Уур амьсгал дулаарна

2016 оны 3 сарын 12

2015 оны арваннэгдүгээр сарын гуравдугаар арав хоног

1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

2015 оны арваннэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голууд 20-50 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-25 см нэмэгдсэн байна. Дээрх голуудын мөсний зузааныг олон жилийн дундажтай харьцуулбал 10-20 см бага харин Дэлгэрмөрөн, Шишхэд голын хувьд 5-10 см ахиу байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-10 см нэмэгдэж, 20-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь олон жилийн дунджаас 10-25 см-ээр нимгэн байна. Харин Суман, Хойттамир, Урдтамир голд мөсөн зах үүсч өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна.

Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж болон түүний цутгал голууд 15-40 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-20 см- ээр зузаарсан байна.  Эдгээр голуудын мөсний зузаан 2014 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-15 см бага харин Хүдэр, Ерөө, Туул голын адгаар 5-10 см ахиу зузаантай байна.

Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд 20-40 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь өнгөрсөн хугацааныхаас 20-25 см нэмэгдсэн байна. Энэ нь  олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см бага байна.

2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Улз, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-35 см нэмэгдэж, 30-60  см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудын мөсний зузаан олон жилийн дунджийн орчим байна.  

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Ховд, Сагсай, Турган, Долооннуур, Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Онги, Зэгстэй, Таац, Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Түргэн, Тэс, Хангилцаг Намир, Хариг зэрэг голууд 15-65 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь 11 дугаар сарын 21-ний өдрийнхөөс  5-30 см зузаарсан байна. Энэ нь олон жилийн дундаж зузаанаас 5-25 см ахиу байгаа бол Увс нуурын савын голууд 5-25 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Турган Харбут, Чигэртэй, Яруу, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги голын адаг болон Зэгстэй, Таац зэрэг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна.

Арваннэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-35 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа  хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

Ус судлалын сектор

2015.12.01

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна