Б.Насанбаяр ажлаа өгч, шүүхэд хандахаар боллоо

2016 оны 3 сарын 14

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр  үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгснөө албан ёсоор мэдэгдлээ. Сүүлийн үед сошиал ертөнцөд цэнхэр үст Цэрэн гэж олонд танигдсан эмэгтэй болон бусад хүмүүс Б.Насанбаярыг БНСУ-ын Мүүн гэгч иргэнээс үүсэлтэй шашны гаж урсгалтай холбон тайлбарлаж, Мүүний эзэмшилд байдаг хэд хэдэн ТББ-уудын Удирдах зөвлөлд байдаг тухай тусгай нэвтрүүлэг бэлдэж тарааж эхэлсэн. Гэхдээ Б.Насанбаяр дээрх мэдээллийг үгүйсгэж, ор үндэслэлгүй ташаа мэдээлэл тарааж, хэлмэгдүүлж байна гэж үзэж байна. Улмаар Б.Насанбаяр  Э.Цэрэндолгорыг шалгуулж, өөрийгөө буруугүйг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандах болсноо мэдэгдлээ. Мөн фэйсбүүк, твиттер хуудсаар цацагдсан үлгэр, ном, зохиол бол өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд ашиглаж буй албан ёсны сурах бичиг биш гэдгийг Б.Насанбаяр болон салбар яамнаас нь тайлбарлалаа. Эцэстээ сүүлийн өдрүүдэд яригдах болсон бүх асуудал сонгууль угтаж иргэдийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэсэн зохион байгуулалттай явуулга гэж Б.Насанбаяр ярьсан юм.

Тагнуулын ерөнхий газарт хандаж өөртэй нь холбогдсон асуудлыг шалгуулж, үнэнийг  тогтоолгоно гэж Б.Насанбаяр мэдэгдлээ. Мөн боловсролын салбарт “Мүүн”-ийн бодлого оруулсан нэг ч үйлдэл байхгүй. Энэ салбарт 40 гаруй мянган багш, албан хаагч хүүхэд бүрийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ганцхан Б.Насанбаяр гэгч нэг салбарын бодлогыг ганцаараа шийдээд явах боломжгүй гэдгээ учирласан юм.

Тэрбээр "Өнгөрсөн гурван жилийн үйл явдлыг харахад хэлмэгдүүлэлт яаж болдог, яаж олон нийтэд буруу ойлголт төрүүлээд, тэр зүйл дээр яаж тоглолт хийж болдог вэ гэдгийг өөрийнхөө бие, сэтгэл, гэр бүлийн амьдрал, ажлаараа ойлголоо” гэсэн юм. Мөн С1 телевиз “Мүүн”-тэй холбоотой нэвтрүүлгийг гаргахгүй болгох шийдвэр гаргасан нь нэвтрүүлгийг хийсэн хүмүүсийн зохион байгуулалттай хэрэг байх. Гэхдээ би энэ нэвтрүүлгийг гараасай гэж бодож байна гэдгээ тэрбээр илэрхийллээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна