Орос, Хятадын сайд нар хойгийн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Орос, Хятадын сайд нар хойгийн асуудлыг хэлэлцэнэ

 

ОХУ болон Хятадын Гадаад хэргийн сайд нар өнөөдөр /III.11/ Москва хотноо уулзаж байна. Тэд хоёр орны хамтын ажиллагаа болон Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдал, Сирийн хямралын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Уулзалтад хоёр орны гадаад хэргийн болон батлан хамгаалахын шинжээч, мэргэжилтнүүд оролцож байгаа аж.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Хятадын Ван И нарын энэ уулзалт Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлцлийн хоёр дахь шатны яриа хэлэлцээ юм. Өмнө нь гуравдугаар сарын 4-нд ОХУ болон Хятадын Гадаад хэргийн дэд сайд нар уулзсан байв.

 

Солонгосын хойгийн хурцадмал байдлын талаар ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “АНУ-ын пуужингаас хамгаалах “THAAD” систем БНСУ-д байрших нь Зүүн Хойд Азийн цэрэг-улс төрийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлнө” хэмээн өмнө нь мэдэгдэж байжээ.

 

АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн Хойд Солонгос өчигдөр /III.10/ богино тусгалын хоёр пуужинг Япон тэнгис рүү харвасан юм. АНУ нь Солонгосын хойгт явуулж буй цэргийн сургуулилтад өмнөх жилүүдээс олон тооны цэрэг оролцуулж, дэвшилтэт зэвсэг техникийг ашиглаж байгаа аж.

 

Пхеньян нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, устөрөгчийн бөмбөг туршсан хэмээн мэдээлсэн. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: TASS NEWS AGENCY

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж