Бүх ард түмний спортын наадам Сүхбаатарт үргэлжилж байна

2016 оны 3 сарын 11

Монголын Бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо эхэллээ. Тэмцээнийг Эрүүл мэнд спортын яам, Биеийн тамир сургалт хөгжлийн төв, Монголын хүндийн өргөлтийн холбоо болон Сүхбаатар аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ хамтран зохион байгуулж байна.

Энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус тэмцээнд “Алдар”, “Аврагч”, “Хүч”, “Хилчин” спорт холбоо болон Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг зэрэг нийт 18 багийн 180 орчим тамирчид оролцож байна. Тэмцээн эрэгтэй 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, 85 кг, 105 кг, +105 кг, эмэгтэй 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг, +75 кг-ын жинд болж, аваргууд тодорно.

Энэ удаагийн тэмцээн хүндийн өргөлтийн спортыг орон нутагт сурталчилан таниулах, тамирчдын хүрээг тэлж, тамирчдын чансааг сайжруулах, “РИО 2016” олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжихэд оршино. Мөн Сүхбаатар аймагт насанд хүрэгчид болон Бүх ард түмний их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй анхны тэмцээн болж байна.

Өнөөдөр ЭМСЯ-ны харьяа БТСХТ-ийн эрдэмтэн судлаач, доктор Ш.Долгор “Дасгалжуулагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Энэ удаагийн сургалтад хүндийн өргөлтийн дасгалжуулагч, орон нутгийн биеийн тамирын багш, дасгалжуулагч нар хамрагдлаа. Сургалтаар “Дасгалжуулагчийн ёс зүй”, Тамирчны сэтгэл зүй, хөгжил”, “Тамирчны олон жилийн төлөвлөлт” зэрэг сэдвээр явагдаж, орон нутгийн багш нартай чөлөөт ярилцлагыг хийлээ. 

Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болох бөгөөд маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 12-13-ны өдрүүдэд УАШТ болж, Бүх ард түмний XIV их наадмын аваргууд тодорно.

Мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна