Цэрэг бүр хувийн хэрэгтэй болжээ

2016 оны 3 сарын 14

Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав Увс аймаг дахь Хилийн 0245, 0311, Завхан аймаг дахь хилийн 0277 дугаар ангиудад ажиллаж, Улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаа, байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгчээ. Увс, Завхан аймгийн  отряд заставууд  хилийн цагийн байдлын байнгын өрнөлттэй, байгаль, цаг уурын нөхцөл байдлын хувьд хүндрэлтэй хэсэгт хамаарагддаг. Эдгээр аймгуудад цас их орж зудтай болсон ч хилчид хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байна.  Хууль зүйн сайдаас “цэрэг судлал, хүнтэй ажиллах арга барил дээр ахиц гарга” гэсэн үүргийг өнгөрсөн оны 12 дугаар сард Хил хамгаалах байгууллагын удирдлагуудад өгсөн. Өгсөн үүрэг, даалгаврын дагуу хил дээр алба хааж буй хугацаат цэргийн албан хаагчид руу чиглэсэн ажлыг эрчимжүүлэх талаар анги салбарын удирдлагууд идэвхийлэн ажиллаж, олон талт арга хэмжээ авч байна.

Хугацаат цэргийн албан хаагчидтай зөвхөн офицер ахлагч нар ажиллах биш эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн зөвлөлийн оролцоог нэмэгдүүлж ажиллаж байгаа юм байна. Ингэж эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлж, тэдэнд ээж, эх хүн гэдэг сэтгэгдлийг төрүүлж ажилласнаар хугацаат цэргийн албан хаагчдын сэтгэл зүй болон бусад албаны асуудалд дэвшил гарч байгааг ангийн дарга нар онцолж байлаа. Мөн Хил хамгаалах байгууллагаас хугацаат цэргийн алба хаагч нэг бүрт эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл санаа, сурлага сахилгын байдлыг хянах хувийн хэрэг нээсэн байна. Дээрх ангиудын хувийн хэргийн хөтлөлт, түүний явц, үр дүнтэй танилцахад тодорхой уулзалт, судалгаа, эмчийн үзлэгээр тухайн цэргийг хянаж, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл санаа, сурлага сахилгын байдал нь анх ямар байсан, одоо ямар түвшинд байгааг мөн өөрчлөлтүүдийг тусган, үр дүнг тооцож, тодорхой арга хэмжээ авч эхэлжээ. Цаашид  энэхүү хувийн хэргийг байнга хөтөлж хугацаат цэргийн албан хаагчийг халагдахад нь дахин эрүүл мэндийн үзлэгт хамруулж дүгнэлт тодорхойлолтыг цэргийн үүрэгтийн үнэмлэхийн хамт тухайн аймаг сумын цэргийн штабын даргад нь өгч явуулдаг дүрэм журмыг мөрдөж ажиллахаар болсон аж.. Мөн ХХЕГ-ын даргын зөвлөл 0311-р ангид өргөтсөн хэлбэрээр хуралдсан байна. Уг хурлаар орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлсэн спорт заал, соёлын төв, автомашины гарааш, евро стандартыг нэвтрүүлсэн уурын зуухыг барьж, ирэх есдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр болжээ. Ингэснээр ангийн бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчид чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, бие бялдраа хөгжүүлэхээс эхлээд олон давуу тал бий болно.

Мөн 0311-р ангийн бүх заставын холбооны станцыг шинэчлэн суурилуулахаар шийдвэрлэлээ гэж  ХХЕГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна