“Ногоон хот байгуулалт” форум боллоо

2016 оны 3 сарын 11

“Ногоон хот байгуулалт” форум нь 2012 оноос хойш тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн форумыг “Ногоон хот байгуулалт” сэдвийн дор БХБЯ, БОНХАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөр НҮБ-Хабитат, Жайка зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа. Форумын гол зорилго нь дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, байгаль орчны бохирдол нь дэлхийн нийтийн асуудал болоод байна. тиймээс байгальд ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай болсон. Үүнтэй холбогдуулан “Ногоон хот байгуулалт” форумыг зохион байгуулж байгаа юм байна.

Энэхүү форумд “Монгол улсын ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг олон нийтэд таниулах, нийслэл, орон нутагийн хот байгуулалтын үйл ажиллагаанд тусгуулах зорилготой аж. Тэр ч утгаараа хөдөө орон нутгийн төлөөлөл хүрэлцэн ирж аймаг, сумын ногоон хөгжлийн төлөвлөгөөг танилцууллаа. 

Форумд хүрэлцэн ирсэн хөдөө орон нутгийн төлөөлөл болох Говь-Алтай аймгийн Ерөнхий архитектор М.Батсуурь

-Манай аймаг газар нутгийн онцлогоос шалтгаалаад ногоон байгууламж муутай юм. Тиймээс өөрсдийн хүчээр ногоон байгууламжтай болох зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж байна. Эхний ээлжинд говийн нөхцөлд тэсвэртэй ургамлын судалгааг хийгээд улиас, алимны мод тарьсан. Харин аймгийнхаа газар нутгийг гурван бүсэд хувааж тохижуулах ерөнхий төлөвлөгөө боловсруулсан. Бүтээн байгуулалтын ажил энэ жилээс эхэлнэ.   

Нийслэлийн ногоон хот байгууламжын талаар Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Г.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Ногоон хөгжил гэдэг бол хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх замаар амьдралаа дээшлүүлэх загвар юм. Жишээ нь, Улаанбаатар хот 1,3 сая хүн амтай. Үүний хүнсний хангалтыг хийх гэж хотыг тойроод хэдэн арван мянган га-аар газар хагалаад байх шаардлага байхгүй. Бид хотын хүнсний хангамжийг хангахын тулд иргэд өөрсдөө балкон дээрээ, хашаандаа төмс ногоо тарих боломжтой. Энэ бол хэцүү зүйл биш. Ногоон хот байгуулахад иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэй. Тэр нь энгийн зүйлээс эхэлнэ гэдгийг хэлмээр байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна