Аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

2016 оны 3 сарын 11

Аймгуудын удирдлагуудтай сар бүр хийдэг цахим хурал Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд нар оролцлоо.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар орон нутгийн удирдлагуудад танилцууллаа.

Цахим хурлын үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Аймгуудад Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах Засгийн газрын үүргийг хугацаанд нь буюу энэ оны зургадугаар сарын 1-ний дотор санаачилгатай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.  

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ болон шар усны үерээс болгоомжлох сэрэмжлүүлгийг иргэд, малчдад шуурхай хүргэх шаардлагатай байгааг анхаарууллаа. Мөн төл хүлээн авах болон хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангуулахад онцгой анхаарч ажиллахыг Засаг дарга нарт даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна