Дүрвэгчдийг эсэргүүцэгч нам тодров

2016 оны 3 сарын 14

 

ХБНГУ-д ням гаригт болсон сонгуульд Канцлер Ангела Меркелийн дүрвэгсдэд ээлтэй бодлогыг эсэргүүцэгч, цагаачдын эсрэг нам хүч түрэн орж иржээ.

 

Өнгөрсөн онд л гэхэд 1.1 сая дүрвэгч хүлээж авсан Германы Баден-Вюртемберг, Райнланд-Пфальц болон Саксо́н-А́нхальт мужийн парламентын сонгууль тус улсын улс төрийн хамгийн том сорилт болсон юм.

 

Ангела Меркелийн дүрвэгсдэд ээлтэй бодлогыг эсэргүүцсэн “Альтернатив Герман” ням гаригийн сонгуулиар мужийн парламентад төлөөлөлтэй болж чаджээ.

 

Дээрх гурван мужийн сонгуулийн албан ёсны дүнгээр Альтернатив Герман нам Баден-Вюртемберг  мужид 15.1 хувь, Райнланд-Пфальц мужид 12.6 хувийн санал авсан байна. Саксо́н-А́нхальт мужийн ихэнх дүүргийн саналыг тоолоход Альтернатив Герман 24 хувийн санал авсан байжээ.

 

Альтернатив Герман намын дарга Фрауке Петри хэлэхдээ “Сонгогчид нэр хүндтэй, том намуудаас залхаж, манай намд саналаа өгч байна. Бид Германы болон зарим мужийн парламентад урьд хожид байгаагүй сөрөг хүчин болно” гэсэн байна.

 

Германы мужийн парламентын сонгуулийн  дүн Германы хоёр том нам болох Ангела Меркелийн консерватив Христийн ардчилсан холбоо нам болон засгийн газар хамтран байгуулсан төвийн болон зүүний үзэл баримтлалт Социал Демократ намынханд таагүй үр дагавар авчирч байгаа юм.

 

Германы Социал Демократ намын тэргүүн дэд Канцлер Зигмар Габриэл “Манай улсын демократ төв хүчирхэгжих биш улам хумигдаж байна. Бид бүгд үүнийг анхааралдаа авах ёстой” хэмээн хэлсэн байна.

 

Ангела Меркелийн нам 2011 он хүртэл тус намын цайз хэрэм мэт байсан Баден-Вюртемберг мужид ялалт байгуулж, Райнланд-Пфальц мужийн захирагч Малу Дрейрийг суудлыг эзлэхээр төлөвлөж байсан ч талаар болсон байна. Харин Христийн ардчилсан нам пост коммунист Саксон- Анхальт мужид хамгийн олон дэмжигчтэй хэвээр байгаа ажээ.

 

Ангела Меркелийн Христийн ардчилсан нам хоёр мужийн сонгуулийг бусад намуудаас хэдэн хувиар бага саналтай дуусгасан бол Баден-Вюртемберг мужид 27 хувийн санал авсан нь өмнөх сонгуулийн дүнгээс даруй 12 хувь буурсан буюу хамгийн бага үзүүлэлт юм. Мөн Райнланд-Пфальц мужид 31.8 хувийн санал авсан нь ч мөн тус намын түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт билээ.

 

Харин Социал Демократууд Баден-Вюртемберг болон Саксон- Анхальт мужийн хоёуланд нь ялагдал хүлээж, Альтернатив Герман намын дараа бичигдсэн байна.

 

Германы дээрх гурван мужийн сонгууль тус улсын улс төрийн хувьд 2017 оны бүх нийтийн сонгуулийн өмнөх том сорилт болсон байна.

 

Өнгөрсөн сард Ангела Меркелийн засгийн газрыг хөрш Австри шиг орж ирж буй дүрвэгсдийн тоонд квот тавихыг шаардсан ч тэрбээр хүлээж аваагүй билээ. Мөн Бавари мужийн Консервативчууд ч мөн Ангела Меркелийг жилд хүлээж авах дүрвэгсдийн тоонд хязгаар тавихыг шаардаж, олон сар дайрч давшилсан.

 

Сонгуульд тааруу үзүүлэлт үзүүлснийг Социал Демократ намын тэргүүн эрх баригч эвслийн эв түнжингүй байдлыг буруутгасан юм. Харин сонгуульд амжилттай оролцсон Альтернатив Герман нам энэ эрчээрээ ирэх жилийн парламентын бүх нийтийн сонгуульд оролцох итгэлтэй байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна