Юнивижн авсан шигээ өгч чаддаг байя

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Юнивижн авсан шигээ өгч чаддаг байя

Монголын эдийн засаг элгээрээ хэвтэхтэй зэргэцэн монгол бизнес ч ёс зүйгээрээ  шал арчиж  эхлэв бололтой. 

Угаасаа хэрэглэгчдээ хаан гэж дээш залахаасаа илүү дараа гэж тээршаадаг  монгол сервис бараг л дэлхийд зартай гээд хэлчихэд буруудахгүй. Манайд ирээд явсан жуулчид “ мөнгө төлж байхад уурладаг хүнийг зөвхөн Монголд үзлээ” гэж ярьдаг юм гэсэн. Гэхдээ цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө  байдаггүй гэгчээр сүүлийн үед  юм үзэж нүд тайлсан хүмүүсийн тоогоор бизнесийн соёл нэвтэрч хаана ч орсон нүүр улайхгүй үйлчилгээ бизнестэй болж эхэлж байсан юмсан. Тэдний тэргүүн эгнээнд Мобиком, МИАТ, Юнител зэрэг харилцаа холбоо, шинэ техник технологийн компаниуд улс орныхоо нүүр царай болдог байлаа. МИАТ-ын касс, Мобикомын салбар, Юнителээр ороод гарахад нүд хужирламаар бүсгүйчүүдээс гадна шуурхай түргэн хүндэтгэлтэй үйлчилгээ сэтгэл татдаг. Гэтэл эдийн засгийн энэ хямрал энэ бүхнийг хуугаар нь байхгүй болговол ямар харамсалтай вэ. Мөнгөгүй боллоо гээд үйлчилгээгээ муутгаж тогтсон соёлоо алдаж болмооргүй санагдах юм.

Юнивижн ТВ монголчуудын тодорхой хэсгийн тогтмол хэрэглээ болсон том  бизнес. Холливуудын блокбастераас эхлээд монголчуудынхаа уран бүтээлийг тодорхой хөлс мөнгөөр хэрэглэгчдэдээ хүргэдэг энэ суваг үзүүлсэн киноныхоо мөнгийг хэрэглэгчдээс авахдаа өдөр хоног алддаггүй. Гэрээ ёсоор яс тас хураадгийг хэрэглэгч та мэднэ. Гэтэл үзүүлээд хөлсийг нь хувааж авна гэж гэрээлсэн  киночдодоо өгөх хөлсөө сар сараар хоцроодог нь ямар учиртай юм бол. Хөөрхий продакшн, студи зэрэг том тодотголтой л болохоос цаана нь хэд гурван залуус нийлж хийсэн киноныхон эндээс авах хөлсөө хүлээсээр өрийн сүлжээнд унах болжээ. Өмнө нь шаарддаггүй байсан баримт нэмж нэхэх, нэг киноны хөлсөө авахын тулд нөгөө кинотой холбоотой асуудал сөхөх зэрэг эцэс төгсгөлгүй хүнд сурталд нь нухлагдан хэдэн долоо хоногоор нааш цааш явсаар зарим нь цөхөрчээ.  Эдийн засаг муу, хөрөнгө мөнгө тааруу байгаа нь компаниудын бусдад өгөх мөнгөн дээрээ ичихгүй гараа татдаг шалтаг болж байгаа бололтой. Юнивижн том компанийнхаа зангарагийг зааж хөөрхий киночдыг хичнээн ч буцаасан шалтаг олдоно.. Харин Монголын бизнесийн нүүр царай гэж  бидний бахархдаг эцэг компанийнх нь тунхагладаг компанийн соёлд хэр нийлэмжтэй юм бол. Ерөнхийлөгчийн АСЕМ-ын уулзалтын шууд дамжуулалтын “ам барилтыг”  арай л санаатай анхаарал хандуулалт гэж тайлбарлах нь холгүй байсан шуугианы араас киночид бас хэвлэлд хандаж байна. Улс мөнгөгүй болох нь бүгд  ичих нүүргүй болох шалтаг мөн гэж үү. Юнивишн хэрэглэгчдээсээ мөнгө авдаг шигээ бас өгч чаддаг баймаар байна                             

                                                                                                                            А.ТУЛГА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж