"Мүүнчин" ба Монголын харанга

2016 оны 3 сарын 14

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МҮҮН гэгчийн тухай яриа твиттер фээсбүүкээр  залхтал хөврөв. Энэ хэрүүл эцэстээ МҮҮН гэхээсээ Монголын намууд болон иргэдийн дунд тэмцэл, зодоон болох шинжтэй. Гэхдээ энд хэн нэгний МҮҮН хийгээд МҮҮН бишийн тухай ярих гэсэнгүй. Учир нь уг асуудлыг өнгөрсөн хоёр хоногт тултал хийгээд залхтал нь ярьцгаасан болохоор энд дахин хөндөх нь илүүц юм. Тэгээд ч энэ асуудлыг өндөр автал нь, нийгмийг хагаралдуулах хэмжээнд хүргэсэн нь Б.Насанбаярын буруу ч бий.  Анхнаасаа  л амьдралынхаа зөв замаар алхахгүй бол хэзээ нэгэн цагт хийсэн хэрэг нь илэрдгийг харуулсан энэ явдал  хүүхэд, залууст сургамж болон үлдсэн байгаасай гэж найдъя. Нөгөө талаар МҮҮН-чид хоорондоо мөнгөө булаацалдахдаа Монголын нийгмийг ашигласан бол яах вэ? Ийм нэгэн хардлага ч эндээс төрөх үндэслэлтэй.

Гэхдээ ямар ч байсан  нийгмийн сүлжээгээр шагайхаас ч дургүй хүрмээр иймэрхүү хэрүүл, хийрхэл, талцал, хуваагдал  үе, үе  өрнөдөг болоод удаж байгаа.  Гол нь гол  асуудлаа ярихаасаа илүүтэйгээр монголчууд бид  улстөржиж хийрхдэгт л том аюул нуугдаж буй хэрэг.

Твиттер, фээсбүүк дэх их хэрүүл нэг л өдөр гадагшаа сад тавивал Монголд ер нь  юу болох бол. Энэ бол бидний айж, болгоомжлох  асуудал болон хувирсныг олон, олон жишээн дээрээс харж болно.

Төмөр зам тойрсон “зодоон”, Оюутолгойн  маргаан,  Тавантолгойн тэмцэл, эрлийз, хурлийзын тухай “эмгэнэл”,  МҮҮН-ий хэрүүл, эх оронч ба эх оронч бусын хуваагдал. Сүүлийн үед болсон үйл явдлуудыг харахад хэрүүлгүй сэдэв, талцалгүй шийдвэр гэж байхаа болж.

Харамсалтай нь, тэр хэрээр  монголчуудын эвдрэлцэх нь ихэсч, нийгмийн дархлаа сульдсаар байгааг  л  сануулах нь зөв биз.  Чухамдаа   тэр МҮҮН гэгчээс илүү бидний харах өнцөг энэ. Монголчууд бид эвдрэлцэх тусмаа хэнд ашигтай вэ.  Монголын нийгэмд  эмзэг  хийгээд тогтворгүй байдлыг үүсгэх нь  МҮҮН-ийн аюулаас ч илүү анзаарах ёстой аюултай сэдэв болсныг хэлэхгүй өнгөрч боломгүй.   Энэ бол монгол хүн бүрийн  бодох чухал асуудал.  Тэгээд ч “Эвт шаазгай буга барина” гэж  зүгээр нэг санаандгүй хэлчихсэн зүйр үг биш болов уу.

Хямрал дээр хямрал

Гал дээр тос нэмбэл түймэр болно. Тэгвэл хямрал дээр хямрал үүсгэвэл юу болох вэ? Монголын эдийн засаг тун эмзэг байгааг хэн хүнгүй мэднэ.  Хэдийгээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд гарын үсэг зурсан ч Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт бууралттай хэвээр, цаашдаа ч эдийн засгийн хямрал тогтворжино гэсэн найдлага тун бага байгаа нөхцөлд эдийн засгийн хямрал дээр нийгмийн хямрал үүсгэвэл Монголын дархлаа алдагдана.

Дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн уналтаас үүдэлтэйгээр жинхэнэ хямрал одооноос эхэлж байгааг ч эдийн засагчид хүртэл сануулах болсон билээ. Долларын ханш өнөөдрийн байдлаар 2052 төгрөгт  хүрч, эдийн засагт дифляци үүсч болзошгүй болтлоо инфляци хамгийн нам төвшинд хүрчихээд байгааг статистикийн мэдээнээс харж болно.  Ойрын үед дэлхийн зах зээл дээр үнэ өсөх болов уу гэж найдах ч хэрэггүйг олон улсын шинжээчид зөвлөх болсон.  Иймээс энэ  бүхнийг, эдийн засгийн хямралыг давах гол хүч нь монголчууд бидний эв нэгдэл. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй явсан, эвдрэлцэж явахдаа идэш болж байсныг түүх хүртэл гэрчилдэг.  Хэрэвзээ монголчууд энэ янзаараа шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хоорондоо хэрэлдэж тэмцэлдээд байвал харин ч бусдын идэш болоход амархан болно. Үүний тод жишээ бол Украин болон Сирийн гашуун тавилан.

Өөрөөр хэлбэл, жижигхэн асуудлыг томруулж,,  эдийн засгийн шийдвэрийг улстөржүүлдэг бидний сул тал бусдын өгөөш болоход амархан тийм эмзэг хөрсийг нийгэмд бий болгосоор байгааг анхаарах цаг болсон бус уу.    “Өгөр” МҮҮН-ээс илүү үнэндээ Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудал нь монголчууд бидний хоорондын эвдрэлцэл тэмцэл, энэ тамын хэрүүл.

Монголчууд  тамын тогоондоо амьдарч, чөтгөрийн хэрүүлээ хийж суух нь  бидний өрсөлдөгчдөд, их гүрнүүдэд ашигтай байхыг үгүйсгэх аргагүй.  Иймээс  л  Монголын үндэсний аюулгүй байдалд харанга дэлдэж байгаа энэ их хэрүүл тэмцлээ одоо боливол яасан юм бэ? Украин, Сирийн дотоодын тэмцэл улсаа яаж хувааж, дампууруулж байгааг ядаж хар л даа. Эв түнжингүй, эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн улстөрчдийнхөө золиосыг тэдгээр улсын ард түмэн хайртай хүмүүсийнхээ хагацал тэмцэл, цус, нулимсаар мэдэрч байна шүү дээ? Холын улсуудын зовлонг байг гэх нь ээ 2008 оны долоон сарын 1-ний хэрэг одоо ч хуучраагүй байна.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна