Улаанбаатар хотын дунд сургуулиудын чансаа

2016 оны 3 сарын 14

Хэдийгээр Монгол улсад бүрэн дунд боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгодог ч хувийн төлбөртэй дунд сургуулиуд олноор байгуулагдаж, чамгүй тооны хүүхэд тэнд суралцан боловсрол эзэмшиж байна. Өнгөрсөн 2015 оны тоо баримтаар улсын хэмжээд 750 гаруй дунд сургууль байгаагийн 100 гаруй нь хувийн дунд сургууль байна. Эдгээр хувийн сургуулийн төлбөр 1.500.000-гаас 50.000.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үр хүүхдээ хувийн сургуульд өгөх гэсэн эцэг, эхчүүдийн хувьд төлбөр мөнгөний асуудлаас гадна сургалтын чанарын асуудал чухал. Хувийн сургуулиудын сурагчдад олгож байгаа мэдлэгийн чансаа ямархуу байна вэ гэдгийг тодруулахыг хичээлээ.

Үүнийг тодруулахын тулд Боловсролын үнэлгээний төвөөс гаргадаг Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ 2014, 2015 оны тайланг ашиглалаа.

Үүнээс өмнө зарим хэвлэлээр хувийн сургуулиудын чансааны талаар судалгааны материал нийтлэгдэж байсан. Тэдгээр судалгаа нь хэдийгээр албан бус ч тодорхой хэмжээгээр сонголтыг тодорхойлох чансаа гэж үзсээр иржээ. Уг судалгаануудын сайн талууд мэдэгдэм байгаа ч ийм чансаа нь эргээд суралцагчдын эрх ашиг, сонгох эрх чөлөөг ноцтой зөрчсөн бодит шалтгаануудыг үүсгэж байна. Судалгаануудын үндсэн дутагдалтай тал нь сургуулийн дундаж оноог гаргахдаа зөвхөн шалгалт өгсөн хүүхдийн тоог баримталсан байдал юм. Тухайн хичээлээр шалгагдаагүй төгсөгч хэчнээн байгааг эдгээр судалгаанд огтхон ч тооцож үзсэнгүй. Учир нь, энэ чансаагаар оноогоо өндөр байлгахын тулд төгсөгчдийг сонирхсон сэдвээр нь ЭЕШ-ыг өгүүлэхгүй боомилох, өмнө нь төгссөн сурагчдыг дахиж шалгалтад оруулах зэрэг таагүй үзэгдлүүд гарах болжээ.

Тиймээс энэ байдлаас зайлсхийж 2014, 2015 оны ЭЕШ-ын албан ёсны дүнд суурилсан судалгаа хийж чансааг гаргахыг оролдов.

Үүний тулд дараах гол зарчмуудыг баримтлав. Үүнд,

  • ЭЕШ-аар тухайн сургууль нийтдээ хэчнээн оноо авсныг тооцож байх,

  • Тухайн жил уг сургуулийг хэчнээн сурагч төгссөнийг тооцох,

Тухайлбал, Улаанбаатар хотын 1-р сургууль 2015 онд математикийн ЭЕШ-д 609 оноо авч нийслэлийн хэмжээнд 14-р байрт жагсчээ. Мөн Боловсролын үнэлгээний төвийн 2014, 2015 онд гаргасан тайлангуудад байгаа 10 хичээлийн авсан дунджаар эрэмбэлж үзвэл бас сонирхолтой жагсаалт гарч болохыг үзүүллээ. Орчлон сургууль 709 оноогоор 1-р байрт жагссан байна. Гэтэл Орчлон сургуулийг 2015 онд төгссөн 19 хүүхдийн 7 нь математикийн шалгалтыг өгсөн байхад 1-р сургуулийн 133 хүүхдийн 119 нь математикаар шалгуулсан байна. Эндээс дүгнэлт хийхэд 1-р сургуулийн математикийн чансаа Орчлон сургуулиас хол илүү байна. Учир нь, 1-р сургууль математикаар нийтдээ 72471 оноо, харин Орчлон сургууль 4963 оноо авсан байх юм. Үүнийг төгсөгчдийнх нь нийт тоо 133, 19-д харгалзан хуваавал 1-р сургуулийн нэг хүүхдэд ногдох математикийн оноо 545, Орчлон сургуулийнх 261 болж байна. Ийм харьцуулалтаар 1-р сургууль чансааны хүснэгтийн 5-рт, Орчлон сургууль 25-рт бичигдэж байна.

Энэхүү судалгааны аргачлалын гол давуу талууд нь нэгд, тухайн сургуулийн ЭЕШ өгдөг бүх 10 хичээлээр авсан нийлбэр оноог гаргаж хичээлийн дундаж оноог нийт төгсөгчдийн тоонд хувааж чансаа /зарим сургууль сурагчдыг ялгаварлаж ЭЕШ-д оруулахгүй ангилдаг/ гаргасан, хоёрт, сургуулиуд ЭЕШ-д жигд бэлтгэхгүй, цөөн тооны хичээлд ач холбогдол өгдөг өрөөсгөл байдлыг харуулсанд байгаа юм. Үүний тулд Боловсролын үнэлгээний төвийн гаргасан ЭЕШ өгсөн 10 хичээл бүрээр гаргасан дундаж оноонуудын дундажтай харьцууллаа.

Судалгааны бүрэн дүнг танилцуулъя.

Д.НАРАНТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна