Авлигын талаар асуусан сэтгүүлчийг баривчилжээ

2016 оны 3 сарын 14

 

Малайзын ерөнхий сайд Нажиб Разакаас авлигын хэргийн тухай асуулт асуусан Австралийн сэтгүүлч, зураглаачийг баривчлан хорьжээ. Австралийн сэтгүүлч Линтон Бессер, зураглаач Луй Эроглум нар бямба гаригт /III.12/ Малайзын ерөнхий сайд Нажиб Разакийг Кучинг хотын сүмд айлчлах үеэр түүнээс асуулт асуухаар оролдсон байв. Тэд “ABC” телевизийн “Дөрвөн өнцөг” нэвтрүүлгийг бэлтгэж явсан аж.

 

Австралийн гадаад хэргийн сайд Малайзын албаныхан хэвлэлийн эрх чөлөөнд халдсаныг шүүмжилсний дараа тэднийг сулласан байна. Гэхдээ тэднийг Малайз улсаас гарахыг хоригложээ. Харин Малайзын дотоод хэргийн сайд Ахмад Захид Хамиди Австралийн сэтгүүлчдийг сэтгүүлзүйн ёс зүйгүй аашилсан хэмээн буруутгажээ.

 

Малайзын ерөнхий сайд Нажиб Разак “1MDB” төрийн хөрөнгө оруулалтын компанитай холбоотой 700 орчим сая ам.долларын авлигын дуулианд холбогдсон юм. Хувийн дансанд нь байсан энэ их мөнгийг Нажиб Разак тайлбарлаж чадахгүй нэлээд удсан нь дуулиан газар авахад нөлөөлж байв. Улмаар Малайзын прокуророос түүнийг шалгаж эхэлсний дараа Саудын Арабын вангийн гэр бүлээс өгсөн бэлгийн мөнгө хэмээснээр хэргийг хаажээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна