Түрээсийн орон сууцны бүртгэл маргааш эхэлнэ

2016 оны 3 сарын 13

Бага орлоготой иргэдээ Түрээсийн орон сууцанд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл маргаашнаас Дархан-Уул аймагт энэ ажил эхэлж хэрэгжихээр болжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 14-18-ний хооронд Дархан суманд баригдсан “Найрамдал хорооллоос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд иргэдийг бүртгэн сонгон шалгаруулалт хийхээр болсон аж.

Улаанбаатар хотод  “Буянт-Ухаа 2 хороолол”-ын  түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг дуустал Төрийн орон сууцны корпорацид хүлээн авна. “Буянт-Ухаа 2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах  хүсэлтэй иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байгаа тул  журмын шаардлага хангасан иргэдийн дунд харъяалах ангилалд дүйцүүлэн сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулах юм.

Нийт 350 байранд түрээсийн орон  сууцны бүртгэл хийнэ.

Мөн“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумдад баригдсан орон сууцны тодорхой хэсгийг түрээсийн орон сууцанд шилжүүлсэн байна. Тус түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд тухайн орон нутагт ТОСК хариуцан зохион байгуулахаар болжээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна