Хүчний байгууллагын удирдлагууд спортоор өрсөлдлөө

2016 оны 3 сарын 14

 

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. Жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгууллагддаг уламжлал болсон энэ тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, ОБЕГ, Тахарын Ерөнхий газар зэрэг найман байгууллагын удирдах 200 орчим баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээн гар бөмбөг, биллъяард, буудлага гэсэн гурван төрлөөр гурван өдрийн туршид зохион байгуулагдлаа. Буудлагын төрөлд нэгдүгээр байранд ЦЕГ, хоёрдугаар байранд ЗХЖШ, гуравдугаар байранд БХЯ-ны баг тамирчид эзэллээ. Биллъяардын тэмцээнд нэгдүгээр байранд Тахарын Ерөнхий газрын баг тамирчид эзэлж, хоёрдугаар байранд ЦЕГ, гуравдугаар байранд ЗХЖШ-ын баг тамирчид эзэлсэн. Харин гар бөмбөгийн төрөлд нэгдүгээр байранд Зэвсэгт хүчний Хяналт шалгалт үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэн ахлагчтай ЗХЖШ-ын баг тамирчид тэргүүлж, хоёрдугаар байранд БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав ахлагчтай тамирчид удаалж, гуравдугаар байранд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ахлагчтай тамирчид эзэллээ. Гар бөмбөгийн тэмцээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ХХЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Гансүх, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр зэрэг удирдах бүрэлдэхүүнүүд оролцож тэмцээн өрсөлдөөн ихтэй байв. Ингээд бүх тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байранд ЗХЖШ, хоёрдугаар байранд ЦЕГ, гуравдугаар байранд БХЯ-ны баг тамирчид эзэлсэн юм. Тэмцээний хаалтын үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа "Бид өнөөдөр ялж, ялагдах нь чухал биш байлаа. Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулсан, нөхөрлөлийг маань бататгаж өгсөн чухал арга хэмжээ болж чадлаа" хэмээн онцолсон юм.