Сонгуулийн хуулийг дахин өөрчлөх үү?

2016 оны 3 сарын 11

Намын нэрсийн жагсаалтаар сонгогдох 28 мандатыг 22 болгон зургааг нь нийслэлийн зургаан тойрогт шилжүүлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж санаачлан боловсруулсан. Уг төслөө хараахан УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа ч Засгийн газраас санал авсан.

Хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ. Энэ үеэр УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ гэх мэдээлэл ч бий. Хэрвээ УИХ дээрх төслийг хэлэлцэн баталбал сонгуулийн холимог тогтолцоо болох 48х28-ын харьцаа өөрчлөгдөж, 54х22 болох юм. Энэ тохиолдолд УИХ-ын 76 гишүүний 54 нь тойргоос, 22 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдоно. Ингэхдээ нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул,  Сүхбаатар дүүргийн мандатын тоо тус бүр нэгээр нэмэгдэж, нийслэлийн тойргоос 20, аймгийн тойргоос 34 гишүүн сонгогдох болж буй. Харин 22 гишүүн намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдоно.

Дээрх хуулийн төслийг дэмжиж байгаа эсэх, мөн цаг хугацааны хувьд УИХ нэр бүхий хуулийн төсөлд өөрчлөлт оруулах боломжтой эсэхэд УИХ-ын гишүүд ийм байр суурьтай байна.


Д.Тэрбишдагва: Нийслэлийн мандатын тоог нэмэх ёстой

Нийслэлийн мандатын тоог нэмэх нь маш зөв. Хэд, хэдэн шаардлага бий. Нэгдүгээрт, Сонгинохайрхан дүүрэг 320 мянган хүн амтай, хувь тэнцүүлбэл тус дүүргийг төлөөлөн УИХ-д найман гишүүн суух шаардлага бий. Ийм боломжгүй учраас мандатын тоог нэмэх нэмэх санаачлага гаргасныг дэмжиж байгаа юм. Хоёрт, Сонгинохайрхан дүүрэгт шийдэх шаардлагатай хүнд асуудал олон бий.

Ард иргэдтэй уулзахад намын нэрсийн жагсаалтаар сонгогддог тогтолцоог байхгүй болгох ёстой гэдэг санал шүүмжлэлийг олонтаа хэлдэг. Намын даргын үзэмжээр ард түмнийг УИХ-д төлөөлөх гишүүн сонгогдож байгаа нь буруу гэдэг. Тэгэхээр Үндсэн хуулийн зарчимд тулгуурлаад намын нэрсийн жагсаалтаар сонгогддог 28-ыг бууруулбал сайн, байхгүй болгоно гэвэл бүр сайн. Гол нь УИХ баталсан хуульдаа ойр, ойрхон өөрчлөлт оруулах нь зөв зүйл биш. Тийм учраас аль аль талынх нь эерэг болоод сөрөг талыг ултай суурьтай судлах шаардлагатай. Ер нь бол нийслэлийн мандатын тоог нэмэх нь зөв шүү.   


Д.Батцогт: Цаг хугацаа бий юу гэдгийг бодох ёстой

Намын нэрсийн жагсаалтаар сонгогддог 28-аасаа 6-г нь нийслэлийн тойрог руу татчихаж болно. Гэхдээ УИХ Сонгуулийн хуулиа батлаад хэдхэн сар болж байна. Батлагдсан хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл хангаж ажиллаж байгаа. Хуульд өөрчлөлт оруулахаар ажлыг нь хүндрүүлэх зүйл гарах вий гэдэг болгоомжлол байна. Нөгөө талаас УИХ-д Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломж цаг хугацаа бий юу гэдгийг бодох ёстой. Хуульд хэзээ ч өөрчлөлт оруулж болох нөхцөл байдал үүссэн ч ойр, ойрхон хуулиа өөрчлөх нь зөв алхам бас биш.

Ард иргэд жагсаалтын 28-ын тоог бууруулахыг бол дэмжинэ. Үүнийгээ өөрчил гэдэг шаардлагыг уулзах бүрийд хэлдэг.


С.Бямбацогт: Сонгуулийн хуулийг дуртай үедээ өөрчилж болохгүй

Сонгуулийн хуулиа дуртай үедээ хэн ч хамаагүй өөрчлөөд байвал эх захгүй асуудал үүснэ. УИХ-ын гишүүн бүр өөрт таалагдах өөрчлөлт оруулна гэвэл би ч гэсэн сонгуулийн тогтолцоогоо өөрчилж 76 жижиг можаритор болгоё гэсэн төсөл санаачилхад бэлэн байна. Сонгуулийн хуульд ээлжит сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт суугаагүй ч НҮБ-ын Хүний эрхийн конвенцитой холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолд ээлжит сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. Энэ утгаараа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй байгаа шүү.


Б.Гарамгайбааатар: Хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүний асуудал

Өмнө нь Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө баталж, өөрчилж болдоггүй байсан нь үнэн. Оны өмнөхөн баталсан сонгуулийн тухай хуульд энэхүү заалт нь байхгүйтэй холбоотой шүүмжлэл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бусад дагаж, мөрдөх хууль нь хэвээрээ байгааг хаана, хаанаа ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхийнхээ хүрээнд ямар хуульд өөрчлөлт оруулж, олон нийтээс санал авах нь тэдний эрхийн асуудал. Тиймээс зарим гишүүн Сонгуулийн тухай хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилсныг буруутгах боломжгүй.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна