Шар усны үерийн гамшгаас сэрэмжлүүлж байна

2016 оны 3 сарын 11

Хүйтний ам цаашилж, цаг агаар дулаарч эхэлснээр өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй нөхцөл үүсгэсэн, мөн томоохон гол мөрөн гэсэж байгаа тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авто замын ашиглагч, хариуцагч болон авто тээврийн болон хяналтыг хэрэгжүүлэгч холбогдох байгууллага, жолооч, зорчигчдод  дараах сэрэмжлүүлгийг хүргээд байна.

  1. Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч байх.

  2. Томоохон гол, мөрөн, нуур бүхий аймаг, сумын Засаг дарга гол, нуурын  мөс хайлах, цөн түрэлт явагдаж, шар усны үер гарч дуустал шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, хориглох.  

  3. Газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлах, шар усны үер, цөн түрэлтийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын аюул багассан, зам, гүүр засварлагдсан тохиолдолд тэдгээрээр явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сэргээх шийдвэрийг гаргахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэх.

  4. Аймгийн Засаг дарга нар орон нутгийн томоохон нуур, голууд  дээр цас, мөсний  баяр, амралт зугаалгын арга хэмжээ болон мөсөн замын тээврийн үйлчилгээг эхлүүлэх, дуусгах  хугацаа болон  тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох асуудлыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэж байх.     

  5. Газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргаж, түүгээр тээврийн хэрэгслийг явуулахгүй байх.

  6. Эвдэрч нурсан зам, гүүр, нимгэрч цөмөрч хайлмагтсан нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг аймгуудын авто замын засвар, арчлалт хариуцсан болон автотээврийн эрх бүхий байгууллагууд хамтарч хийж гүйцэтгэх.

  7. Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар холбогдох байгууллагуудтай хамтран хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ, иргэдийн зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалт явуулах.

  8. Тээвэрчид  зам гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх.

  9. Авто замын хариуцагч байгууллагаас замын зурвас газар, гүүр, хоолойн хэсэгт орсон малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх, гол горхины урсгал гольдрилыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлах.  

  10. Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд жолооч нартаа шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг өгч, түүгээр явахгүй байх талаар мэдээлэл өгч аюулгүй байдлыг хангуулах

  11. Иргэд, жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй  эвдрэлтэй  авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг МХЕГ, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч байхыг зөвлөж байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна