Усны чоно

2016 оны 3 сарын 12

ӨГҮҮЛЛЭГ

Бусдын зүрхээр өөрийгөө
хүмүүс гоёдог байтал
өөрийнхөө зүрхээр бусдыг
бүлээцүүлж гоёдог юм тэр.
Тэнгисийн мандал зайдагнасан нойрмог манан зүүднээсээ өндийх мэт алгуурхнаар хөөрнө. Өтгөн манангийн хаа нэгтээгээс шол шолхийн ус алгадах сэлүүрийн чимээ ойртсоор төдөлгүй цалгиатан намилзах их усан манангийн цайвар хормойг ярэн дунд зэргийн завины мөлгөр хошуу бидэр татуулан дайвалзсаар цухуйлаа.Нэгэн жигд хэмээр цалгин давалгаалах усны чимээ өвгөжөөр хүний сөөнгө хоолойгоор

Хайя...Хайянан аа...хэмээн уухайлах дуутай найрсаг нэгэн өвөрмөц эгшиг задгай тэнгисийн мандал дээгүүр дуурьсан улам бүр дөтлөнө.Өвгөн жаал охин хоёр Үсэхүгийн отгийг зорин айсуй нь энэ ажээ.

Ай даа...цагаахан Жийнүүнээ минь .Тэр усны чоно (тул загас) гэдэг чинь мартамхай гэдэг нь дэндсэн амьтан байдаг юм шүү дээ.Хэдхэн хормын өмнө л тохой хэрийн урт зэвэг загас залгичихсан хэрнээ тэрийгээ ор тас мартаж орхичихоод дахиад л ан хөөж явна.Үргэлж л ямар нэгэн зүйлд тэмүүлэн зүтгэж явна.

Хайя...Хайянан аа. ..Хайя...хэмээн өвгөн хүчлэн сэлүүрдснээр сэлүүрээ татан өөр дээрээ тавиад яриагаа их л шунамхай цааш үргэлжлүүлэн ингэж ярина.
-Хийморлог нь дэндсэн амьтан. За тэгээд ямар ч хүчтэй бүхий давалгааг юман чинээ тоохгүй эгээ л галзуу юм шиг сэлж гарна даа.Ай мөн ч хийморьтой даа.Хэд татаж буй гаансаа утаанд хахаж цацан хий ханиалгаж хэрчигнэж хүржигнэсэн хоолойгоо хяхтнуулан бүгшинэ.

Нус нулимсаа гоочтол зовиуртай удаан бүгшсэний эцэст тэнгисийн хар ногоон уснаас гараараа хутган амаа зайлж сая л нэг дотор нь онгойсон бололтой бүдүүн бүдүүн хөх судаснууд нь гүрвэлзэн товойсон хатингар гэдэг нь жигтэйхэн туранхай атлаа шөрмөслөг ер бусын том алгаараа үдээр шиг өмгөр урууулаа эв дүй муутайхан шудчин арчаад

-энэ муу гашуун нохойноос мөн ч болно доо.Энэ өгөр толгой,гээд Яахав дээ..Насны үзүүр орой гэдэг нь болсон хойно салж дөнгөхгүй л юм даа.Бүр хууч хөдөлгөчихлөө шүү муу золиг чинь. Өтөлнө гэдэг шоглоом л болдог юм байна даа. Уг нь өдийд Үсэхү удганы овогт хэдийнээ хүрчихгүй юу.Муу золигийн усны чононоос л боллоо.Муу золиг чинь өдийд л сүүлээ шургуулсанаа тоосон ч шинжгүй сэрвээгээ хатгаад л хөвж яваа даа. Гайгүй ээ. Нэгтээ учрах л байлгүй. За за энэ ч яах вэ гэж эвлэрэнгүй бувтнангаа дахиад л мөнөөх модон гаансандаа дүүртэл нь тамхи чихэж асаагаад таатай нь аргагүй баагиулж эхэллээ.
Завын хитэг дээр үс нь халцраад тамтаг шахуу болсон хэлхгэр том буган хантааз тулмайдан нөмөргөсөн бяцхан охин өвгөний амнаас савсах тамхины утаа, өтгөн мананы дунд хэрхэн замхарч уусахыг залхуутай ажиглан сууна. Замаг шаварт халтартсан өхөөрдөм жижигхэн уруул амаа байдгаараа нь ангайн тайгынханд тэр бүхэн заяагаад байдаггүй шонтгор хамраа шонтогнуулан байж эвшээхэд том цэнхэр нүднийх нь сормуусанд нулимсны дусал бөнжигнөнө. Өвгөн тэсгэлгүй инээд алдана

-золигийн муухай амьтан шүү. Миний муу охин даараагүй биз гэхэд Жийнүүнээ хариуд нь дуугүйхэн толгой сэгсэрлээ.

Өвгөн жоготой инээмсэглэн

- үгүй чи ингэхэд юу хийх гэж үсгийн овог руу явж байгаагаа мэдэж байна уу гэж асуухад охин

-удган болох гэж хэмээн доройхон өгүүлэв.

-Удган гэж ямар хүн байдгийг мэдэх үү гэж лавлан асуухад охин хайхрамжгүй толгой сэгсрэв.Өвгөн мушилзан сэнлүүрээ усанд дүрж тэнхээгээрээ хүчлэнэ.

-Хайянан... аа... хайянан аа гэж уухайлан сэлүүрдэж эхлэнэ.Сэлүүрийн аясаар ус алгадах чимээ өвгөний уухайн дуутай найрсан нойрмог тэнгисийн дээгүүр цуурайлан түгнэ.

-Хайянан аа хайянан аа ,удган гэдэг чинь уул ус хөвч тайга тэнгэр огторгуйтай ярилцдаг хүмүүнийг хэлдэг юм шүү дээ гэхэд охин ихэд гайхшран харлаа.

-Тэд нар чинь цөм өөр өөрийн эзэнтэй ширхэг чулуу, ганц мод ,аясын салхи гээд бүгд эзэдтэй.Эзэд нь тэднийг хайрлан хамгаалж бас шийтгэн хашрааж байдаг юм. Тэгэхээр тэр эзэдтэй нь ярьж харилцана гэсэн үг ямар вэ дээ...

-эзэд нь ямар шүтээн байдаг юм бэ та таних уу...

-би өөрийгөө нэг ч удаа харж байгаагүй.Яг салхи шиг тэднийг бид харж чадахгүй .Гэхдээ л харж чадахгүй хэрнээ салхи байна гэдгийг нь мэдээд байдаг шүү дээ.Салхи харагдахгүй баригдахгүй хэрнээ ой модыг ганхуулж усыг урсгаж байдгийг чи мэднэ .Яг л тэрүүн шиг. Харагдахгүй хэрнээ хаа сайгүй байж байна.Тэднээс юуг ч нуух аргагүй.Тэд бүгдийг мэдэж байдаг юм.Гэхдээ бас тэднийг харж чаддаг хүмүүс бий.Тэднийг л удган бөө нар гэж нэрлээд байгаа юм даа.Жишээ нь манай тайгын долоон овгоос ганц Үсэхү удган л тэгж харж бас харилцаж чадна.Өөр хэн ч биш.Үсэхү удганы дараа чи тэднийг хардаг харилцдаг болно.Нэг ёсондоо мань мэтийн нүд чих нь та хоёр юм уу даа.Яавал болох яавал болохгүйг та хоёр л хэлж чадна шүү дээ.

- Үсүг удганыг ээж шиг байхгүй болчихвол би тэр эздийг харж чадахгүй бол яах юм.

-Тийм зүйл гэж байхгүй ээ.Байлаа гэхэд бид цөм сөнөж мөхнө өө. Хүмүүс бидний эздийг ойлгохоо болино. Бид бас тэднийг ойлгохоо болино.Бид тэгвэл яаж амьдрах юм бэ.Тэнгэр эцэг этүгэн эх үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй.Хүмүүст хилэгнэхдээ дээд эцэг,дээд эх хоёр аянга цахилгаанаа цахиулж их усан үерлүүлэн биеэ шилгээж биднийг арчиж хаях болно.Тэгээд хүмүүн гэгч байхгүй болно.Гэхдээ тийм зүйл болохгүй.Бүх удганы залгамж халаа тасардаггүй юм.Тэд хэнд юугаа уламжлуулахаа сайн мэднэ.Үсүг удган миний охиныг лав зүгээр сонгоогүй дээ.

-Хачин юм аа гэж гайхшрахад өвгөн хучлагыг нь засангаа

-Хачин юм гэж хорвоо ертөнц дээр бишгүй бий .Нар яагаад манддагийг сар яагаад жаргадгийг ...За тэгээд хүн яагаад төрж өтлөж хөгширч өвдөж үхдэгийг ,яагаад амьтан ургамал модод бий болдогийг л гэхэд өвөө нь огт мэдэхгүй ээ.Залуудаа бодоод бодоод ер олж байгаагүй юм шүү.Ёстой ухаан хүрэхгүй юм билээ.Бүр тэр байтугай шөнө тавьсан тэр тороос тэр муу золигийн усны чоно яагаад мултарчихсаныг би одоо хүртэл ойлгохгүй л явна.Миний тавьсан тороос ямар ч усны чоно мултарч байгаагүй л юм даа.
Өчигдөр өглөөг хүртэл шүү.Мөн хачин байгаа биз гэж өгүүлнэ. Охин юу ч ойлгоогүй шинжтэй хөмсгөө атируулан бодолхийлж боон хатааж улам л нугдайн булталзана.Намуухан цалгиатан давалгаалах тэнгисийн мандлыг ягуухан зүсэн үйсэн завь хөвсөөр хөвсөөр л.Бөглүү усан манангийн ертөнц дундуур завь ,

-Хайя ...хайя...нанаа...хэмээн өнчин дуу хадуулсаар зүтгэнэ.

-Өвөө би усны чонотой ярилцдаг болох болов уу гэж удтал дуугүй суусан охиныг гэнэтхэн асуухад өвгөн бага зэрэг тулгамдан
Чадах байх аа чадах байх.Байхаа гэнэ шүү чадалгүй яахав дээ.

-Энэ тэнгисийн эзэн нь тэр юм уу.
Ёстой доо.Эзэн нь ч биш л дээ гэхдээ хамгийн хүчирхэг нь юм даа. Ямар ч загас түүнд хүрч зүрхэлэхгүй шүү.

-Би түүнтэй ярилцаж чаддаг болвол ээжтэйгээ ярилцаж чадах болов уу.

-Ярьдаг юм гэнэ лээ.Удгануудад бараг хийж чаддагүй зүйл гэж бараг байдаггүй гэнэ лээ.

-Яаж...

-Мэдэхгүй юм даа...Үсүг удган л мэдэж байгаа.Одоо очихдоо чи сайн асуухгүй юу...

-Ээж үхсэн...тийм ээ...Жийнүүнээг ингэж асуухад өвгөн цочихдоо золтой л сэлүүрээ алдчихсангүй.Хормын дараа бага зэрэг тайвширч

-Тиймээ охин минь тийм гэхдээ үхсэн гэж хэлж болдоггүй юм.Тэнгэрт одсон л гэж хэлдэг юм.

-Тэнгэрт байгаа хэрэг үү.

-Тийм ээ худлаа ...худалдаачин ах үхсэн хүмүүс газарт шингээд алга болчихдог гэсэн шүү дээ гэж охиныг мэтгэхэд өвгөн бухимдангуйгаар...
-Хэзээ гаднынхан үнэн үг хэлж байлаа.Хүний үнэргүй амьтад .Хүүхдийн толгой эргүүлээд... хүн хэзээ ч ор тас алга болчихдоггүй юм.Бие нь алга боллоо ч бодол санаа нь байж л байна.Огт арилж алга болохгүй.Сонс охин минь...Эжийн чинь бие алга болсон ч тэнгэрт бодол санаа нь байж л байна.Үнэн үг гэвэл энэ л байна.Худлаа гэнэ шүү. Өвөө нь чамд хэзээ худал хэлж байлаа тийм явдал бий юу даа үгүй юу .Чи нэг хэл дээ? Чамд ноднин зун ангирын өд авчирж өгнө гэчихээд өгөөгүй билүү би

-Өгсөөн. бас хэмээн өвгөн тохойгоо маажлан

-Аан тийм Бисмэл чавганц чамд шинэ өлбөн хантааз хийсэн байсныг чамд хэлэхдээ би худал хэлсэн болж таарах нь уу гэж гомдолтой өгүүлэхэд охины нүд бүлтгэнэн...толгой сэгсрэв.Охиноо зэмлэсэндээ харууссан өвгөн аргадсан харцаар ширтэн намууханаар,

-Охин минь ээж чинь тэнгэрт байгаа .Цэлмэг шөнө тэнгэрт хичнээн олон од түгдэгийг чи мэднэ биз дээ.Тэр бүхэн чинь биднээс үүрд холдон одсон хүмүүс юм шүү дээ гэхэд охин сая нэг тайвширсан байдалтай санаа алдан

-Тэгвэл тэр тэнд байгаа ижийтэйгээ би яаж уулзах юм бэ?

-Зөрүүд золиг гэж дээ.Би яаж мэдэх юм,Тэр Үсэхү удган л сайн мэдэж байгаа хэмээн өвгөн залхсан байртай өгүүлэв.

-Охин том цэнхэр нүдээ эргэлдүүлэн мананы гүнээс ямар нэгэн зүйлийг олж харах гэсэн мэт шунамхайран ширтэнэ.Хэсэг зуурт хоёулаа дуугарсангүй. Өвөө
Яах гээ вэ? Охин минь

-Та тэнгэрт байгаа охинтойгоо уулзая гэж боддог уу?

-Бодолгүй яахав дээ.

-Тэгээд яагаад уулзаж чаддаггүй юм бэ дээ. Удган ээжид хэлбэл лав таньд туслана даа

-Тэр чадахгүй ээ .Цаг нь болоогүй зүйлийг хэн ч урьдчилан зохицуулж чаддаггүй юм.

-Хэзээ тэр цаг нь болох юм бэ? Үхэхээр үү? гэснээ охин залруулан тэнгэрт одохоор уу?

-Тиймээ

-Тэгэхдээ яагаад тэнгэрт одож чаддагүй юм бэ?

-Цаг нь болоогүй гэж байна шүү дээ охин минь

Жийнүүнээ дахиад л дуугаа хураан улам бүр тэгшлэн хөөрөх мананийг ширтэн бодлогширно.Өвгөний сэтгэл санаа ч тогтворгүй болж модон гаансанаа байн байн угзран утаа май савсуулан бодолд автан сэлүүрдэнэ.

-Өвөө тэнгэрт одох ер нь хэцүү юү?

-Хэцүү байхаа..

-Би тэд нартай ярилцдаг болохоороо таныг хурдхан аваач гэж гуйна.

-Хэнээс гэж өвгөн гайхан асуухад охин манангийн гүн рүү харсан чигтээ хөөрхөн булцгар хуруугаараа дээш заан

-Тэнд байгаа хүмүүсээс өвгөн, та нар дээр очих гээд чадахгүй байгаа та нар туслаач гэж хэлнэ.
Тэр тусмаа таны охиноос бүр зөвшөөртөл нь гуйна аа. Би түүний охин нь юм чинь тэр лав л дургүйцахгүй. Тэр таны заримдаа дургүйцэж уурладаг шиг хэзээ ч надад дургүйцэж уурлаж байгаагүй гэж хөгжилтэй өгүүлэв. Өвгөн тэсгэлгүй мэгшин нулимсаа буруу харан байж арчингаа

-Ээ дээ тэгж л үзээрэй дээ. Одоо аавд чинь хоргодох зүйл байхгүй болсон гээд сайн гуйдаг юм шүү гэлээ. Өнчин завь давалгаанд туугдан хар зөнгөөрөө урагшилна.

-Өвөө . би хүнийг тэнгэрт одуулж чадах болов уу?

-Удган хүн үхлүүт хүнийг амьдруулаад байж чадаад байдаг юм чинь...

-Тэгвэл би таныг түрүүнд нь тэнгэрт одуулна аа.

-Тэгж болдоггүй юм .

-Яагаад? Та охинтойгоо уулзахыг хүсдэг шүү дээ. Охин чинь таныг их санаж байгаа. Яг л би түүнийг санадаг шиг гэж охиныг гомдолтойёо өгүүлэхэд өвгөн тэсгэлгүй дал мөр чичигнүүлэн байж

-Эвий муу охин минь,Жийнүүнээ минь тэгж үз. Тэгэлгүй яах вэ гэж уйлан өгүүлэв. Өвгөн мэгшин уйлж байснаа сүүлдээ бүр эхэр татан удтал енгэнэн уйллаа.Охин айж эмээсэндээ яахаа мэдэхгүй хэсэг зуур сууснаа ухасхийн өвөөгөө тэврэн хацарт нь нулимстай нүдээ наан буурал санчигийг нь илбэн аргадана....

Өвгөн зээ охиныгоо өдөр дундын алдад Үсэхүн отогт хүргэж өглөө. Энэ явдлаас хойш гурав хоногийн дараа өвгөний үйсэн завь тор хэрэгсэлтэйгээ бүрэн бүтэн загасч отгийг яг чиглэн хөвсөөр агнуурын эрэгт хайрдан зогсжээ. Харин өвгөний хаачсаныг хэн ч мэдэж эс чадав. Эрэл сураг хэд хоног үргэлжилж, Көксикуль тэнгисийн хаяа хормойн бүх л отог аймгуудаар түүнийг хайсан авч Үсэхүн отогт зээ охиноо хүргэж өгөөд буцсан гэх хэл чимээнээс өөр сураг ажиг гарсангүй эрэл мухарджээ.

Н.БАДАМЖАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна