Ардчилалгүй эдийн засаг

2016 оны 3 сарын 14

-Монголын томоохон компани, корпорациуд нэг бол чинээлэг гэр бүлийн хүрээний, нэг бол эрх мэдэлтэй хүмүүсийнх байдгаас эдийн засагт ардчилал ямархан байгааг харж болох нь-

Олон улсын нийгмийн хамгааллын холбооноос 2012 онд авсан  судалгаагаар хөгжиж буй улс орнуудад баялгийн 70 хувь нь нийт өрхийн 20 хувьд л ногдож байгааг тогтоожээ. Харин 2008 оны судалгаагаар бол дэлхийн хүн амын ТОП таван хувьд нийт баялгийн 44 хувь ногдож байгаа аж. Мөн өнгөрсөн онд  дэлхийн банкнаас гаргасан орлого болон хэрэглээний үнэлгээгээр дэлхийн хүн амын  нийгмийн бүтцийн суварга дахь дээд 10 шатныханд орлого болон хэрэглээний 40 гаруй хувь хуваарилагдсан байна.

Энэ үзүүлэлт манай улсын хувьд ч ялгаагүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Улсын хэмжээний хадгаламжийн 89 хувийг хүн амын таван хувь л эзэмшдэгээс харахад манай улсад баялгийн хэт төвлөрөл хэдийнэ бий болсныг гэрчилнэ. Мөн томоохон компани, корпорациуд нь олон нийтэд нээлттэй бус ажилладаг байх юм. Улсын хэмжээний ТОП 200 компаниас ердөө дөрөв нь л Хувьцаат компани ажээ. Гэтэл БНСУ-ын тэргүүлэгч компанийн нэг Samsung electronics-ийн л гэхэд ердөө гуравхан хувийг үүсгэн байгуулагчид эзэмшдэг бөгөөд дийлэнх олонх болон 70 хувийг сангууд, 11 хувийг нь солонгос иргэд эзэмшдэг гэсэн мэдээллийг эдийн засагчид өнгөрсөн долоо хоногт (2016.03.10) болсон Хөгжлийн чуулган дээр онцолж байсан юм.

Баялгийг багахан хувь нь эзэмшээд, дийлэнх олонх нь ядуу буурай байгаа үзэгдэл дэлхий нийтийн анхаарлыг татах болсноос баялгийг хүртээмжтэй хуваарилах тухай ярьж эхэлжээ. Ингэхэд баялаг гэж юү вэ, газрын гүний эрдэс бүтээгдэхүүн үү, оюутны 70 мянган төгрөг үү, төрөөс иргэддээ нэг удаа  үнэгүй олгож буй 0.07 га газар уу гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл үйлдвэрлэж буй болгосон бүхэн баялаг ажээ. Буй болгосон баялгаа иргэдэд хүртээмжтэйгээр  хуваарилах олон суваг байдаг гэнэ. Зах зээлд бүтээж байгаа баялаг хэр олон улсад хамааралтай, түүнээс хэр олон хүн хүртэх боломжтой вэ гэдэг нь хамгаас чухал ажээ. Гэхдээ баялаг хуваарилна гэдэг халамж түгээх гэсэн үг биш юм. Зах зээл хөгжсөн, ардчилсан оронд хэн нийгмийн хөгжилд илүү хувь нэмэр оруулна тэр нь баялгаасаа илүү хүртэх үндсэн зарчим үйлчилдэг. Тэр л хуулийн дагуу баялаг хуваарилахаас бус нийт баялгийг хүн бүрт  тэгш хуваах гэсэн үг биш гэдгийг судлаачид онцолж байлаа. Манай улсын хувьд нийгмийн хөгжилд илүү хувь нэмэр оруулагчид нь ямагт баялаг эзэмшигчид байдаг. Тэд мэдээлэлд ойр, боломжоор давуу байдаг нь гарцаагүй. Ийм нөхцөлд баялгийг хүртээмжтэй хуваарилах гэдэг үг үлгэр мэт сонсогдож байгаа ч  баялгийн хүртээмжтэй хуваарилалтыг асуудал болгон хөндөхөөс аргагүй юм. Манай улсын хувьд 1990 оныг хүртэл баялгийг төр хуваарилж байсан бөгөөд төр баялгийг амжилттай хуваарилсан түүх нэг ч байхгүй гэдгийг эдийн засагч Ө.Ганзориг тодотгосон.

Баялгийн хүртээмжтэй хуваарилалттай зэрэгцэн эдийн засгийн ардчилал гэдэг нэр томъёо тод сонсогдох болжээ. Эдийн засгийн  ардчилал гэдэг нь  улс төрийн ардчилалтай нэгэн адил  ажээ. Тухайн улс оронд баялгийг элитүүд бий болгож, баялгийг ямар замаар яаж хуваарилах вэ гэдгийг ч элитүүд л шийдэж байвал тус оронд эдийн засаг ардчилагдаагүйн шинж гэдгийг МУИС-ийн багш, судлаач Г.Түмэннаст  хэлж байна. Цөөн тооны хүмүүс баялгийг бүтээж, хүчийг эзэмшиж, эрх мэдлийг тогтоож байдаг газарт баялгийг бүтээх, зах зээлийг өргөжүүлэх үйл явц эгэл жирийн иргэд, өрх гэр бүлүүдийн хувьд ямагт хаалттай хэвээр байх нь мэдээж. Дэлхийн улс орнууд эдийн засгийн ардчиллыг хангахын тулд хамтын хөгжлийн болон  тусгайлсан эдийн засгийн тогтолцоог буй болгосон гэдгийг судлаач онцолсон. Өөрөөр хэлбэл эдийн засгийн ардчиллын тулах  хоёр багана бол дээрх хоёр тогтолцоо гэж ойлгож болох нь. Эдийн засгийн ардчилал хангагдсан эсэх нь тухайн улс оронд баялаг бүтээж байгаа ТОП компаниудын өмчлөлийн бүтцээс харагддаг байх нь. Монголын томоохон компани, корпорациуд нэг бол чинээлэг гэр бүлийн хүрээний, нэг бол эрх мэдэлтэй хүмүүсийнх байдгаас эдийн засагт ардчилал ямархан байгааг харж болох нь.

Мөн Хөгжлийн чуулганы үеэр эдийн засагчдын хөндсөн нэг асуудал бол төлөвлөлт юм. Дэлхийн эдийн засгаас хол хоцорсон өдгөөгийн нөхцөлд бид үнэн бодитой судалгаанд тулгуурласан төлөвлөлт хийж байж бусдынхаа араас жаахан дөхнө гэсэн нь бодууштай санаа байсныг онцолъё. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, экспортыг нэмэгдүүлье гээд байгаа хэдий ч манай бүтээгдэхүүн хоёр хөршийн зах зээлд эрэлттэй эсэх, эрэлт нь нэмэгдэх, буурахыг огт судалдаггүй нь хамгийн том согог юм. Судалгаа маркетингийг төр хийж байх ёстой байтал Монголын төр судалгаанд нэг ч төгрөг заралгүй өнөөдрийг хүрчээ. Харин төлөвлөлтийг социалист нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөгөөр төсөөлж болохгүй гэдгийг ч онцолж байлаа. Сингапур, Солонгосын хурдтай хөгжлийн нууц бодитой судалгаа, нарийвчилсан төлөвлөгөөнд тулгуурласан байдгийг сануулахад илүүдэх юүн.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна