Улаан бурхнаар 10 хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

Улаан бурхнаар 10 хүүхэд амиа алджээ

Эрүүл мэндийн салбар харьяалах эзэнгүй, мэргэжлийн сайдгүй олон жил явснаас хүн амын дундах, ялангуяа хүүхдийн өвчлөл нэмэгдсэн хэмээн Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос мэдээллээ. Тухайлбал, улаан бурхан өвчний тархалт 2015 оноос гэнэт сэргэж 19 мянга гаруй хүн, 2016 оны эхний хоёр сард 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 гаруй хүүхэд улаан бурхан өвчний улмаас амиа алдсан тохиолдол гарсныг тэд дурдаж байна.

Тэдний зүгээс Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан улаан бурхан өвчний эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн шүүмжлэв. Улаан бурхан өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, вакцинжуулалтыг хангалттай хийх байтал урьдчилсан мэдээлэл өгөөгүй, өнөө маргаашаа аргацаасан шинжтэй байгаагаас болж 10 нярайгийн амь эрсэдсэн гэлээ.

Тэгвэл бид улаан бурхан өвчний эсрэг вакцинжуулалтыг хэрхэн явуулж байгаа талаар ХӨСҮТ-өөс тодруулсан юм. Улсын хэмжээнд 70 мянган тун вакцин байна. Үүнээс 40 гаруй мянгыг нь орон нутагт буюу аймгуудад тараажээ. Халдварын голомт Улаанбаатар хотод хамгийн их. Мөн хүн ихээр зорчдог зам дагуух Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудад өвчлөл их гарч байгаа аж.

Ямартай ч эрүүл мэндийн салбар сайдгүй, ороо бусгаа энэ үед хүүхдийн эрүүл мэндийн асуудал доройтсоор байгааг Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос санууллаа. Тэдний мэдээлж буйгаар халдвартын эмнэлэг 530 ортой ч 600 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг ачааллаа дийлэхгүй болж, нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэж, хүчилтөрөгчийн аппаратаа хуваан хэрэглэсэн дүр зураг бийг албаныханд дахин сануулж байна. Улмаар ийм нөхцөл байдлыг удаан үргэлжлүүлэхгүйн тулд Эрүүл мэндийн сайдыг мэргэшсэн хүнээр хурдан томилохыг шаардаж байгаа юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж