Шараповаг өрсөлдөгч нь өмөөрчээ

2016 оны 3 сарын 12

Оросын теннисийн од Мария Шараповагийн 2015 оны Австралийн нээлттэй тэмцээний сэргээшний шинжилгээ нь эерэг гарснаас болж спонсорууд нь олон саяын гэрээгээ цуцалж эхэлсэн билээ. Сэргээшний хариу гарсны дараа тамирчин өөрөө хэвлэлийн хурал зарлаж, сэргээшний шинжилгээний хариу эерэг гарсан нь мельдоний нэртэй эм ууж байсантай холбоотой гэж мэдэгдсэн юм. Мария Шарапова уг эмийг 10-аад жил ууж байгаа аж. Харин Мельдонийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сэргээшний төрлийн эм бэлдмэлийн тоонд оруулах болсон юм. Гэхдээ Мария Шарапова мельдонийг сэргээшний төрлийн эм бэлдмэлийн жагсаалтад орсныг мэдээгүй гэсэн билээ. Нэрт теннисчин Олон улсын теннисийн холбоо түүнд мельдонийг сэргээшийн төрлийн эм бэлдмэлийн тоонд оруулсан гэдгийг өмнө нь таван удаа анхааруулж байсан гэдэг мэдээллийг худлаа гэжээ. Тэрбээр “Олон улсын теннисийн холбоо надад хэрэглэхгүй байхыг анхааруулсан гээд байгаа эм бол мельдоний биш, мелдронат” гэжээ.

Мария Шарапова мельдонийг өдөр болгон биш, зөвхөн эмчийн заавраар ууж байсан гэнэ.

Теннисийн гүнж мөн сэргээшний дуулиан намдтал худлаа өвдсөн болж жүжиглэхээс татгалзжээ. Шарапова “Би гаргасан амжилтаараа бахархдаг. Би шударга тоглож, түрүүлсэн. Би Олон улсын теннисийн холбоонд өвчний түүхээ бариад очиход бэлэн байна.  Би дахин теннисээ тоглоно гэдэгтээ итгэлтэй байна. Юу ч болсон бай би фэнүүдээ үнэнийг мэдээсэй гэж хүсч байна”  гэсэн байна.

Сэргээшний шинжилгээний хариу гарсны дараа бараг хүн болгон түүнээс нүүрээ буруулж эхэлсэн ч түүний хүчтэй өрсөлдөгчийн нэг Серена Уилльямс л түүнийг өмөөрсөн байна. С.Уилльямс “Түүнийг ийм байдалд ороход олон хүн баярлаж байна. Мария Шарапова хариуцлагаа хүлээж байгаа. Үүний төлөө түүнд амжилт хүсье” гэжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна