АН фракциас татгалзаж чадах уу?

2016 оны 3 сарын 14

Ардчилсан нам бодлогын нам болон өөрчлөгдөхөөр зүтгэж байна. Олон жил фракц, бүлэглэлд хуваагдан албан тушаалаар панз үсэргэсэн нь алдаа руу хөтөлж буйг мэдэрч, УИХ-ын сонгуулиас урьтаж бодлогын нам болон өөрчлөгдөх зорилт тавив.  

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлээр бол Ардчилсан нам дүрэмдээ энэ өөрчлөлтийг тусгах нь. Зөв л алхам. Цаг хожоод хэзээний энэ заалтаа дүрэмдээ тусгачихсан бол Дээд шүүхэд бүртгэлтэй 24 намыг өнөөдөр магнайлах байсан биз. Яагаад гэвэл Монголд массын нам байхаас бодлогын нам байдаггүй. Уг нь улс төрийн соёл нь төлөвшчихсөн оронд намууд нь бодлогоор өрсөлддөг бол Монголын намууд гишүүнчлэлээр уралддаг. Хоёр төрлийн уралдаан өрнөж байна. Нэгд, аль нам нь олны танил эрхмийг элсүүлж батлахаа өгч чадна түүнийгээ мундаг гэж итгүүлнэ. Хоёрт, аль болох олон гишүүн элсүүлэх нь чухал. Тоогоор уралддаг гэх үү дээ.

За тэгээд тэр олон гишүүдээ намдаа хашиж байхын тулд мэдлэг чадвартайг нь үл харгалзан төрийн албанд “шахчихна”. Бүр тэрний фракц, энэний фракц гэсэн тодотгол зүүнэ. Засаг солигдох бүрийд яам, агентлагийн “шахаа”-нууд өөрчлөгдөнө. Төрийн залгамж чанар энэ тэр бол ярих ч юм биш. Тэр хэрээр төрийн ажил унаж, цалгардах ч фракцийн харьцаанд өөрчлөлт орж, хүчгүйдүүлэхгүй байх нь эрхэм. Нэг үгээр хэлбэл, зарим улстөрчийн хэлээд байдагчлан төрийн дээр фракци гарсан нь нуугаад ч, үгүйсгээд ч нэмэргүй үнэн юм. Яагаад гэвэл, эрх баригч хүчнээс нэгэн үе “Алтан гадас” фракци бүх юмны чиг заасан бол өнөөдөр “Шонхор” өнгөлөх болсныг бүгд л харж суугаа. “Шонхор”-ынхон ороод ирвэл засаг хөдлөхгүй” гэдэг үг хүртэл гарсан. УИХ-аар хэлэлцэгдэх хууль, тогтоолыг “Шонхор”-ынхон дэмжиж байвал батлагддаг, эсэргүүцвэл унадаг л болсон. Бүлгээсээ, намаасаа ч хүчтэй байна гэсэн үг л дээ.

Одоо харин фракцийг халж, бодлого төвтэй болохыг эрмэлзэж эхэллээ. Намрын чуулган завсарласан хугацааг ашиглаж, хэд, хэдэн чиглэлийн салбарыг хамарсан бодлогын зөвлөлийн хуралдаан болсон нь үүнийг гэрчилнэ. Уг нь жилийн өмнө шахам Ардчилсан намын дарга З.Энхболд эрх баригч хүчин фракциас татгалзаж, зөвхөн Ардчилсан нам гэдэг нэг л фракцийн дор нэгдэнэ гэдгээ зарласан юм. Гэвч олон жилийн тогтсон хэвшмэл тогтолцоог эвдэхэд амаргүй байна уу, энэ үйл явц хөшүүн удаан байна. Зорилго тавьсан ч түүнд хүрэхийг эрмэлзэгсэд нь дэндүү цөөдөх мэт.

Хаврын чуулган эхлэхээс урьтаад Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан зарлавал “Алтан гадас”-ынхныг жийж, нөлөөллийг нь багасгах юм шүү л гэх яриа саарал ордонд тэнүүчилж байна. Түүнд нь хатуухан хариу барьж буй нь энэ үү, намын листийн эхэнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бичигдэнэ гэх тэс хөндлөн яриа ч газар авч буй.

Уг нь бол эрх баригч хүчний хувьд одоохондоо хэнийг намын жагсаалтад багтааж, хэнийг тойрогт зоох вэ гэдэг нь эцэслэгдээгүй байгаа. УИХ-ын сонгуулиас урьтаж, бодлогодоо гол анхаарлаа хандуулан, эзэмшсэн мэргэжлээр нь салбар бүрийн бодлогыг тодорхойлуулах амбиц удирдлагад нь байх ч, санасных нь зоргоор явахад амаргүй байна.

Ингэхэд Ардчилсан нам сонгуулиас урьтаад дүрэмдээ өөрчлөлт оруулж, фракциас татгалзаж чаддаг болов уу?.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна