Нисэх буудлуудын алдагдал өсчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Нисэх буудлуудын алдагдал өсчээ

Орон нутгийн нисэх буудлууд 2014 онд 798.8 сая төгрөгийн орлоготой, 9.6 тэрбум төгрөгийн зардалтай, 8.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол 2015 онд 624.5 сая төгрөгийн орлоготой, 10.1 тэрбум төгрөгийн зардалтай, 9.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Өнгөрсөн онд авиакомпаниуд 189.9 мянган зорчигчийг аймгууд руу  тээвэрлэсэн нь 2014 оныхоос 25.3 хувь буюу 64.4 мянган зорчигчоор буурсан байна. Энэ нь аймгийн төвүүдийг холбосон авто зам сайжирч, зорчигч тээврийн тохилог автобус тогтмол үйлчилж, тээвэрлэлт нэмэгдсэн, улс орны эдийн засгийн байдал, худалдан авах чадвар буурсан зэрэг хүчин зүйлтэй холбоотой гэнэ. Өдөрт 2-3 удаагийн нислэг хийж байсан Мөрөн, Даланзадгад болон Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш зайд орших Ховдын Булган сум, Баянхонгор, Алтай, Баруун-Урт, Тосонцэнгэл зэрэг ихэнх чиглэлийн нислэг зогсч, сэргээхэд хүндрэлтэй болсныг ИНЕГ-аас мэдээлж байна.  

Тиймээс цаашид хөдөө орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор орон нутгийн нисэх буудлын үйлчилгээ, орон нутгийн хуваарьт нислэгийн үйлчилгээг татварын бодлогоор дэмжих шаардлагатай байгаа аж. Мөн алсдаа хөдөөгийн нисэх буудлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажиллуулах, үйлчилгээг нутгийн засаг захиргаа, хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж