Би хайртай гэдэг үгийг хэлэх дуртай

2016 оны 3 сарын 14

 

“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай тэгж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт" нэвтрүүлэг эхэлж байна”. 

 

Энэ бол “MGLRADIO.COM", MGL RADIO FM102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Манай сонины редакц энэхүү нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн М.Батчимэгийн “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

-Та өөрийгөө танилцуулаач. Биеийн өндөр, жин, нас, эзэмшсэн мэргэжил гээд?

 

-Намайг М.Батчимэг гэдэг. Би улс төр судлаач, Олон улсын харилцааны мэргэжилтэй. Аюулгүй байдал судлалаар мэргэшсэн. Сүүлийн үед төрийн байгуулалт, засаглалын асуудлыг нэлээд сонирхож, судалгаа хийж байгаа. Тэр утгаараа энэ сэдэв рүү нэлээд гүн орж, ажиллаж байна.

 

-Та ямар шашин шүтдэг вэ?

 

-Өдөр болгон зул өргөөд, залбираад байдаггүй ч бурхны шашнаа шүтдэг. Өвөө маань лам байсан. Гавжийн дамжаа барих гэж байсан юм билээ. Харамсалтай нь 1930-аад он хэлмэгдлийн үе байсан болохоор гавжийн дамжаа барьж чадаагүй гэдэг. Гэхдээ нутаг усандаа нэр хүндтэй лам байлаа. Тэгээд ч уламжлалт шашнаа шүтэх нэг том шалтгаан нь бурхны шашин миний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшилтэй ойрхон байдаг юм.

 

-Гэр бүлээ танилцуулаач?

 

-Би дөрвөн хүүхэдтэй айлын ууган охин. Эцэг, эх маань Өвөрхангай аймгийн харьяат. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сумдад аав, ээж маань төрж,өссөн. Хуучнаар бол Сайн ноён хан аймгийн Сайн ноён хошууны хүмүүс. Халхын ноёдын тахиж, шүтэж ирсэн Хан хөгшин хайрхан гэж бий. Өвөрхангайнхан, тэр дундаа Хайрхандулаан, Уянга сумынхан тахиж, шүтдэг. Аавын маань эцэг энэ хайрхныг хамгаалж явсан байгаль хамгаалагч байсан. Харин би нөхөртэйгээ дунд сургуульд байхаасаа л үерхэж яваад гэр бүл болсон. Бид хоёр гурван хүүхэдтэй.

 

-Хүнд болгонд хэлэх дуртай үг гэж байдаг. Таны хувьд?

 

-Аав, ээж минь бага байхаас л “Санаа сайн бол заяа сайн”, “Олонд тустай яв” гэж байнга хэлж, сургадаг байсан. Тийм болохоор “Санаа сайн бол заяа сайн” гэж хэлэх дуртай.

 

-Таны сонирхол болон хобби юу вэ?

 

-Янз бүрийн зүйл сонирхдог. Гэхдээ явж явж амралт болдог, судалгааны ажилд ч хэрэг болдог болохоор ном унших дуртай. Манай зочны өрөөнд нэг, унтлагын өрөөнд хоёр ном байх жишээтэй. Ер нь энд тэнд л ном байж байдаг. Зэрэг зэрэг эхэлчхээд, амарсан, ажил багатай эсвэл сэтгэл тавгүй үедээ уншдаг. Ерөнхийдөө л ном унших дуртай даа.

 

-Бүр багадаа эзэмшихийг мөрөөдөж байсан мэргэжил тань юу вэ?

 

-Манай ээж багш. Тийм болохоор багадаа багш болъё гэж боддог байлаа. Гэвч судалгааны ажил руу ороод жаахан хазайсан. Гэхдээ одоо ч гэсэн багын мөрөөдөл минь биелэх боломжгүй болчихоогүй гэж боддог. Цаашид боломж гарах юм бол багш болно гэж бодож байгаа.

 

-Одоогийн эзэмшсэн мэргэжлийн сонгоход гэр бүлийн нөлөөлөл хэр байсан бэ?

 

-Тодорхой хэмжээнд нөлөөлөл байсан гэж хэлнэ. Ээж маань нийгмийн ухааны багш. Тиймдээ ч энэ чиглэлийн ном, сурах бичиг манайд их байдаг байсан. Одоо бодоод байх нь ээ миний сонирхол ээжийнхээ ажил мэргэжил рүү хөтлөгдсөн болов уу. Түүнээс биш ээж, аав хоёр надад шууд нөлөөлж, ийм мэргэжилтэй бол гэж хэлж байгаагүй.

 

-Та яагаад хятад хэлийг сонирхож, судалсан юм бэ?

 

-Би гадаад хэл сурах сонирхолтой хүүхэд байсан. Математикийн сонгонд суралцдаг. Физик, математикийн олимпиадад нэлээд дээгүүр уралдчихдаг байсан. Манай нөхөр ч сайн сурлагатай, бид хоёр олимпиадад өрсөлдөөд, нэг, хоёрдугаар байрт ордог байлаа. Тэгсэн мөртлөө би хэлэнд дуртай. Монгол хэлний хичээлд сайн. Бага ангид байхдаа шүлэг найраг ч оролдож байсан. Яруу найрагч Б.Ичинхорлоотой нэг үеийнх.

 

Манай нөхөртэй нэг ангид сурдаг байсан. Би Б.Ичинхорлоогоор бахархаж, шүлэг бичих гэж оролддог байлаа. Мөн гадаад хэл сурах их дуртай. Багаасаа л англи хэлийг бие дааж, сурч эхэлсэн. Биднийг бага байхад одоогийнх шиг англи хэлний сурах бичиг, материал байгаагүй.

 

7, 8 дугаар ангид байхдаа л ээжээрээ оросын “Бонк” гэдэг англи хэлний сурах бичгийн ном олуулж, шамдаж сурч эхэлсэн. 

 

Тэгэх явцдаа түүхийн ном сонирхож, уншиж байсан. Тэгэх үедээ манай түүх өмнөд хөрштэй их хамааралтай явж ирсэн гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээд л Хятадын түүх болоод Хятад, Монголын харилцааг судалж эхэлсэн. Энэ явцдаа хятад хэлийг сурахгүй бол цаашаа явахгүй гэдгээ ойлгосон. Ингээд 1990 онд 10 дугаар ангиа төгсөөд, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн хятад хэлний ангид элсэж орж байлаа.

 

-Бухимдал гэж нэг зүйл байна. Хэрвээ та бухимдвал яаж тайлдаг вэ?

 

-Мэдээж хүний амьдрал л юм чинь сэтгэл тавгүй байх, бухимдах үе гарна шүү дээ. Миний хувьд бухимдвал анхаарлаа өөр зүйлд хандуулах. Найз нөхөдтэйгээ уулзах. Эсвэл гэрээ цэвэрлээд, хоол хийдэг. 

 

Мөн хийж байгаа ажлаасаа болоод бага зэрэг бухимдвал өөр чиглэлийн ном унших их гоё байдаг юм. Ялангуяа бэрхшээлтэй зүйлтэй тулгараад, бага зэрэг шантрах үед түүхийн ном уншихаар сэтгэх талбай томорч байгаа юм шиг санагддаг.

 

-Та ямар зан чанартай хүн бэ?

 

-Намайг хүмүүс илэн далангүй, шулуухан. Хамгийн гол нь өөрийнхөөрөө байдаг гэж хэлдэг. Би өөрөө ч өөрийгөө тэгж боддог. Хүн өөрөө өөртэйгөө зөрчилгүй байвал амьдрал амар байдаг юм.

 

-Таны хамгийн дуртай спорт?

 

-Мэдээж спортын уралдаан, тэмцээн үзэх гоё шүү дээ. Тэр дундаас буудлагын спортыг илүүтэй сонирхож, үздэг, хичээллэдэг. Одоо бол мэргэжлийн тамирчин шиг хичээллээд байх цаг зав хомс байна. Гэхдээ цаг зав гарах юм бол буудлагаараа хичээллээд, уралдаан тэмцээнд оролцох бодолтой байгаа.

 

Энэ миний мөрөөдлийн нэг хэсэг. Би өөрийнхөө хэмжээнд бууддаг. Хааяа зав гарахаараа буудлагын төвд очиж бууддаг. Багш нар ч “Танд авьяас байна, буудлагаар хичээллээч” гэж урам өгдөг. Ер нь буудлага нас харгалзахгүй спорт шүү дээ. Үнэхээр авьяас байгаад, хичээвэл 50, 60 нас хүрсэн ч гэсэн олимпийн наадамд оролцож болно.

 

-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?

 

-Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэж нэг айхтар үг байдаг шүү дээ. Тийм болохоор согтууруулах ундааг хэмжээг нь тааруулж хэрэглэхгүй бол нэлээд догшин идээ гэж боддог.

 

-Та хэзээ өөртөө хамгийн их таалагддаг вэ?

 

-Өөртөө урам зориг авах. Өөрөөсөө урамших, сэтгэл баясах үе мэдээж байлгүй яахав. Өнөөдрийг хүртэл би өөртөө урамшдаг, бусдын төл өө хэрэгтэй зүйл хийчихсэн болов уу гэж бодож явдаг хоёр, гурван юм бий. Би Тайваньд суралцаж байсан. Тэнд манай Төлөөлөгчийн газар байдаг. Би тэнд ажиллаж байлаа. Энэ газартай холбоотой Монголын түүхийн ээдрээтэй хуудсанд байдаг. 

 

Анх 1997 онд намайг Тайваньд очиж байхад Монголын паспортыг хүлээн зөвшөөрдөггүй. Хилээр нь ороход, эх газрын Хятад гэсэн хөх хуудастайгаар нэвтрүүлдэг байсан. Хятадаас тийм бичиг авч байж манайхан Тайвань явдаг байлаа. 2000 оноос өмнө шүү дээ. Улсад нь очиход газрын зураг дээр нь Монгол Улс байхгүй. Сурах бичиг дээр нь Монгол бол Хятадын нэг хэсэг гэж бичдэг байлаа. 

 

Монголчууд тухайн үед сургууль соёлын, хүмүүнлэгийн гээд янз бурийн шалтгаанаар тэнд очно. Очсон хүн бүр тэр бүхнийг яаж хүлээх авах вэ, ойлгомжтой биз дээ. Би 1997 онд Тайваньд очиж сураад, ирж очин байдаг байсан. 

 

Тэгэхдээ л энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодож, ажилласан. Сайн мэдээ гэвэл өнөөдөр энэ бүхэн өөрчлөгдсөн. 2001 онд энэ бүхэн өөрчлөгдсөн. Ганцхан Монгол-Түвдийн хороо гэдэг байгууллага л өнөөдрийг хүртэл Тайваньд байна. Бид хэчнээн шаардсан ч гэсэн татан буугдаагүй. Энэ болгоныг өөрчлөхөд нэлээд олон хүн оролцож, хүчин зүтгэсэн байдаг. Тэр дунд нэлээд идэвх санаачилгатай, тууштай явж байсан хүний нэг нь би.

 

Өнөөдөр эргээд харахад, энэ бүхэнд сэтгэл хангалуун байдаг. Өөртөө урамшдаг. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гээд Аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах бодлогыг тодорхойлж байгаа суурь баримт бичиг байна. Маш олон хууль энэ баримт бичигт үндэслэж гардаг.

 

Энэ баримт бичгийг боловсруулаад, ажлын хэсгийг нь ахлаад олон хүнтэй хамтарч ажиллаж байлаа. Түүнээс гадна өнгөрч байгаа дөрвөн жилд монгол хэлний хууль санаачилж, батлуулсандаа маш их баяртай байдаг.

 

Саяхан Ш.Гүрбазар гуай нэг нэвтрүүлгийн үеэр хэдэн өдөр намайг урмаар тэжээсэн сайхан үг хэлсэн. Юу гэхээр, “Танд Монгол хэлний судлаачид их баярлаж байгаа. Хамгийн гол нь та Монгол хэлний хууль гаргаж, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн багшийн сүнсийг баярлуулсан шүү” гэж хэлсэн.

 

Монголчууд бидний хамгийн их нандигнаж явах зүйл бол хэл, соёл хоёр. Энэ хоёр байгаа цагт монгол сэтгэхүй гэж байна, монголчууд монголоороо үлдэнэ. Гэх мэт зорьж явж байгаад бүтээчихсэн ажлуудаа бодоод баясах үе байна.

 

-Албан тушаалыг дагаад мөнгө хөрөнгө ирнэ гэж ярих юм. Үүнийг та юу гэж боддог вэ?

 

-Албан тушаал гэдэг төрийн алба, ажил. Хэрвээ үнэхээр их мөнгөтэй болъё гэж бодож байгаа хүн байвал бизнесээ хийх хэрэгтэй. Надад нэг ухаантай хүний хэлсэн үг огт сэтгэлээс гардаггүй юм.

 

“Төрийн албанд сэтгэлээсээ ажиллана гэдэг бол түмний төлөө буян хийж байгаа ламын үйлстэй адилхан” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, төрийн алба гэдэг бол түмний, улс орны төлөө хийдэг ажил байхгүй юу. Харамсалтай нь өнөө цагт төрийн алба янз янзаар ойлгогдож байна. Улс төрийн эсвэл мөнгө олох хэрэгсэл ч юм шиг. Үүнийг цаг зуурын зүйл байгаасай л гэж бодож байгаа.

 

Бид өнөөдөр яагаад засаглалаа засъя гэж яриад байгаа нь учиртай. Төрийн алба нь төрийнхөөрөө, улс төр нь улс төрөөрөө, бизнес нь бизнесээрээ явдаг байлгахыг хүсээд байгаа юм.

 

Энэ зааг ялгаа нь тодорхой болж байж Монголын улс төрийн тогтолцоо, бизнесийн дүрэм журам илүү ойлгомжтой, зөв явна. Нийгмийн шударга ёс тогтоно. Тэгэхгүй төрд очсон нэг нь тэр албаа мөнгө олох хэрэгсэл болгоод байвал хэцүү шүү дээ. Төр гэдэг тухайн улс үндэстэн оршин байхын баталгаа. Төр ямар байна, тухайн улс үндэстэн тийм л байна. Төрийг хэдхэн хүн өөртөө ашиглаад байвал хэцүү.

 

-Та хэр шүүмжлэлд өртдөг хүн бэ?

 

-Шүүмжлүүлдэггүй хүн гэж байхгүй байх, тийм үү. Ялангуяа ажил хийгээд, байр сууриа илэрхийлээд эхлэхээр. Тэр тусмаа хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг хүмүүс нэлээд шүүмжлүүлдэг.

 

-Шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

 

-Хэрвээ надад тэр шүүмжлэл үнэн, бодитой санагдвал хэчнээн гашуун байсан ч би хэлээ хазаад өнгөрнө. Бас нэгийг бодно шүү дээ. Харин бодит биш шүүмжлэл байвал эсэргүүцнэ.

 

-Хамгийн их аз жаргалтай байсан үеэсээ дурсаач гэвэл?

 

-Хүний амьдралд сайн сайхан зүйл олон тохиолдоно. Надад бол хүүхдүүд маань төрж байсан, аав, ээжийгээ баярлуулсан гээд хувийн амьдралтай холбоотой сайхан дурсамжууд сэтгэлд үлдсэн байна. Манайх гурван хүүхэдтэй. Би бүх ээжүүд, эмэгтэй хүмүүс адилхан байдаг байх гэж боддог.

 

Хүүхэд дөнгөж төрчихөөд, хүйг нь тасалсны дараа төрөх орон дээр аваад хэвтдэг. Би хоёр охин, нэг хүүтэй. Хэдий том болсон ч гэсэн одоо болтол дөнгөж төрсөн үеийнх нь дүр төрх сэтгэлд хадгалагдаж үлдсэн юм шиг санагддаг. Аавтайгаа адилхан юм уу, эсвэл надтай адил уу гэж хараад байж байх үе үнэхээр сайхан. Тэр үе одоогоороо сэтгэлд хадгалагдаж үлдсэн. Ер нь эмэгтэй хүнд эх хүн болох шиг сайхан үе гэж байхгүй байх.

 

-Та өөртөө зориулж сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

 

-Мэдээж эмэгтэй хүн өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайханд зориулж мөнгө зарцуулна. Дээрээс нь өөртөө таарсан, аятайхан хувцас авч өмсчих хэрэгцээ байлгүй яахав. Гэхдээ тогтмол нэг сард хэчнээн төгрөг зарцуулдаг вэ гэвэл яг цагаа тулахаар тийм ч өндөр биш.

 

-Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

 

-Нүүр, нүднээс нь эхэлж хардаг. Би хүний нүд юм хэлдэг л гэж боддог.

 

-Таны айдас юу вэ?

 

-Цаана нь юу байгааг төсөөлж мэдэхэд төвөгтэй зүйлээс л хүн айдаг байх. Түүнээс биш юу болоод байгааг нь мэдэж байгаа зүйлээс айхгүй болов уу. Тэрнийг сэтгэл зовинол, санаа зовох гэж хэлэх байх. Тийм болохоор би аваар осол, цаг бусын зүйл битгий тохиолдоосой гэж боддог.

 

-Та бусдыг өөртөө юугаараа татдаг гэж боддог вэ?

 

-Би ерөөсөө хүнийг ялгаж харьцдаггүй. Аав, ээжийн маань зан ч тэр. Хүмүүс ч “Та их энгийн хүн юм” гэж хэлдэг. Судлаачаар сургууль төгсөөд, ажил дээр гараад удаагүй байхад манай байгууллагын жолооч ах “Миний охин хүн болгонтой хүн шиг харьцдаг.

 

Тэрэнд чинь их баярладаг шүү” гэж хэлж байсан. Тийм болохоор би хүн болгон бие биетэйгээ сэтгэлээсээ хандаж байгаасай гэж боддог. Би ч гэсэн сэтгэлээсээ ханддаг. Тийм болохоор надад бас сэтгэлээсээ ханддаг болов уу л гэж бодож байна.

 

-Маш их сэтгэл хөдөлсөн үедээ та яадаг вэ?

 

-Баярласан бол түүнийгээ шууд илэрхийлдэг.

 

-Танд таагүй ханддаг хүмүүс хэр олон байдаг бол?

 

-Байдаг л байх. Гэхдээ надад таатай ханддаг хүмүүс илүү олон болов уу гэж боддог.

 

-Таны анхны цалин хэдэн төгрөг байсан бэ?

 

-16,500 төгрөг байсан юм билээ. 1995 онд Стратегийн судалгааны төвд ажиллаад, авсан цалин. Би хөдөлмөрийн дэвтрээ үзэхдээ хэдэн төгрөгийн цалин авч байснаа харсан байхгүй юу.

 

-Улс төр гэж яг юу юм бэ?

 

-Улс төр бол төрийн ажил. Тийм болохоор түмний төлөө хийх ажил л гэж ойлгодог. Тэнд түмний, улс орны төлөө шийдвэр гардаг талбар байх ёстой.

 

-Ижил хүйстэн хүмүүсийг хараад та юу гэж боддог вэ?

 

-Хэрвээ тэр хүн төрөлхийн тийм төрсөн бол байгаагаар нь хүлээж авах ёстой. Тэр хүнийг хүндлэх хэрэгтэй, гадуурхагдаж байвал ойлгох нь зөв. Ардчилсан нийгэмд хуулиар хамгаалах хамгаалалтыг нь бий болгох хэрэгтэй. Нөгөө талаар төрөлхийн биш олдмол ижил хүйстнүүд гарч ирж, тэдний тоо нэмэгдээд байгаа нь судлаачдын хийсэн судалгаанаас харагддаг.

 

Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн сургуулийг тусад нь байлгаж ирсэн орнуудад төрөлхийн биш ижил хүйстнүүд нэмэгдэж байсан жишээтэй. Эсвэл үүнийг байдаг л зүйл гэж дөвийлгөөд ирэхээр хүүхдүүд түүнд нь татагдаж орох тохиолдол ч байдаг юм байна гэж боддог. Тиймээс үүнийг дэвэргээд, дөвийлгөөд, зохиомлоор бий болгоод байхыг дэмжихгүй байх ёстой.

 

-Та хэдэн насандаа өөрийнхөө би гэдэг бие хүнээ мэдэрч эхэлсэн бэ?

 

-Би нас хэлж мэдэхгүй байна. Айлын том охин болохоор аав, ээж хоёр маань “Миний охин эрт тусад орсон. Багаасаа хэрсүү байсан” гэж хэлдэг юм. Тэгэхээр хэдэн настайгаасаа мэдэрсэн юм, бүү мэд. Ямар ч байсан үүргээ ухамсарлаад, аав, ээждээ тусалдаг хүүхэд байж л гэж боддог.

 

-Багадаа ямар тоглоомоор хамгийн их тоглодог байсан бэ?

 

-Бидний үеийн хүүхдүүд дээс, чарта, матик их тоглодог байсан. Тэр үеийн хүүхдүүдийн тоглодог тоглоомын нэг сайн тал нь хүнийг хүнтэй нь их ойрхон байлгадаг байж. Хүүхдүүд биедээ биедээ ойртож тоглодог, мэдэрдэг байсан. Харин одооны хүүхдүүд жаахан санаа зовоохоор байна. Би хүүхдээ хэлдэг, “Хөлбөмбөг тогло. Аль болох багийн спорт руу ор. Компьютерийн өмнө бага суу” гэж.

 

-Багадаа мөрөөдөж байсан мөрөөдөл чинь хэр зэрэг биелсэн бэ?

 

-Багадаа мөрөөдөж байсан зүйлс минь багагүй хэмжээнд биелсэн гэж боддог. Ялангуяа хувийн амьдралын хувьд. Би нөхөртэйгээ 13 настайгаасаа эхэлж үерхсэн. Тэр үедээ хайртай хөвгүүнтэйгээ гэр бүл болоод, үр хүүхэд төрүүлээд сайхан амьдрах юмсан гэж боддог л байлаа. Тэр мөрөөдөл минь биелж, бид хоёр сайхан амьдраад явж байна. Өдий олон жил ханилсны хувьд бие биеэ харцаараа ойлгодог болсон. Ажил төрлийн хувьд ч гэсэн сонирхсон чиглэлээрээ ажиллаад л явж байна.

 

-Таны амьдрал тохиолдож байсан хамгийн их ичсэн үе?

 

-Мэдээж санаа зовмоор зөндөө л зүйл болж байсан байх. Одоо бодоход айхтар ичээд байсан үе санаанд орохгүй байна. Гэхдээ манай дунд сургуулийн ангийн охидууд уулзахаараа ярьдаг нэг явдал байдаг юм. Юу гэхээр, бид хагас сайн өдөр анги цэвэрлээд байж байсан юм. Манай ангийн багш математик заадаг, эрэгтэй багш байлаа. Тэгээд анги цэвэрлэж байхдаа ангийнхаа багшийн талаар ярьж эхэлсэн.

 

“Манай багш маяглаад нүдний шил зүүгээд байдаг юм уу, эсвэл.үнэхээр хараа муутай юм уу” энэ тэр гээд л ярьж өгсөн. Охидууд болсон хойно ам халаад ярихгүй юу. Ярьж ярьж, байгаад нэг харсан чинь багш маань ард ирчихсэн, нуруугаа үүрчихсэн зогсч байдаг байгаа. Бүгд улсхийгээд, дуугаа хурааж, ширээн доогуураа орчих дөхөж байж билээ. 10 жил төгссөний 20 жилийн ойгоороо уулзаад, энэ бүхнээ яриад л инээлддэг юм. Одоо бол инээгээд л ярьж байна. Тэр үедээ их л ичиж байсан.

 

-Та цаг хэр барьдаг хүн бэ?

 

-Ер нь бол хичээнэ. Гэхдээ бусад хүмүүсээс шалтгаална. Анх шинэ гишүүн болчихоод, хурал эхлэх цагаа яс бариад, орж ирээд суудаг байлаа. Тэгээд 30, 40 минутын дараа хурал эхэлнэ. Ингээд байхаар өөрийнхөө ажлыг амжуулчихаад, хурал эхлэх үед нь очих жишээтэй. Дэмий хүлээж суухаар тэр нь дээр шүү дээ. Тэгэхдээ хүнтэй яг цаг товлочихсон бол аль болох цагтаа очихыг л бодно.

 

-Амжилт гэж таныхаар юу вэ?

 

-Амжилт гэдгийг хоёр талбар дээр ойлгох ёстой зүйл юм байна гэж боддог. Математикаар ярих юм бол нэг нь босоо тэнхлэг гэж ойлгож болох байх. Та өөрийнхөө хэмжээнд ямар амжилтад хүрэв ээ. Өөрөө өөрийгөө ялж чадав уу. Өөрийгөө хэр хүмүүжүүлж, зохион байгуулж чадаж байна вэ гэдгийг хамгийн том амжилт гэж боддог.

 

Нөгөөх нь хэвтээ тэнхлэг байж болох нь. Тэр нь, хүмүүсийн дунд та хаана нь явна вэ гэдэг асуудал. Та бусдад хэрэгтэй зүйл хийж чадаж байна уу. Байгаа орон зайг чинь бусад үнэлж чадаж байгаа юу гэдгийг мэдрэх ёстой. Энэ хоёр хоёулаа чухал. Гэхдээ дотоод ялалт, амжилт гэж байхгүй бол хүн гадна талдаа амжилттай явна гэж байдаггүй байх.

 

-Тэгвэл та хэр амжилттай яваа хүн бэ?

 

-Сая би амжилт гэдгийг өөрийнхөөрөө хэлсэн. Түүнтэйгээ харьцуулаад бодвол амжилтын шатаар нэг, хоёр алхсан болов уу гэж боддог. Гэхдээ цаашид бүр ихийг хийж, бүтээх, амжилтад хүрэх боломж бий гэж бодож явдаг даа.

 

-Та амласандаа хүрдэг үү?

 

-Амласан бол түүндээ заавал хүрэхийг боддог.

 

-Ганцхан үгээр өөрийгөө тодорхойлооч гэвэл...?

 

-Би бол ээж. Улс төрийн амьдрал амаргүй, хатуу ширүүн юм. Энэ дунд эмэгтэй хүн тэсч тэвчээд явахын утга учир нь юунд байдаг юм бэ. Заримдаа хүүхэд өвдөнө. Эцэг, эх, настай хүмүүс өвдөх ч үе гарна. Гэр бүлд ямар нэг асуудал гарахад өөрийгөө буруутгадаг. Би л цаг наргүй явж байгаад хүүхдээ эмчилж чадсангүй олон хонуулчихлаа гээд л.

 

Гэхдээ тэр бүхний дараа өөртөө олж авдаг тайвшрал маань би ингэж ажилласны хүчинд миний охины үед энэ нийгэм сайхан болчихсон байгаасай. Монголын төр илүү зөв ажилладаг болсон байгаасай. Боловсролын салбар сайжраасай, өөрт тохирсон цалингаа аваад, сайхан амьдардаг нийгэмтэй болоосой гэж хүсдэг. Тийм болохоор улстөрч эмэгтэйчүүдийн улс орон гэж бодохын цаад үзүүрт үр хүүхэд нь байдаг юм байна. Үр хүүхдээ бодохын чанадад нь улс орон нь байдаг юм байна гэж сэтгэдэг.

 

-Тангай уулзаж, учирч явсан хүмүүсээс хамгийн сайхныг нь нэрлээч гэвэл...?

 

-Олон сайхан хүмүүстэй уулзаж байсан даа. Тэр хүн хамгийн сайхан гэж нэгийг нэрлэхэд хэцүү юм. Сайхан хүмүүс зөндөө л байгаа шүү дээ.

 

-Та бусдын нууцыг хэр хадгалж чадах вэ?

 

-Асуудалгүй хадгалж чадна. Хүн надад итгэсэн л бол тэр тэндээ байж л байх ёстой.

 

-Хайртай, уучлаарай, салъя гэдэг гурван үгийн алийг нь хэлэхэд хамгийн хэцүү вэ?

 

-Хайртай хүмүүстээ хайртайгаа хэлж байх ёстой л гэж боддог. Заримдаа цаг зав багатай явж байгаад хайртайгаа хэлэлгүй өнгөрөөчихсөн, уддаг үе байдаг л байх. Гэхдээ энэ үгийг хэлэх сэдэл төрсөн үедээ ээждээ, ханьдаа, хүү, охиндоо хайртай шүү гэдгээ хэлдэг. Би хайртай гэдэг үгийг хэлэх дуртай. Уучлаарай гэдгийг хүнээс харамлаад байх үг биш гэж би боддог. Хүн хүнээ уучилж л амьдардаг хорвоо шүү дээ.

 

Зууж биш уучилж амьдардаг, тэгж байж зөөлөн туулдаг орчлон. Харин салъя гэдэг үгэнд би дуртай биш. Амьдралд юу ч тохиолдож болно. Өнөөдөр уурлаад, маргалдаад, хоёр тийшээ хараад сууж байгаа найзууд маргааш нэгэндээ хэрэгтэй болж болно. Тийм болохоор салъя гэж зарлаж тунхаглаад, хүнд хэлээд байх үг биш.

 

-Та хэнд хамгийн ихээр баярлалаа гэж хэлэхийг хүсч байна?

 

-Олон хүнд л баярлалаа гэж хэлмээр байна. Дэм дэмэндээ л явдаг амьдрал хойно. Тэр дундаа ханьдаа баярлалаа гэж хэлмээр байдаг. Дээрээс нь өөрийн аав, ээж, нөхрийн ээж, аав, үр хүүхэд, найз нөхөд, хамт олно гээд баярлахаар хүмүүс олон байна шүүдээ.

 

-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?

 

-Гэр бүл, үр хүүхэд, эх орон.

 

-Хамгийн чухал баяр гэвэл?

 

-Цагаан cap, наадам болохоор надад нэг зүйл бодогддог. Энэ хоёр том хөршийн дунд Монгол Монголоороо оршиж үлдэхэд энэ баярууд их утга учиртай юм гэж. Цагаан cap бол ураг төрлийн баяр шүү дээ. Өнгөрсөн жил цагаан сараар нөхөр бид хоёр эзгүй байсан. Харин энэ жил нэрийг нь бичиж байгаад, очиж золгох ёстой хүмүүстэйгээ золгосон. Нэлээд өргөн золголт хийсэн. Тиймдээ ч цагаан cap уламжлалаа мэдэх, ураг удмаа мэдэж авах чухал баяр. Наадам ч гэсэн сайхан баяр шүү дээ.

-Та ээж, аавдаа хэр ачлалтай хүн бэ?

 

-Мэдээж ачлалтай байхыг хичээдэг. Харин ачийг хариулж чадаж байна уу гэвэл бас өөр. Тийм болохоор аль болохоор ойрхон байж, хэр чадлаараа тусалж, асарч, өргөхийг л бодож явдаг.

 

-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?

 

-Их хэцүү асуулт байна. Хүн амьдрал дээр олон үүрэг гүйцэтгэдэг. Ээжийн, гэрийн эзэгтэйн үүрэг гэж байна. Улстөрч хүний хувьд олон түмний өмнө хүлээсэн үүрэг гэж байна. Судалгааны ажил хийх дуртай, түүнийг орхигдуулахгүйг хичээдэг. Тэгэхээр алин дээр нь илүү сайн ажиллаж байна вэ гэдгээ өөрөө үнэлэхэд хэцүү л юм байна.

 

-Та уурлахаараа ямар зан ааш гаргадаг вэ?

 

-Аль болохоор хүлээцтэй байх гэж хичээдэг. Гэхдээ шууд үгээ хэлчихмээр үе гарна. Тэр үед нь хэлэх үгээ хэлчихдэг.

 

-Таны хамгийн дургүй үг?

 

-Саарал гэдэг их таатай зүйл биш гэж надад бодогдоод байдаг болчихоод байгаа юм. Өөрийн гэсэн үзэл бодолгүй, өнцөггүй л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор хар бол хар, цагаан бол цагаан л байх хэрэгтэй.

 

-Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл?

 

-Би Хятад, Англи хэлийг ойролцоо төвшинд мэддэг болов уу гэж бодож байна. Орос хэлийг ойлгоно, харин ярианы чадвар суларсан. Хэрэглээ багасчихсан болохоор тэр л дээ.

 

-Та хамгийн сүүлд хэзээ сэтгэлээсээ инээсэн бэ?

 

-Зөндөө л инээх үе гарна шүү дээ. Гэхдээ сэтгэлээсээ гэхээр арай өөр л дөө. Инээд болгон янч бүр байдаг байх. Харин үнэхээр сэтгэл баясаад,инээх нь өөр болов уу. Саяхан миний төрсөн өдөр болж өнгөрсөн. Найзуудтайгаа уулзаад, нулимсаа гартал инээж суусан.

 

-Таны хамгийн ихээр суралцахыг хүсч байгаа зүйл чинь юу вэ?

 

-Сүүлийн үед нэг зүйлийг их боддог болоод байгаа. Завгүй гээд л шалтаг тоочоод, урсаад яваад байвал олон талын муу үр дагавартай юм байна гэж. Тийм болохоор аль болохоор цаг заваа зохицуулж, боломжоороо өөрийнхөө бодол санааг чиглүүлж явах хэрэгтэй байх. Бодлоо удирдана гэдэг хэцүү л дээ. Гэхдээ л аль болохоор өөдрөг зүйл бодож явах нь зөв хандлага гэж боддог. Тийм болохоор өөрийгөө жаахан хүмүүжүүлэхэд илүү суралцахыг хичээж байгаа.

 

-Таны хүүхэд нэгдүгээр ангид орлоо. Та хүүхдээ хувийн сургууль өгөх үү, улсынхад өгөх үү?

 

-Манай хүүхдүүд хувийн сургуульд суралцаж байна.

 

-Та өөрийнхөө юугаар хамгийн их бахархдаг вэ?

 

-Ажлын шаардлагаараа гадаад руу цөөнгүй явдаг. Өндөр хөгжилтэй оронд ч очно. Ядуу, хөгжөөгүй оронд ч очих хэрэг гарч л байна. Урт, богино хугацаагаар явах хэрэг гарна. Тэр болгонд би Монгол хүн болж төрснөөрөө л бахархдаг.

 

-Таны хамгийн харамсч явдаг зүйл юу вэ?

 

-Би Улаанбаатар хотдоо хамарсдаг. Эхнээс нь төлөвлөөд, зам харгуйгаа бариад, хөгжүүлсэн бол ямар сайхан байх бол гэж боддог. Агаарын бохирдол ямар хэмжээнд хүрчихээд байгаа билээ дээ.

 

-Эрэгтэй хүний ямар зан чанар таньд таалагддаг?

 

-Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй байгаагаараа, шулуун шударга зантай, хөдөлмөрч, найрсаг, нөхөрсөг хүмүүс надад таалагддаг.

 

-Гэр бүлээс гадуур харилцааг та юу гэж боддог вэ?

 

-Янз бүрийн л шаардлага байдаг байх. Хүн болгон янз бүрээр тайлбарлах байх. Гэхдээ ямар ч шалтгаантай байсан тийм ч таатай зүйл биш. Наана нь нэг, хоёр хүн баясч байж болох ч цаана олон хүн шаналж байдаг. Тийм болохоор зөв гэж боддоггүй.

 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ