Барилгын цэрэг-80 жилийн ой тохиож байна

2016 оны 3 сарын 11

Монголын цэргүүд үе, үеийн бүтээн байгуулалтын эзэд гэдэгтэй хэн ч маргахгүй. Нийслэл Улаанбаатар, Эрдэнэт хот, Дархан-Уул, Чойбалсан аймгаас эхлээд хөдөө нутгийн их бүтээн байгуулалтад гар бие оролцож бүтээлцэж байсан түүхийн эзэд бол тэд юм. Монголын барилгын салбарт онцгой үүрэг гүйцэтгэсэн том байгууллагын нэг нь барилгын цэрэг. 1936 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин, маршал Г.Дэмидийн санаачлагашийдвэрээр барилга засварын суман байгуулагдаж, барилгын цэргийн үндэс суурь тавигдсан юм.

 

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтын түүхэн замналд цэргийн барилгачид нь юуны өмнө цэргийн зохион байгуулалт, бүтээн босголт буюу цэрэг- иргэний хоёрдмол үүргийг хослон гүйцэтгэж олныг бүтээн босгосон он жилүүдийг аж үйлдвэр, хөдөө аж ахуй, нийгэм соёл, цэрэг-батлан хамгаалах гэсэн 4 гол чиглэлд тодорхойлж болно. Үүнд:

 

 

1. Улс орны аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод бүс нутагт аж үйлдвэрийн иж бүрэн парк-районыг барьж байгуулсан. 

 

2. Барилгын цэргийн бүтээн байгуулалтын хоёр дахь чиглэл нь төр засгийн хөдөөгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн. 

 

3. Цэргийн барилгачдын барьж байгуулсан барилга байгууламжуудад нийт 50 гаруй сургууль, 69 эмнэлэг, 26 цэцэрлэг, 20 гаруй клуб, соёлын төв, биеийн тамирын заал, олон улсын хүүхдийн Найрамдал зуслан, залуучуудын соёлын төвийн иж бүрэн барилгууд, Монгол бөхийн өргөө зэрэг нь томоохон байр суурь эзэлдэг. 

 

4. Цэрэг армийнхаа хөгжил, батжилт, батлан хамгаалах хүч чадлын үндэс болсон материаллаг баазыг өргөтгөх талаар хийсэн томоохон ажлууд багтана. Үүнд: Зүүнбаян, Өвөрхангай, Эрдэнэт, Төв, Налайх, Улаанбаатар зэрэгт цэргийн ангийн хотхонууд, олон зуун айлын орон сууц, авто ба зэвсэг техникийн паркууд, буудлага, жолоодлогын полигон, сургалтын төв, агуулах, цэргийн байр, соёлын төв зэрэг олон арван иж бүрэн барилгуудыг сургууль, байлдааны ангийнхантай хамтран барьж, армийнхаа батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан билээ. Өнөөдөр ч манай барилгын цэргийн дайчид нийслэл, орон нутагт бүтээн байгуулалтын сүндэрлүүлсээр байна. Барилгын цэрэг-80 жилийн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болох бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар баяр хүргэж үг хэлэх юм байна.