Алтны үнэ цаашид ч өснө

2016 оны 3 сарын 14

Эдийн засагт шууд утгаар эерэг нөлөө үзүүлдэг шар металлын үнэ сүүлийн үед огцом өсөлттэй байгаа эерэг мэдээ бий. Алтны үнийн өсөлт болон энэ оны төлөвийн талаар Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Т. Ганболдтой ярилцлаа.

-Алтны үнэ он гарсаар тасралтгүй өссөөр байна. Энэ өсөлт цаашид хэр удаан үргэлжлэх бол?

-Он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар  алтны үнэ 20 орчим хувиар өслөө. Унци алтны ханш 1050-1060 доллараас 1270 болтлоо өсөөд байна. Энэ жилийн хувьд энэ төлөв байдал алдагдахгүй, дахиад цаашид ч өснө гэж бодож байна.

-Дэлхийн нийтийн санхүү, бизнесийн  голлох  мэдээллийн хэрэгслүүдээр томоохон шинжээчид бүгд л алтны үнийг цаашид буурах хандлагатай  гэсэн таамаглалыг  өнгөрсөн хугацаанд дэвшүүлсээр ирсэн шүү дээ.  Харин тантай өмнө нь энэ талаар хэд хэдэн удаа ярилцаж байхад алтны үнэ буурахгүй, цаашид өссөөр байна  гэж байсан. Та ямар үнэдслэлээр ийм таамаг дэвшүүлж байв.  Үнэхээр ч таны таамаглал зөрсөнгүй?

-Алт гэдэг маань хэдийгээр уул уурхайн бүтээгдэхүүн боловч хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн өнөөдрийг хүртэл баялгийн болон эдийн засгийн харилцааны гол баталгаа, тухайн  улс гүрэн, ард түмний санхүүгийн чадавхийн гол илэрхийлэл, эрдэнэсийн сан гэсэн ойлголтоор өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж ирсэн цорын ганц  онцлогтой, байгалиас гардаг бүтээгдэхүүн. Энэ утгаараа дэлхийн бүх л улс гүрэнд өнөөдөр ямар ч мундаг техник технологи, ноу-хау гээд юу ч хөгжсөн бай алт гэдэг эртнээс онцлогтэй энэ  металл маань одоо ч  үнэ цэнэтэй хэвээрээ байна, цаашид ч байх болно. Үүнийг би мундаг, мэргэндээ хэлээд байгаа юм биш, өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  ихэнх тохиолдолд том бизнес улс төр, эдийн засгийн зорилгоор өөрсдийн тааламжтай, хэрэгтэй бодлогод нийцүүлж  дүн шинжилгээ хийх дуртай байдаг байх.  Миний хэлж байгаа таамаг бол өөртөө тааламжтай бус, бодит байдал дээр тулгуурласан дүн шинжилгээ юм. Товчхондоо нэг талаас энэ бол өнгөрсөн 2014-2015 онд дэлхийн томоохон эдийн засгууд, тухайлбал АНУ-ын эдийн засаг нэлээд идэвхижин, их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, төрийн бодлого явагдаж, эдийн засаг нь эрчимжсэний үр нөлөөгөөр алтны үнэ ханш бага багаар тогтвортой доошилсон. Гэвч энэ нь бодит эдийн засгийн эрэлт дээр тулгуурласан эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд биш харин “хүчээр”, “хиймлээр” явуулсан нөлөөллийн үр дүн саарч, буцаад алтны үнэ ханш өсөн, хөрөнгийн зах зээл нь эргэж гацаанд орсон нөхцөл байдлаас үүдсэн үнийн өсөлт явж байна. Нөгөө талаас олон улсын хөрвөдөг хэдэн мөнгөн тэмдэгтүүд нь дэлхий дээр үйлдвэрлэгдэн гарч байгаа алтны хэмжээнээс харьцааны хоорондын балансыг аль эрт давсан их хэмжээгээр хэвлэгдэж байгаа. Үүнийг энгийнээр хэлэхэд алтны ханш өсөөд байгаадаа биш, тухайн доллар эсвэл юань,  еврогийн ханш унаж байна гэж ойлгох ёстой. Хятадын зах зээл дээрх “тайвшрал”, дотоод улс төр нь бизнес эдийн засгийн хөдөлгөөнөө гацааж, удаашруулж байгаа үйл явц бас нөлөөлж байгаа. Мөн улс төрөөс үүдэлтэй тухайлбал, дэлхийн 4-5 удирдагч нарын хоорондын үл ойлголцол нь нийт эдийн засгийг сааруулж итгэлцэл эрсдлийн харьцааг алдагдуулснаар зогсонги болон “хүлээх”, “хадгалах” байдалд шилжүүлж улмаар алтны эрэлт өсч байна.

-Өнгөрсөн онд алтны салбарын төлөв байдал ямар байв. Дотоодын алт олборлогчид эдийн засагт хичнээн хэмжээний валютын нийлүүлэлтийг хийсэн бэ?

-2014 онд дотоодын алт үйлдвэрлэгчид 13,8 тонн алт буюу тухайн үеийн ханшаар 560 сая орчим долларын валютыг улс орондоо бий болгож өгсөн.  2015 оны хувьд  15 тонн гаруй алтыг дотоодын компаниуд нийлүүлсэн. Бодит мөнгөн дүнгээр 600 орчим сая төгрөгийг эдийн засагт нийлүүлж чадсан. Энэ бол алтны салбарт өмнөх үетэй харьцуулахад сайн үзүүлэлтүүд, нөгөө талаас эдийн засагт хүнд хэцүү байх үед маш том эерэг үзүүлэлтийг бий болгож чадсан.

-Тэгвэл энэ жилийн тухайд ямар хүлээлт байна вэ? Алтны салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөллийн тухай ярих уу?

-Энэ жил 15 тонноос доошгүй хэмжээний алт нийлүүлж чадна гэсэн төлөвлөгөөтэй байна. Алтны салбарт  хууль эрхзүйн орчны хувьд харьцангуй нааштай бодлогууд хэрэгжиж, эерэг зохицуулалтууд хийгдсэн. Энэ бол хувийн хэвшил болоод төр засгийн харилцан уялдаа холбоотой ажилласны үр дүн юм.

-Дотоодын алт олборлогчдод 2013 оноос эхлэн хөнгөлөлттэй зээл олгоно гэж яригдсан ч олгогдоогүй. Энэ асуудал 2014-2015 онуудад нааштайгаар шийдэгдэж байгаа гэж мэдээлж байсан. Одоогийн байдлаар ер нь хичнээн аж ахуйн нэгж хэдэн төгрөгийн зээл аваад байна вэ?

-2013 оноос эхэлж алтны салбарынханд бодлогын хөнгөлөлттэй зээл олгоно гэж яригдаж байсан. Харамсалтай нь тэр үеэс эхлээд ноос ноолуур, мах, шатахуун гээд бүхий л салбарт бодлогын зээл олгож байсан ч алтны салбарт “...ирэх долоо хоногт ... ирэх сард өгнө” гэсээр байгаад үндсэндээ гурван жилийн нүүр үзлээ. Өнөөдрийн байдлаар батлагдсан хөтөлбөрийн дагуу олон удаагийн хурлын протокол, тогтоол шийдвэрийн дагуу ямар ч мөнгө олгогдоогүй байна. Алтны  дотоодын компаниуд хэлж ярьж байсан тоо хэмжээгээ байнга биелүүлж байгаа. Бусад салбарыг үгүйсгэж байгаадаа  биш, алтны салбарт санхүүжилт хийх ач холбогдол нь нэгдүгээрт тоо хэмжээ нэмэгдэж орж ирэх боломж, урт хугацаандаа тогтвортой үйл ажиллагаа явж байх  баталгаа,  хоёрдугаарт   энэ мөнгө санхүүжилт хийгдэхэд хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт болох юм. Яагаад гэвэл бодлогын зээл нь энэ салбарт хийгдлээ гэхэд маргаашнаас нь эхлэн металл буюу валют хэлбэрээр өдөр бүр буцаан тушаалт  явагддаг. Ач холбогдол нь бид 15 тонныг тушааж байсан бол 20 тонн, магадгүй 25 тонныг тушаах боломж нэмэгдэх юм. Харамсалтай нь үүнийг ойлгож байгаа ч хэрэгжүүлэхгүй байх  янз бүрийн шалтгаан байх шиг байна. Ямар ч байсан  өнөөдрийг хүртэл санхүүжилт хийгдээгүй.  

-Эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх өөр ямар боломжууд байна?

-Хүн бүр бага ярьж, нэгнээ бага муулж, бодитой юм хийж бүтээх хэрэгтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна