Уул, далай, сүм хийд, эмнэлэг эсвэл Өмнөд Солонгост юу үзэж болох вэ?

2016 оны 3 сарын 12

 

 

Ямар ч сонирхолд нийцэхээр...

 

Ойролцоогоор 450 х 300 километр талбайг эзэлсэн жижиг нутагтай Өмнөд Солонгост үзэж харах зүйл зөндөөг ярих хэрэггүй биз. Түрийвчний зузаан, сонирхол зэргээс өөрийн хөтөлбөрийг бүтээж болно.

 

1. Сөүл

 

 

Солонгосын хувьд, Сөүл хот  бүхнийг нь  илэрхийлсэн бэлгэдэл. Улс төр, санхүү, соёлын төв нь. Сөүл таны хөтөлбөрт орох л ёстой. “Супер орчин үеийн Солонгосыг” үзье гэвэл Ёыдо (санхүүгийн төв), Ганнам дүүргээр орж, хотын захиргааны орчмоор зугаалах хэрэгтэй.

 

Тэнд Кенбуккун, Токсугун, Чхандоккун гэдэг хаадын ордгууд байгаа. Солонгосын үндэсний музейг заавал сонирхох хэрэгтэй. Солонгосын дайны сонирхолтой музей гэж бас байгаа.

 

Шопинг хийе гэвэл Тондэмун, Намдэмун, Итхэвон захууд, Мендоны загварын ордны дүүргээс бас ч гайгүй үнээр стилийн хувцас хунар авч болно. Бутик сонирхож байгаа бол нөгөө Ганнам дүүрэгтээ оч. Цахим барааны гол зах нь Ёнсан юм.

 

Байгаль орчинг сонирхвол,Пукхансан, Кванаксан гэх уулын цэцэрлэгээр зугаалж болно. Хотынхны зугаалах дуртай газар нь Чхонгечхон голын эрэг.

 

Баар, ресторан, амьд хөгжимтэй шөнийн клубууд Итхэвон, Хондо, Ганнам дүүргүүдэд байгаа.

 

2. Пусан

 

 

Сөүлийн эсрэг талд тэндээс холгүй Солонгосын хоёр дахь том хот Пусан байрлана. Таа тухтай экспрессээр гурван цаг яваад л тэнд хүрнэ. Тус орны далайн хамгийн том боомт. Далай, далайн романтик тэнд хаа сайгүй мэдрэгдэнэ. Далайн эргийн хамгийн том Хэундэ гэх наранд шарлагын газар тэнд байдаг бөгөөд нэн түрүүнд далайд амрах гэсэн хүмүүс л тийшээ зүглэдэг. Кванан, Сондо зэргийн наранд шарлагын зурвасууд ч байгаа.

 

Ер нь бол Хэундэ нь амралтын бүхий л төрөл янзыг хослуулсан бүс юм. ВЕХСО гэдэг  үзэсгэлэнгийн олон улсын төвд арга хэмжээ тасардаггүй. Супер орчин үеийн  "Марин Сити" гэх орон сууцны өндөр байшингуудын хороолол шууд нүдэнд тусна. Пусаны галт тэрэгний буудлын  районы бөөний зах дээр наймаа хийж болно. Тэндээс холгүй Солонгосын хойгийн хамгийн томд тооцогдох далайн бүтээгдэхүүний Чагальчхи зах байгаа.  Хотын Тхэжондэ районд далай, хуш, хадан цохиог харан сэтгэлээ сэргээх боломжтой.  

 

3. Чечудо

 

 

Энэ субтротропикийн арал нь Өмнөд Солонгосын  амралтын чухал төв юм. Тэнд далай, хүрхрээ, уулс, наранд шарлагын эрэг хангалттай. Түүхэн дурсгалт газрууд зөндөө. Өмнөд Солонгосын хамгийн өндөр уул тэнд байгаа. Сөнөсөн галт уул Халласаны өндөр нь далайн төвшнөөс  дээш 1950 метр. Арлын нөгөө хэсэгт Сонсан гэх бас нэг тогоо байгаа. Тэр хавьд хайлмагийн цацсан хонгил Манчангуль бий. Энэ бүгд Юнескогийн байгалийн өвийн жагсаалтад бичигджээ.

 

Жуулчдыг татахаар янз бүрийн музейнүүд тэнд олноор байгуулагдаж байна. Бичил зургийн, автын, сексийн, эрүүл мэндийн, ногоон цайны гээд л маш олон музей байдаг.

 

4. Кенжу

 

 

Эртний Силла улсын нийслэл Кенжу хот Сөүлээс зүүн өмнө зүгт 300 км-ийн зайд бий. Энд буддын хамгийн гол сүм хийдийн нэг Пульгуксийн  Соккурам дацан байгаа. Хаадын бунхан, эртний одон орон судлалын төв, янз бүрийн музей тэнд хангалттай их.



5. Буддийн сүм хийд

 

Өмнөд Солонгосын тэргүүлэх шашин нь буддизм  бөгөөд тус оронд 10 мянгаад сүм хийдтэй. Тэд хоорондоо төстэй ч хэд хэдэн хийд ялгагддаг. Пульгуксаас гадна  Хэинс, Трипитак, Тхондос, Хваомс, Наксанс, Хэенгунс зэргийг энд нэрлэж болно.

 

6. Уулс

 

Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн дал гаруй хувь нь далайн төвшнөөс дээд 700 метрийн өндөрт оршино. Энэ оронд тэнгэрийн хаяаг та бараг үзэхгүй. Харц заавал нэг ууланд тулаад байдаг.  Уулс нь үзэсгэлэн төгс, сонирхолтой, гэхдээ тийм өндөр биш. Уулын зам харгуй засагдсан учир ууланд авирахад уулчны чадвар шаардахгүй.  Үндэсний уулсын хүрээлэнгийн тоо нь 20 орчим. 

 

7. Далай ба арлууд

 

Солонгосчууд  өөрсдөө Баруун, Зүүн, Өмнөд гэсэн гурван тэнгисээр хүрээлэгдсэн гэж ярьдаг. Солонгост очоод Японы тэнгис гэж ярьж болохгүй. Түүнийг Зүүн гэдгээр нэрлэдэг. Энэ асуудлаар тэд Японтой  газар нутаг, нэрний маргаантай. Энэ гурван тэнгис өөр өөр. Зүүн тэнгисийн эрэг  орчим нь цэвэрхэн устай гүнзгий, арал цөөн. Эрэг нь хад цохио ихтэй, ой мод уулстай, солонгосчуудын амрах дуртай газар.

 

Өмнөдийн тэнгис нь гүнзгий, үзэсгэлэнт арал ихтэй. Далайн түрлэг, татрага нь мэдэгдэхүйц. Солонгост усанд шумбах улирал нь долдугаар сарын дундаас наймдугаар сарыг дуустал үргэлжилдэг богинохон.  Энэ журам бараг тэр чигтээ сахигддаг.  Гэхдээ далайд шумбаад гарахад саадгүй. Харин шөнө л шумбаж болохгүй. Гурван тэнгисийн эрэгт амралтын бүсүүд  хангалтай их. Дээр хэлэгдсэн Чежудо арлаас гадна жуулчдыг Уллындо (Зүүн тэнгис), Хондо-Хыксандо (Шар тэнгис), Комундо, Чхучадо (Солонгосын хоолой), Пэннендо (Шар буюу Баруун тэнгис) гэх мэтийн арлууд ихээр татдаг.

 

8. Идэвхтэй амралт

 

Идвэхтэй амрагчид Солонгост уйдахгүй. Уулын аян буюу трекинг, хад асганд авирах, Уулын цанын баазууд, уулын голоор завиар хөвөх зэргийн амралт зэргээс гадна Уулын дугуйн зам ч таныг хүлээж байна. Далайд шумбах аялал ч байгаа. Ерөнхийдөө Солонгост идэвхтэй амралт  таныг уйдаахгүй.

 

9. Эмнэлэгийн жуучлал

 

Сүүлийн жилүүдэд эмчилгээний жуучлал идэвхтэй хөгжиж, АНУ, Хятад, Япон, Зүүн өмнөд Азиас  жуулчид олноор ирэх болов. Өмнөд Солонгосын том эмнэлэг бүрт гадаадынхныг хүлээн авах төвууд нээгджээ. Эмнэлэгийн шинжилгээ, ноцтой өвчний эмчилгээ, гоо сайхны мэс засал зэргийн шалтгаантай.

 

10. Солонгосын цорын ганц

 

Ярианы төгсгөлд Солонгосын цорын ганц нэрлэх хоёр Солонгосыг хуваасан цэрэггүй бүсэд очиж үзэх хэрэгтэй. Тийшээ зүглэх жуулчдын урсгал тасрахгүй. Пханмунчом тосгон, “өмнөдөд нэвтрэх” Хойд Солонгосын хонгилууд зэрэг бол дахин хаана ч тааралдахгүй үзмэр юм. Тэнд очих нь сонирхолтойгоос гадна сэтгэлийн түгшүүрийг мэдэрч болно.

 

Өмнөд Солонгост жилдээ 700 гаруй элдэв наадам явагддаг нь  түүний өөр нэг онцлого болно. Ерөнхийлөн хэлбэл, Өмнөд Солонгос улам бүр сонирхолтой болж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна