Н.Жанцан 100 асуултад хариулжээ

2016 оны 3 сарын 11

“Төрд зүтгэж яваа хүнд ачаа даах чадвар гэж нэг чухал зүйл байдаг. Тэр ачааг оюуны чадавх, сэтгэлийн бяраар давдаг. Өөрөөр хэлбэл, та өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр өөрийгөө тэр шаардлагыг хангах өндөр төвшинд бэлтгэх ёстой, хэрэв та үлгэн салган ажил гүйцэтгэх төвшинд өөрийгөө бэлтгэсэн бол юун өөр салбарт давхар хүчээ үзэх, төрийн ажлыг цалгардуулахгүй явахаа хичээх л үлдэнэ. Тийм болохоор өөрийнхөө авьяас билэг, боломж бололцоогоо мэдэрч ажлаа хуваарилаж сурах нь чухал” хэмээн Монгол Улсын Гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцангийн “Төр дээдлэх соёл” номын Өмнөтгөлд тэмдэглэжээ.

Профессор Н.Жанцанд тавьсан 100 асуулт түүний хариултаас бүрдэж буй энэ номонд  “Миний хариулж чадах, тэгэхдээ асууж буй асуулт нь цагийн шалгуур даах, уг асуулт, хариултыг хэдэн жилийн дараа ч уншсан хүнд хэрэг болох талаас нь бодоорой гэсэн” тухайгаа тэрээр ний нуугүй өгүүлжээ. Сэтгүүлч, хуульчдын баг бэлтгэсэн 100 асуулт нь Наваанпэрэнлэйн Жанцан хэмээх энэ эрхэм хүний  амьдрал, ажил үйлс төдийгүй, бүтээл туурвил, хүсэл мөрөөдөл, санаа бодол, дурсамж зэрэг  өргөн хүрээг хамарчээ.

Н.Жанцан нь БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат,  Бага Хурлын гишүүн байсан, Үндсэн хуулийн Цэцийн анхны гишүүний нэг төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, орлогч дарга, гишүүний албыг 24 жил тасралтгүй хашиж яваа нэгэн билээ.

Ж.НЭРГҮЙ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна