Бүх ард түмний наадмын хүндийн өргөлтийн аваргууд тодорно

2016 оны 3 сарын 12

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүндийн өргөлтийн тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж байна. Энэ удаагийн тэмцээнийг Эрүүл мэнд спортын яам, Биеийн тамир сургалт хөгжлийн төв, Монголын хүндийн өргөлтийн холбоо болон Сүхбаатар аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ болон дэмжигч байгууллагууд хамтран зохион байгуулж буй.

Тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр(03.11) Cүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт боллоо. Энэхүү арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Эрүүл мэнд спортын яамны мэргэжилтэн О.Гэрэл, Монголын хүндийн өргөлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Даваабаяр, дэд ерөнхийлөгч С.Үеэнбаатар, Л.Дашзэвэг, ЭМСЯ харьяа БТСХТ-н эрдэмтэн судлаач, доктор Ш.Долгор зэрэг хүндтэй зочид, баг тамирчид оролцлоо. 

Монголын хүндийн өргөлтийн холбооны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Бүх ард түмний XIV их наадмын хүрээнд болж буй хүндийн өргөлтийн тэмцээн Зүүн бүсэд анх удаа болж байгаараа ихээхэн онцлогтой. Мөн Сүхбаатар аймагт хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн тэмцээн болон Бүх ард түмний наадам анх удаа болж байна. 

Энэ удаагийн тэмцээнд “Алдар”, “Аврагч”, “Хүч”, “Хилчин” спорт холбоо болон Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг зэрэг нийт 18 багийн 180 орчим тамирчид өрсөлдөх юм.

Бүх ард түмний спортын XIV наадмын эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, эмэгтэй 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг-ын жингийн аваргууд тодорно. Тэмцээн өнөөдөр, маргааш Сүхбаатар аймгийн БТСГ-ын спортын зааланд болно.

ХУВААРЬ:

III.12. Бямба: Эрэгтэй 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, эмэгтэй 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг

III.13. Ням: Эрэгтэй 85 кг, 105 кг, +105 кг, эмэгтэй 69 кг, 75 кг, +75 кг

 

Тэмцээний нээлтийн ажиллагааны фото агшнаас.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна