“УДШ ийм шийдвэр гаргаж байсан нь ховор”

2016 оны 3 сарын 11

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Л.Гансүх нарт шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг яллагдагч талаас эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хандсан юм. Шүүх хурлыг хоёрдугаар сарын 25-ны дотор товлох ёстой байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас 14 хоног хойшлуулжээ. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд хугацаа дууссан. Гэтэл УДШ шүүх хуралдааны тов зарлах хугацааг дахин 14 хоногоор сунгалаа. Тиймээс Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим асуултыг тодруулсан юм.   

-Л.Гансүхийн шүүх хурлын тов гарахгүй байж байгаад дахиад хойшлогдчихлоо. Энэ шийдвэр хуулийн дагуу байвуу?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 346.2-т зааснаар Улсын Дээд шүүх хэргийн материалыг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдааны тов зарлана. Заасан хугацаанд шийдвэрлэх боломжгүй бол 14 хоногоор сунгаж болно гэж заасан байдаг. Энэ заалтыг үндэслэх юм бол Л.Гансүхийн хэргийн материалыг хүлээж авснаас хойш хоёрдугаар сарын 25-ны дотор товоо зарлах ёстой байсан. Гэтэл дахин 14 хоногоор сунгасан. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 10-ны дотор шүүх хуралдааны тов тодорхой болох ёстой байсан. Харамсалтай нь хэрэг хэлэлцэх хугацаа өнгөрчихөөд байхад шүүх хуралдааны товоо товлоогүй байж дахин 14 хоногоор сунгачихлаа. УДШ ийм шийдвэр гаргаж байсан тохиолдол ховор байх.

-Тэгэхлээр УДШ хууль зөрчиж шүүх хуралдаан зарлах товыг дахин 14 хоногоор сунгасан гэсэн үг үү?

-УДШ-ийн танхимын тэргүүний гаргасан шийдвэр л дээ. Төвөгтэй л байдал үүслээ. Уг нь бол танхимын тэргүүний гаргасан шийдвэр нь эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд тэр дундаа доктор, профессор, оюутнуудад жишиг болж хэрэглэгддэг. Гэтэл энэ удаагийн жишээг ямархуу байдлаар тайлбарлах юм бол доо.   

-Яагаад ийм зүйл болчихвоо. Хэн нэгний ашиг сонирхлын зөрчил нуугдаж байна уу?

-Мэдэхгүй байна. Үүний цаана гомдлоо шийдүүлэх гэж байгаа хүн нь хохирч байна шүү дээ. Уг нь дээд шүүх ямар ч тохиолдолд хуулиа барьж ажиллах ёстой. Л.Гансүх өөрийн биеэр Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцох, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг шууд дамжуулах боломжоор хангах хүсэлтээ УДШ-д хүргүүлсэн. Гэвч шүүх хуралдааны тов зарлагдаагүй байхад дахиад хойшлогдчихлоо. Ямар ашиг сонирхол нуугдаж байгаа нь сонин байна. Цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бусад өмгөөлөгчидтэй ярилцаж байгаад шийдэнэ. 

-Улсын Дээд шүүхийн шүүх хуралд гомдол гаргасан этгээд оролцож болдогүй хуультай биз дээ?

-Тийм. Улсын Дээд шүүхийн шүүх ажиллагаанд шүүгдэгчийг оролцуулдаггүй. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн жишээ юм. Тиймээс Л.Гансүх шүүх хуралд оролцох хүсэлтээ илэрхийлсэн.   

-Өмнө нь УДШ-ийн шүүх хуралдаанд шүүгдэгч оролцуулж байсан тохиолдол бий юу?

-Байхгүй.

Т.ДАВААНЯМ

     

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна