МҮАН Эх орон намтай эвсэх үү?

2016 оны 3 сарын 11

МҮАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайхан өнөөдөр Эх орон намын дарга Б.Эрдэнэбаттай уулзжээ. Уулзалтын үеэр тэд улс орны эдийн засгийн нөхцөл байдал, мөн сонгуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцсэний зэрэгцээ МҮАН, Эх орон намууд УИХ-ын сонгуульд эвсэж орох боломжийн талаар ярилцсан байна. Ингэхдээ “Эх орон ардчилал шударга ёс” эвсэл байгуулан орох боломжийн талаар хөнджээ.

2012 оны УИХ-ын сонгуульд МҮАН МАХН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулан оролцож, парламентад 11 суудалтай болсон. Гэхдээ хамтран УИХ-ын төвшинд ажиллах талд амжилт олоогүй. Үүнээс ч болсон уу, МАХН шинэ оны дараахан Монголын Ногоон намтай хамтран УИХ-ын сонгуульд оролцох бэлтгэлээ хангаж эхэлсэн.

Мөн Ардчилсан намын зүгээс МҮАН-д УИХ-ын сонгуульд эвсэж орох урилгыг илгээсэн юм. Үүнд МҮАН-ын дарга тодорхой хариу өгөлгүй өнөөдрийг хүрээд байгаа.

Дээрх уулзалтаас харвал МҮАН Эх орон намтай эвсэн УИХ-ын сонгуульд оролцож мэдэхээр байна.

“Эх орон” нам нь  2012 оны УИХ-ын сонгуульд дангаар орж байсан ч энэ удаад өөр намтай эвсэх яриа эхлүүлсэн нь Сонгуулийн хууль хатуу батлагдсантай ч холбогдож мэдэхээр байгаа юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна