа л дундруулахгүй байхад анхаарах болжээ. Хэрэглэгч, үйлдвэрлэгч, ажилчин ангийг бүрдүүлж буй дундаж анги давхаргын төлөө ажиллах нь төрийн үүрэг ч гэж ойлгож болох нь. Баялгийг элитүүд бий болгож, тэд хуваарилдаг өнөөгийн тогтолцоо ноёрхсон энэ нийгэмд эдийн засгийн ардчиллыг цогцлоож, цөөн тооны хүмүүсээс хамаардаг хамаарлыг халж, дийлэнх олонх болсон алтан дунджуудын төлөө ажиллах цаг болсныг эдийн засагчид хэлж байна.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна