Хятадын нүүрсний уурхайнхан ажил хаяжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

Хятадын нүүрсний уурхайнхан ажил хаяжээ

 

Хятадын хойд нутгийн нүүрсний уурхайн олон мянган ажилчин хэдэн сарын цалингаа аваагүйн улмаас ажил хаяжээ. Уурхайчид Хятадын Хар мөрөн мужийн Шуанъяшань хотноо олон мянган уурхайчид жагсаал хийж “Longmay Mining Holding” группээс хоёр сарын цалингаа нэхэн жагсаал хийжээ. Жагсаалын улмаас хотын төвийн автозамын хөдөлгөөн саатаж, мөргөлдөөн гарснаас хэдэн хүн гэмтэж бэртсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.

 

Уурхайчид олон сар цалингаа аваагүйгээс ар гэрийнхэн нь хоолгүй хонох болсныг учирлаж байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн жил тус компанийн эзэмшлийн нүүрсний уурхайд гал гарснаас 21 хүн амь үрэгдсэн аж.

 

Түүнчлэн Хятадын засгийн газраас төрийн өмчит нүүрсний уурхайд бүтцийн өөрчлөлт хийх болсон нь олон хүнийг ажлаас халахад хүргэж магадгүй хэмээн  уурхайчид эмээж байгаа аж. Хятадын засгийн газраас явуулж буй шинэчлэлтийн бодлогын улмаас ган болон нүүрс үйлдвэрлэлийн салбарын 1.8 сая орчим ажилтан цомхотголд орох болоод байгаа аж. 

 

Дэлхий дахинд нүүрсний хэрэглээ багасаж буйн зэрэгцээ Хятадын хэт их нийлүүлэлт нь үнэ унахад нөлөөлсөн юм. Нүүрсний үнэ 2012 оноос хойш 50 гаруй хувиар буурчээ. Хятадад нүүрсний хэрэглээ өнгөрсөн жил 3.7 хувиар буурсан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж