“Зөрчлийн оноо бол шийтгэл биш”

2016 оны 3 сарын 13

Зөрчлийн оноо бол шийтгэл биш гэдгийг Замын цагдаагийн газраас удаа дараа тайлбарласаар байгаа. Гэвч зарим жолооч үүнийг замын цагдаагийнхны иргэдээ торгох гэж гаргасан шийтгэл хэмээн дургүйцэж хүлээж авсаар байгаа аж. Гол нь ийнхүү зөрчлийн оноо тооцдог болсноор замын хөдөлгөөний дүрэм тогтмол зөрчдөг, түүнийгээ юман чинээ боддоггүй, мөнгө төлчихнө гэж сагсуурдаг жолооч нарт хариуцлага тооцох механизм бүрдэж буй хэрэг хэмээн тайлбарладаг юм. Үүнээс гадна жолооч нарын мэдээллийг цахим мэдээллийн санд бүртгэлжүүлж буй хэрэг гэж үздэг. Тиймээс жолооч нарын хувьд замын хөдөлгөөний дүрмээ л баримталбал оноогоо хасуулахгүй, харин ч урамшууллын систем ч бий гэдгийг сануулж байна.

Одоогоор жолооч нарын зөрчлийн оноог тооцоод сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд  нийт 10191 жолооч 1-5 хүртэлх оноогоо хасуулсан байх юм. Зөрчил гаргасан жолооч нарын 50 хувь нь өөрт байх 10 онооноосоо нэгийг нь үлдсэн нь хоёроос тав хүртэл хасуулсан байна. Өөрөөр хэлбэл ихэнх жолооч өөрөө хамгаалах бүсээ зүүгээгүй эсвэл зорчигчийнхоо хамгаалах бүсийг зүүлгээгүйгээс болж оноогоо хасуулсан тохиолдол их бүртгэгджээ. Мөн гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохиог, орон нутгийн замд явахдаа хүн ба ачаа тээвэрлэх журмыг зөрчсөнөөс болж ийнхүү зөрчлийн оноогоо хасуулж, торгуулсан байна.

Зөрчил гаргасан жолооч нар оноо нь хэдэд хүрсэн, хаана ямар дүрэм зөрчиж оноогоо хасуулсан зэрэг мэдээллээ утсандаа тусгай апликейшн татаж, шалгадаг болох боломжтой. Гэхдээ энэхүү техникийн ажил бүрэн хийгдэж арай дуусаагүй. Энэ хүртэл www.service.police.gov.mn сайтад хандаж өөрийн зөрчлийн оноо, торгуулийн талаарх мэдээллээ авч болно.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаа нар бэлэн бусаар зөрчил гаргасан жолооч нарыг торгож байгаа. Одоогоор энэхүү бэлэн бусаар торгох цахим машин нийт цагдаа нарын 60-70 хувьд очжээ. Энэ нь зарим орон нутагт замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын оноог хасаж, торгох ажил хоттой харьцуулахад бага явагдаж буй гэсэн үг юм.  

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна