Буддын шашны онол номыг монгол хэлнээ орчуулжээ

2016 оны 3 сарын 13

“Буддын шашны шинжлэх ухаан ба үзэл онолын хураангуй” хэмээх номыг монгол хэлнээ орчуулсныг өнөөдөр нээлтийг нь хийлээ. Дээрх бүтээлийг Монгол Бурхан Шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, гавж С.Гантөмөр хөрвүүлж, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн дэд хамба Н.Нанзаддорж хянан тохиолдуулсан байна. Жил гаруй өмнө уг бүтээл нь анхлан төвд хэлээд Энэтхэгт хэвлэгдэж олны хүртээл болж байсан аж.

Түүнд эрт дээр үеэс эрдэмтдийн судалж ирсэн матери болон ухамсар гэж юу болох, энэ нь орчин цагийн шинжлэх ухаантай хэрхэн нийцэж таардаг, Бурханы шашин ухамсар, оюун санааны талаар юу гэж үздэг талаар дэлгэрэнгүй өгүүлсэн бүтээл хэмээн номын орчуулагч гавж С.Гантөмөр онцолсон. Тэрээр мөн “Анх энэ номыг хөрвүүлэхээр 2015 оны гуравдугаар сард Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшаас зөвшөөрөл авч байлаа. Олон хүний тус дэмээр өнөөдөр монгол хэлээр олны хүртээл болж эхэллээ” хэмээсэн юм.

Буддын шашны шинжлэх ухаан ба үзэл онолын хураангуй” ном нь одоог хүртэл англи хэлээр хөрвүүлээгүй байгаа аж. Тиймээс Далай багшийн зүгээс уг бүтээлийг монгол хэлэнд хөрвүүлэн олны хүртээл болгосонд талархалтай байгаагаа илэрхийлжээ.

Нийтдээ зургаан ботиос бүрдэж байгаа дээрх бүтээлээс тав дахь ботийг нь орчуулсан нь энэ аж. Учир нь эхний хоёр боть нь үг хэллэг, найруулгын хувьд хөнгөвчилж орчуулахад хүндрэлтэй, орчууллаа гэхэд мэргэжлийн бус хүмүүс уншихад түвэгтэй, хатуу буух учраас тавдугаар боть буюу хураангуйлсныг нь энэ удаад орчуулжээ. Орчуулгыг мэргэжлийн хүмүүсээр хянуулсан гэдгийг ч тодотгосон. Хэдий тийм ч цаашид уг бүтээлийг улам боловсронгуй болгож бурхны сургааль, үзлийг иргэний боловсролтой уялдуулан олонд хүргэх нь хэтийн зорилго гэдгийг энэ үеэр онцоллоо.

Мөн гавж С.Гантөмөр “Энэ хорвоо дээр хүн бүр аз жаргалыг хүсдэг. Үүнийг дагаад бүх шашин, шинжлэх ухаан сайн сайхныг бүтээх гэж зорьдог. Гэвч нийгэм, цаг үеэ дагаад муу муухай үйл хэрэг гарсаар л байна. Ийм үед хүн төрөлхтөн гагцхүү шинжлэх ухаан, техник технологийг хөгжүүлэх гэж зорьсоор байна. Энэ хэрээр хүний язгуур мөн чанар, энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхгүй байна. Тиймээс эцсийн дүндээ муу муухай явдлаас сэргийлэхийн тулд хүний энэрэнгүй сэтгэл, язгуур мөн чанарыг хөгжүүлэхэд буддын шашны онолыг судлах нь зохистой. Үүнд ажлын маань зорилго оршиж байгаа” гэдгийг онцолсон юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна