Туркийн эргүүлүүд дүрвэгсдийн завь руу халджээ

2016 оны 3 сарын 13

 

Грекийг зорин Эгейн тэнгист гарсан дүрвэгсдийн завь руу Туркийн эргийн харуулынхан халджээ. Туркийн завьтай эргийн харуулынхан урт саваа модоор дүрвэгсдийн завин дээрх хүмүүсийг цохиж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан аж. Харин Туркийн талаас үүнийг дүрвэгсдийн завийг зогсоох гэсэн оролдлого хэмээн тайлбарлажээ.

 

Европын холбоо нь дүрвэгсдийн урсгалыг сааруулахын тулд өнгөрсөн долоо хоногт Турктэй хэлэлцээ хийсэн юм. Европын холбооноос Грек дэх  дүрвэгсдийг Турк буцаан авах саналыг гаргасан байна. Түүнчлэн Турк дэх дүрвэгсдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад олон тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр амлажээ.

 

Өнгөрсөн онд Европт сая давсан дүрвэгч ирсний олонх нь Туркээс Грект хөл тавьсан байв. Грект энэ он гарсаар 132 мянга гаруй дүрвэгч ирсэн  аж. Үүний зэрэгцээ Европын холбооны гишүүн найман орон хилийн хяналтыг түр хугацаагаар сэргээсэн нь Грек дэх дүрвэгсдийн нөхцөл байдлыг улам муутгажээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна