Түлш, эрчим хүч, орон сууцны үнэ буурчээ

2016 оны 3 сарын 11

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2016 оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар өнөөдөр /2016.03.11/ мэдээллээ. Хоёрдугаар сарын хувьд урин дулаан цаг ойртсон өдрүүд гэдэг утгаараа цаг үеэ даган цахилгаан дулаан, түлш эрчим хүч, орон сууцны үнэд бага зэргийн бууралт ажиглагдсан байна. Харин эсрэгээрээ махны үнэ бага зэрэг өсчээ. Мөн боловсролын үйлчилгээ, хувцас, бөс бараа, гутал, гэр ахуйн тавилгын бүлгийн үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлж хоёрдугаар сарын хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.7 хувиар, харин өмнөх оны энэ үеэс хоёр хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин хоёрдугаар сард бүртгэлтэй ажилгүй иргэдийн хэмжээ өмнөх оноос  1.3 мянган хүнээр нэмэгдсэн байна.

Мөн энэ хоёрдугаар сард ажилчдын цалинд багагүй өөрчлөлт гарчээ. Тухайлбал 700 мянга хүртэлх цалинтай иргэдийн хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.

192 мянга хүртэл цалинтай иргэд 2.6 мянга

192-300 мянга хүртэлх цалинтай иргэд 8.5 мянга

300-500 мянга хүртэлх цалинтай иргэд 18.7 мянга

500-700 мянга хүртэлх цалинтай иргэд 2.3 мянган хүнээр тус тус буурсан байна. Харин 700 мянгаас дээш цалинтай ажилчдын хэмжээ нэмэгдсэн дүр зураг харагджээ. Тухайлбал:

700-900 мянган төгрөгийн цалинтай иргэд 8.4 мянга

900-1 100 000 төгрөгийн цалинтай иргэд 3.5 мянга

1 300 000-1 500 000 төгрөгийн цалинтай иргэд 0.8 мянган хүнээр тус тус өссөн үзүүлэлт гарчээ.  

Тэгвэл хоёрдугаар сарын байдлаар улсын төсвийн алдагдал 258.5 тэрбум төгрөг болжээ. Харин татварын орлого өмнөх оноос 27.4 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар буурсан байна.

2016 оны эхний хоёр сард Монгол Улс 105 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 965.4 сая ам.доллар болжээ. Үүнээс 613.3 сая ам.долларын экспорт, 352.1 сая ам.долларын импорт хийсэн байна. Тэгвэл гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хоёр сард 261.2 сая ам.долларын ашигтай гарчээ. Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 250.2 сая ам.доллар буюу 20.6 хувь, экспортын хэмжээ 139.9 сая ам.доллар буюу 18.6 хувь, импортын хэмжээ 110.2 сая ам.доллар буюу 23.8 хувиар буурсан байна.

Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн хэмжээ 889 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.8 тэрбум төгрөгөөр буюу 0.5 хувиар өссөн. Харин хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 974.5 тэрбум төгрөг буюу 4.5 хувиар буурсан байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна