Хөрөнгө оруулагчид “градус”-аа нэмж байна

2016 оны 3 сарын 11

Courtesy of The Macallan

Өндөр градустай хатуу ундаа ашигтай хөрөнгө оруулалтын нэг болоод байна. АНУ-ын эдийн засгийн барометр гэгдэх S&P 500 индексийн 31 хувьтай харьцуулахад хуучны вискинүүд 450 хувийн ашгийг 2008 оноос хойш өгчээ.

Согтууруулах ундаанд оруулах хөрөнгө оруулах нь шинэ зүйл биш. Гэхдээ саяхныг болтол вискинд биш дарсанд хөрөнгө оруулж байсан юм. Knight Frank-ийн тайлангаас харахад, нэг шил хуучин Bordeaux дарс 30 саяас дээш хөрөнгөтэй баячуудын хувьд урлагийн бүтээлийн дараа орох үнэ цэнэтэй цуглуулга байв.  Харин дарсны зах зээл сүүлийн үед нэлээдгүй асуудалтай болжээ. 2008 оноос хойш Liv-ex 100 индекс ( хөрөнгө оруулалтын чанар агуулсан 100 гол дарсны хамгийн алдартай индекс) 2%-иар буурчээ.

Хөрөнгө оруулалтын градусын нэмэх нь

Зах зээлийн энэ өөрчлөлт хөрөнгө оруулагчид “градусаа нэмэх” шалтгаан болжээ. “Хоёр дахин их ашиг олохын тулд хоёр хайрцаг виски авч болох уу” гэж асуух нь ихэссэн хэмээн вискины нэрийн дэлгүүрийн эзэгтэй Хизер Гриний хэлснийг Bloomberg эшилжээ.

Үнэн хэрэгтээ, ашиг нь тав дахин их байж болох юм. 2008 оноос хойш нэгэн төрлийн соёолжийн топ -100 виски 440 хувийн ашиг авчирсан гэж Investment Grade Scotch индексийг гаргадаг Шотландын  Whisky Highland компани мэдээлсэн байна.

Хоёр лонхны  зарчим

Виски цуглуулагчдын дунд “хоёр лонхны” гэсэн бичигдээгүй журам бий. Хөрөнгө оруулагч хуучин вискинээс хоёр шилийг худалдан авч нэгийг нь ууж, нөгөөг нь цуглуулгадаа үлдээх ёстой. “Хэрэв би цуглуулгынхаа талыг насны эцэс хүртэл ууж амжихгүй бол үлдсэн вискийг миний хүүхдүүд зарах нь ойлгомжтой” гэж Омахо хотын их сургуулийн Небраскийн их сургуулийн захирал Би. Жи. Рид ярьснаас The Wall Street Journal сонин эш татсан байна. Түүний хэлсэнтэй Атланта хотын девелопер Махеш Патель санал нэг байна. Тэр хүн 25 жилийн дотор дэлхий даяар 5000 гаруй лонх виски цуглуулжээ. Тэрбээр цуглуулгаа зургаан сая ам.доллараар даатгажээ. “Би үргэлж хоёр лонх виски авдаг. Нэгийг нь задлан амтыг амталдаг, харин нөгөөг нь үнэхээр ховор бол хадгалдаг” гэж Патель хуучилжээ. Нэг удаа  тэрбээр, 166 ам.доллараар 64 жил дарсан Dalmore Trinitas вискийг авчээ. Энэ виски нь ердөө гуравхан лонх үйлдвэрлэгдсэн учир тэр амсалгүйгээр хадгалж журмаа нэг удаа зөрчсөн гэдэг.

“Сүүлийн гурван жилд хуучин вискинй үнэ ихээхэн нэмэгдсэн учир тэднийг уух хэрэг байна уу гэж бодох болсон” хэмээн цуглуулгадаа 500 лонх вискитэй Аарон Чань ярилаа. Тэрбээр хоёр жилийн өмнө 774 ам.доллараар Афины дэлгүүрээс  Hanyu Ichiro Malt гэх япон виски худалдан авсан нь тийм виски Гонконгийн  дуудлага худалдаан дээр 14 дахин илүү үнээр зарагдсантай холбоотой.

Яагаад виски дарснаас илүү үнэтэй вэ?

Хуучин вискины хамгийн үнэтэй наймаа өнгөрсөн оны нэгдүгээр сард болжээ. Sotheby's дуудлага худалдаан дээр зургаан литрийн декантер скотч Macallan 630 мянган ам.доллараар зарагдсан юм.

Хуучин вискины зах зээл нь дарсныхаас жижиг ч гэлээ хурдан тэлж байна. Харин дарсных эсрэгээр хумигдаж байгаа юм. Wine Spectator, Whisky Highland сэтгүүлүүдийн мэдээгээр, вискины  дуудлага худалдаа $7,5 сая доллар байгаа бол дарсных  $337 сая долларт хүрчээ. 2008 онд  дуудлага худалдаагаар дөнгөж 1500 лонх зарагдаж байсан бол өнгөрсөн онд 20 мянга хүрчээ. 2020 он гэхэд вискины жилийн худалдаа 27 сая доллар болон өснө гэх дүгнэлт байгаа.

Зах зээл ингэж халж байгаа ч “хөөс үүстэл хол” гэж хөрөнгө оруулагчид итгэж байна. Учир нь, үйлдвэрлэгчид зах зээлийн эрэлтэд нийцүүлэн цуглуулгын виски гаргаж чадахгүй. Стандартын Glenfiddich, Glenlivet  вискины duty-free дэлгүүрийнх наад зах нь 12 жил дарсан байх ёстой. Нэмэгдэж байгаа эрэлтийг хуучин Скотчаар хангахад наад зах нь 10-15 жил хэрэгтэй ажээ. Мөн виски цуглуулах нь дарс цуглуулснаа өртөг хямд. Вискиг хадгалахын тулд нарны гэрэл тусдаггүй тусгай байр шаардлагагүй. Эцэст нь вискид хөрөнгө оруулахад саятан байх албагүй. 2004 онд Ardbeg Very Young виски нэг лонх нь 25 ам.доллар байсан бол одоо 150-200 доллар болон өсчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна