Фукушима ба Шинзо Абе

2016 оны 3 сарын 11

 

Таван жилийн өмнө Фукушимад гамшиг сүйрэл авчирсан тэр хар өдрүүдийг япончууд өнөөдөр эргэн дурсч байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ Япон улс цөмийн эрчим хүчгүйгээр цаашид хол явж чадахгүй гэж хэлсэн юм.

 

2011 оны гуравдугаар сарын энэ өдөр Японы Номхон далайн хойд эрэгт 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэнээс хойд эргийн газар асар том усан давалгаанд арчигдсан билээ. Газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас 18500 хүн амиа алдаж, сураггүй алга болсон юм. Гамшиг үүгээр дууссангүй. Асар хүчтэй цунамийн усан хана Фукушима Даичи АЦС-ын цөмийн реакторуудыг сүйтгэж, 1986 оны Чернобылийн цөмийн сүйрлээс хойшхи хамгийн аймшигтай цөмийн аюул тарьсан билээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэлсэн үгэндээ “Байгалийн нөөц багатай манайх шиг улс цөмийн эрчим хүчгүйгээр эрчим хүчийг тасралтгүй хангаж чадахгүй. Нөгөө талаар бид уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад анхаарч байна” гэсэн юм.

 

Фукушимад болсон гамшиг сүйрлийн дараа Япон улс цөмийн реакторуудаа хаасан боловч Шинзо Абэ дэлхийд томоохонд ордог эдийн засгаа цаашид хэвээр авч үлдэхийн тулд реакторуудаа ажиллуулахаар зэхэж байгаа юм.

 

Цөмийн алдагдал дагуулсан гамшиг сүйрэл нь байгалийн нөөцөөр хомс Япон улсыг эрчим хүчний алдагдлаа өртөг өндөртэй чулуун нүүрсээр орлуулахад хүргэсэн юм. Японы шүүхээс саяхан дахин хоёр реакторыг хаах шийдвэр гаргасны дараа Шинзо Абэ дээрх мэдэгдлийг хийсэн юм.

 

Шинзо Абэ цөмийн эрчим хүч бол Японы эрчим хүчний талаар явуулж буй бодлогын цөм нь гэж үзэж байгаа юм. Гэвч Японы ард иргэд Фукушимад болсон аймшигт гамшиг сүйрлийг мартаагүй, шарх нь аниагүй байгаа билээ. Японд цөмийн эрчим хүчнээс татгалзах хандлага улам газар авч байгаа.

 

Шинзо Абэ мөн олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ “Цөмийн аюулгүй байдал бол Засгийн газрын тэргүүлэх чиглэл. Түүнээс гадна иргэдийн цөмийн эрчим хүчинд итгэх итгэлийг сэргээх нь юу юунаас илүү чухал байна” гэсэн юм.

 

Эцэст нь хэлсэн үгэндээ Шинзо Абэ Японы Засгийн газар цөмийн эрчим хүчнээс хараат байдлыг бууруулахаар ажиллах болно гэж амлажээ. Япон улс өнгөрсөн жилээс Кагошима дах АЦС-ын хоёр реакторыг ажиллуулснаар хоёр жил зогсоод байсан цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг дахин сэргээсэн билээ.

 

Фукушима Даичи АЦС-ын эзэмшигч Токиогийн эрчим хүчний компанийн захирал асан гурван албан тушаалтны шүүх хурал өнгөрсөн сард болж, тэднийг цөмийн реакторын аюулгүй ажиллагааг хангах шаардлагатай арга хэмжээ авч чадаагүй гэж буруутгасан юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна