Бурхангүй газар бумба галзуурна

2016 оны 3 сарын 11

Салхи шуурганд биш улстөрчдийн хор, ховонд “нурчих” шахдаг саарал ордон эл хуль. Тойрогтой, хөдөөтэй, айрагтай, цагаатай нэгэн нь нутгаа зориод алга болжээ. Айсуй сонгуульд аймаг, орон нутгаасаа өрсөлдөхөөр өөрийгөө сойж байгаа хүмүүс нь аль хэдийн тойргоо тордож услаад завгүй.

Төрийн ордны эл хуль, улс төрийн нам гүм, намуудын унтаа сэрүүн байдлыг ашиглан үе, үехэн мэдээлэл хийж өөрийгөө сурталчилж байгаа  ганц хүн бол О.Баасанхүү.

Үе, үехэн өрөөнөөсөө гарч ирээд, өөрийгөө дөвийлгөх түүний үгэнд итгэхээсээ итгэхгүй нь их.  Үнэндээ өдөржин ордон суухаас өөрөөр түүнд очих аймаг, услах тойрог гэж байх биш дээ, ядаж.

Тэгээд ч  өнгөрсөн дөрвөн жил чуулганы завсарлагаан болгоноор түүн шиг өрөөгөө сахиж үлддэг нь цөөхөн. Ихэнх нь хөдөө гадаа гээд энэ улс орныг анзаарахгүй алга болчихдог нь гэм биш зан хойно. Ганц дайчин маань ганцаардахгүй сууж байгаа нь их юм шүү дээ.

 Улс төрийн бужигнаан хэрүүл тэмцэл зогсч, хэвлэлийнхэн ч түүний үгийг өлгөн авахаас өөр мэдээлэл хомс үеийг ашиглан сонин, хэвлэлийн хуудас, телевизийн эфирийг дүүргэдэг болсон нь улстөрчийн хувьд ашигтай цагт, ашигтай байрлал эзэлж байгаа зөв л тактик гэмээр.

Түүний хувьд Ерөнхий сайдыг дуэльд дуудаад удаж байгаа. Даанч, Ч.Сайханбилэг  нь ажил ихтэй болоод ч тэр үү, аль эсвэл түүнтэй ам зөрөхөөс айсан уу, илгээсэн хүсэлтийг нь “гөлөөг” ч гэж тоохгүй байгаа.  Ямар сайндаа л “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өмнө нь бүлгийн дарга, боловсролын сайд, ЗГХЭГ-ын дарга хийж байсан. Ийм их ажлын туршлагатай хүн бодлого дээр унана гэж би бодохгүй байна. Тиймээс бодлогоор өрсөлдье. Тиймээс битгий ай, Сайханбилэг ээ” хэмээн өдөөд ч түүний үгэнд Ерөнхий сайд хариу өгөөгүй хэвээрээ л байна.

Бусдыгаа байхгүй хойгуур байгаа нэг нь дуугарах нь буруутгах явдал биш л дээ.  Гэхдээ хийх ажил багатай гишүүнд харин хэлж, шүүмжлэх зүйл их байгаа бололтой. Эрүүл мэнд, спортын сайдыг томилохгүй байгаа явдалд Ч.Сайханбилэгийг буруутгаж, үүгээр зогсохгүй Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтанд авах тухай асуудлыг  гаргаж тавих болсон Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарыг  шоу хийж байна гэв. Адилхан л ярих сэдэвгүй болчихоод уг нь хэн хэнийхээ шоуг хийж байгааг нь шүүмжлэх зөв, буруу нь мэдэхгүй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймгийн иргэдтэй уулзаж, тэмээний баярт оролцсныг бас л шүүмжилж “Ерөнхий сайдын ажлыг урдуур нь орж хийлээ” хэмээн ундцууцаж сууна билээ.  Эндээс харахад О.Баасанхүү гишүүн тойроггүй хоцорсондоо ууртай байна уу, аль эсвэл түүнд таалагдах зүйл байхгүй болсон уу, ямартаа ч түүний хийсэн хэвлэлийн хурал өөрийнх нь хэлснээр бодлого ярихаасаа илүү энд тэндэхийн хов базсан явдал болоод өнгөрсөн.

Ордныг “манаж” үлдсэн эрхэм гишүүнийг Ерөнхий сайдыг дуэльд дуудаж, хажуу хавиргаа муулж суухаар ядаж нэг тойрог олж аваад эртхэн услах хэрэгтэй шүү дээ хэмээн намын нөхөд нь зөвлөж байгаа гэх. Н.Энхбаяртайгаа түнжин хагарсан тэрбээр намынхаа байраар ч харагдахгүй ордон сахиад суух нь илүү амар байгаа бололтой дог.

Тойроггүй  гишүүний хувьд торойтлоо ордондоо үлддэг түүний зовлонг тойрогтоо гишүүд ойлгохгүй байх л даа. Ухна ишгэний зовлонг ойлгодоггүй гэсэн үг байдаг шүү дээ. Тэгэхээр яахав улс төрийн  гал түр зуурхан намжсан энэ хугацааг ашиглаад “Бурхангүй газар бумба галзуурч л байг” дээ хөөрхий.

 А.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна