Баруун аймгууд руу “Аэро Монгол”-ын түрээсэлсэн онгоц ниснэ

2016 оны 3 сарын 11

Засгийн газрын шийдвэрээр ирэх сарын 16-наас орон нутаг том оврын онгоц нисэх гэж байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт өчигдөр ИНЕГ, МИАТ компани, “Аэро Монгол” компанийнхантай уулзлаа. 

Энэ уулзалтын талаар сайд М.Зоригтоос тодрууллаа.

-МИАТ компанийн нэр дээр “Аэро Монгол” компани онгоц түрээсэлж баруун аймгууд руу нислэг үйлдэхээр болсон талаар тодруулах гэсэн юм?

-“Аэро Монгол” компани МИАТ компанитай хамтран баруун аймгууд руу нислэг үйлдэхээр болсон. Баруун аймгууд руу хотоос шууд нисэхэд 2-3 цаг зарцуулдаг. Энэ зайг богиносгох, хурдасгахын тулд ийм зохицуулалт хийж байна. Зах зээлийн эрэлт ч их байгаа. “Аэро Монгол” компани Улаанбаатараас Ховд аймаг руу, тэндээсээ Улаангом, Говь-Алтай руу нислэг үйлдэнэ. Зорчигч урсгал, онгоцны буудлын боломжоос шалтгаалан баруун аймгуудын сумд руу нисэх боломжтой.  “Хүннү эйр” компани ч Ховдоос Улаангом, Алтай чиглэлд “Аэро Монгол”-той хамтарч ниснэ. Ингэснээр баруун гурван аймгийн төвүүдийг холбосон нислэгтэй болж байгаа юм.

-“Аэро Монгол” компани МИАТ компанийн нэр дээр онгоц түрээсэлж авч байгаа гэсэн. Түрээсийн төлбөр мөнгөний тухайд?

-МИАТ компанийн нэр хүндийг ашиглаж онгоц түрээсэлж байна гэж хэлж болно. “CAT” компаниас онгоц түрээслэхээр тохиролцсон. Энэ долоо хоногт гэрээнд гарын үсэг зурна. Онгоцны сарын түрээс 200 мянган ам.доллар байх бөгөөд түрээсийн хугацаа эхний удаад таван сар гэж тооцоолсон. Энэ хугацаанд “Аэро Монгол” компани өөрсдөө онгоцоо түрээслээд биеэ даагаад явчих боломжтой болно гэж харж байна. Цаашид түрээсийн гэрээг хоёр жил хүртэл хугацаагаар сунгах боломжтой.  Үүнийг төрөөс хувийн хэвшилд үзүүлж байгаа дэмжлэг гэж ойлгох хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна