Н.Энхбаярыг илчилсэн нь

2016 оны 3 сарын 14

МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа гишүүд, ялангуяа намын “буянаар” албан тушаалт очсон хүмүүсээсээ мөнгө нэхэж, дарамталдаг талаар УИХ-ын дэд дарга Л.Цогт телевизэд өгсөн ярилцлагадаа ил тод илчлэв. Өмнө нь авлигын хэргээр баригдсан Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба ч намынхаа хандивт авсан мөнгийг авч яваад баригдсан тухайгаа битүү хатуу мэдэгдсэн. Тэгвэл МАХН-ын нарийн бичгийн дарга П.Цогтбаатар ч энэ хэрэгт холбоотойгоор АТГ-т шалгагдаж буй.

УИХ-ын дэд дарга Л.Цог “Н.Энхбаяр дарга намайг 1 сая доллар өг гэж хэлсэн” гэдгийг ETV-д нэвтрүүлгээр дамжуулан хэлсэн нь шуугиан тариад байна. Тээр “2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгч байсан. Дээр нь өнгөрсөн жил Сөүлээс над руу утасдаж 1 сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин "Би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй" гэхэд, за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан” гэдгийг хэлсэн байна. Тэрээр мөн авлига хээл хахуулийн булхай нь илрэхээр хэлмэгдэж байна гэдгээ зогсоох хэрэгтэйг сануулсан юм.

Н.Энхбаяр өмнө нь өөрт нь авлига өгөхийг оролдож байсан ч аваагүй гэж ярьж байсан бол үнэн хэрэгтэй намынхнаасаа мөнгө нэхэж дарамталдаг бололтой. Магадгүй энэ ярианаас үүдэн АТГ-тай асуудалтай буй МАХН-ын дарга дахиад дуудагдаж мэдэх нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна