Сэргээн босголтын банкнаас 40 төслийг санхүүжүүлнэ

2016 оны 3 сарын 14

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг ХБНГУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын хугацаанд ХБНГУ-ын банк санхүүгийн төв болох Хессэн муж улсын хамгийн том хот Франкфурт ам Майндад зочлон, Германы Сэргээн босголтын банкны удирдлагуудтай уулзлаа. 

Уулзалтын үеэр ХБНГУ-ын Засгийн газраас Сэргээн босголтын банкны санхүүжилтаар тус салбарт хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөвлөгөөний талаар хоёр тал санал солилцсон.

Тус төслийн хүрээнд Монгол орны Хангай, Төв, Зүүн бүсийн нийт 40 тусгай хамгаалалттай газар нутаг хамрагдаж байгаа ч зарим ТХГН-ууд орхигдоод байгаа тул уулзалтаар төслийн 2-р шатыг баруун болон говийн бүсэд эхлүүлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх саналаа сайд Н.Батцэрэг илэрхийллээ. Тус банкны Ази Номхон Далайн бүсийн асуудал хариуцсан захирал хатагтай Кристин Хаймбургэр төслийн нэгдүгээр үе амжилттай хэрэгжсэн тохиолдолд хоёрдугаар үеийг эхлүүлэх бүрэн боломжтойг дурьдаад энэ оны намар төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, үр дүнг тодорхойлохоор хоёр тал тохирлоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна